Ан авын тухай ойлголт эрт дээр үед хүн төрөлхтөн буй болж эхэлсэн цагаас үүссэн ойлголт нь мэдээж билээ.
Эртний палеолитийн үе: Эртний хүмүүс гар дор тааралдсан мод, чулуугаар зэвсэглэн олноороо бүлэглэн томоохон амьтдыг бүлэглэн томоохон амьтдыг агнаж эхэлсэн байна. Энэ үед ангаа гуу, жалга, өндөр эрэг рүү түлхэн унаган намнадаг байжээ.
Дунд палеолитийн үе: Энэ үед хүн төрөлхтөн гал олсон нь томоохон нээлт байлаа. Энэ үеийн ангийн багаж боловсронгуй болж жад, сүх, хутга хийж ирний хэсгийг нь хатуу хурц чулуугаар урлах болжээ.
Сүүлийн палеолитийн үе: Энэ үед ан авын голлох амьтан нь зэрлэг үхэр, зэрлэг адуу, заан, буга, цаа гөрөөс, баавгай, чоно, үнэг, туулай, шувуу байжээ.
Мезолитийн үе: Энэ үед анх нум сумыг ашиглах болжээ. Мөн энэ үед нохойг гаршуулж эхэлсэн ба бүлгээрээ ан хийхээ больж улмаар арга барилаа өөрчилж цөөнөөрөө эсвэл ганцаараа ан хийх болсон байна. Ийм анчид нум сум, жад, хутгаар зэвсэглэн нохойгоо дагуулан хэд гурваараа нийлэн өөрсдийн хэмжээнд тохирох ангаа хөөдөг байжээ.
Неолитын үе: Энэ үед шувууны, болон загасны махыг хоол хүнсэндээ байнга хэрэглэх болсон нь зарим төрлийн шувууг гаршуулан тэжээх эхлэл болсон. Өөрөөр хэлбэл ан хийх арга барил нь улам нарийсч бургас модны олслог холтос, олслог ургамлуудаар тор шүлжин жижиг ан барьдаг болсон байна. Ан ав нь энэ үеийн хүмүүсийн аж амьдрал, хөдөлмөрийн гол талбар байжээ. Хоол хүнс, хувцас, гэр орон болон аж ахуйгаа хөтлөн явуулах үйл ажиллагаанд шаардагдах бүхий л түүхий эд, багаж зэвсгийг үйлдвэрлэх чухал хүчин зүйл болохын хамт өөсдийн хэрэгцээтэй зүйлсийг олж авах бусад зүйлсээ өөрт илүү байгаа зүйлсээрээ солилцох зэргээр хүн, омог хоорондын анхны бараа солилцоо хэлбэрийн наймаа бий болох эх үүсвэрийг тавьжээ.