Пийсүү

Пийсүү нь Азийнхан, түүний дотор Монголчуудын ихэд үнэлдэг гоёл чимэглэлийн чулууны нэг юм. Уг чулуу  нь голдуу хэт суурилаг болон тунамал чулуулгийн гаралтай байна. Түүний үндсэн ордоос гадна шороон орд бас байдаг. Пийсүү нь YI - YII зэргийн хатуулагтай зарим үед сувд шиг гялгатай, нягтрал сайтай байдаг. Тэрээр цагаан, цагаан саарал, ногоон, ногоон саарал өнгөтэй байх ба түүний ил буй өнгөн хэсэг нь өгөршиж шар, улбар, хүрэн, улаан, ягаан, ягаан хөх, бор зэрэг өнгөтэй болдог. Нэг крат ногоон пийсүүний үнэ 1000 долларт хүрнэ. Пийсүүгээр гоёл чимэглэлийн зүйл түүний дотор ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, хөөрөг, соруул зэрэг бэлэг дурсгалын үнэт зүйл хийнэ. Цагаан пийсүүгээр хйисэн Будда бурханы аврага том дүрс Шанхайн нэгэн сүмд байдаг. Дээд зэргийн империал пийсүүг маргад, ногоон  мана зэрэгтэй андуурч болно. Гэхдээ пийсүү нь хатуулгийн хувьд тэднээс дутуу, нягтрал гэрэл ойлгох талаар илүү байна. Монголд пийсүүний хайгуулыг жич хийж байсангүй. Гэхдээ манай Алтай, Хангайн уулс, түүний дотор Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Булган зэрэг газруудаас пийсүү олдож магадгүй гэсэн судалгаа байдаг юм байна.