Од харвав, од унаж байна гэж бид ярьдаг боловч од нь манай нартай адилхан орчлонт ертөнцийн гэрэлтэх эрхэс бөгөөд од нь дэлхий дээр хэрхэвч унахгүй гэдгийг хүмүүс сайн мэднэ. Шөнийн тэнгэрийн цуу татах мэт зурваслан унах гэрэл бол дэлхийн хийн мандалд нэвтрэн орж ирсэн солирын мөр юм. Солир гэгддэг жижиг биетүүд орчлон ертөнцөд үй олноороо оршдог ажээ. Эдгээр нь нарны системийн дотор янз бүрийн чиглэлээр хөлхөж, зугаацаж явдаг. Солир нь манай гаригийн хийн мандалд секундэд хэдэн арван км-ийн хурдтайгаар асар хүчтэй цөмрөн орж ирэх нь цөөн бус. Тэд агаарын үрэлтээс болж шатан гэрэлтэж эхэлнэ. Тэгээд хий, тоос болон хувирч юу ч үгүй болж төгсдөг байна. Барагцаалбал 80 км-ийн өндөрт сүйрч дуусдаг гэдэг. Тэгвэл одон бороо гэж юу юм болоо? Эртнээс нааш үечлэн давтагдах, элбэг арвин одон бороо нь арслангийн орд орших тэр л хэсэгт ажиглагддаг байна. Хамгийн сүүлд 1966 оны 11-р сард орсон гэсэн мэдээ байдаг юм байна. Учир нь дэлхийн орон зайд тусгаар солируудын хэсгээс гадна бүхэл бүтэн бүлэг солирын биетүүд байдагтай холбоотой ажээ. Бүлэг солир нь гарагтай адил нарыг тойрон эргэнэ. Үе үе газар гарагийн тойрог замтай огтлолцон дэлхийн мандалд орж ирнэ. Ийм явдал шөнө болох үед л хүмүүст үзэгдэж одон бороог харах боломжийг олгодог юм. Одон бороо орсон хэд хэдэн тохиодол байдаг ажээ. 1957 оны 11 сард Карибийн тэнгисийн орчим одон бороо орсон байна.