Биндэръяа нь пегматит, гидротермаль гаралтай, талст бүхий үнэт чулуу юм. Төрөл бүрийн элементүүдийг янз бүрийн байдлаар агуулснаараа олон янзын өнгөтэй болсон байна. Ердийн ногоон, ягаан, өнгөгүй, алтан шаргал, усан гэх мэтчилэн хуваагддаг. Ердийн биндэръяа нь шар, шар ногоон, шил шиг ногоон өнгөтэй байдаг. Усан биндэръяа нь цэнхэр, цэнхэр ногоон, хөх, тод ногоон өнгөтэй байхаас гадна ягаан, тунгалаг ягаан өнгөтэй биндэръяаг “воробъевит”, улаан өнгөтэй биндэръяаг “гошенит” гэх мэтчилэн нэрлэдэг. Манайхны бар, муурын нүд гэж нэрлэдэг чулуунууд нь биндэръяагийн нэг төрөл юм.
Ве А1 силикат бөгөөд цэврээрээ бол өнгөгүй, төмрийн хольцтой байвал аквамарин, хром, ваннадын хольцтой бол маргад эрдэнэ болно. Тийм учраас нарийн хагарал, хольц зэрэг нь түүнийг таних тэмдэг болдог. Түүний үндсэн ордоос гадна шороон орд байна.
Өнгөгүй биндэръяаг нүдний шилний өвөг хэмээдэг. Биндэръяа чулуу нь гялалзсан сайхан өнгөтэй байхаас гадна эдэлгээ сайн даадаг хатуулаг өндөртэй учир эрэлт хэрэгцээ ихтэй. Биндэръяа чулууг ихэвчлэн тэгш өнцөгт, шаталсан квадрат талст болгон засаж янзлаад гоёлын үнэт чулуу болгож өргөн хэрэглэнэ. Үүнээс гадна биндэръяанаас маш хөнгөн хатуу металл гаргаж авдаг. Тийм металлыг цөмийн ба рентген техникт их хэрэглэхээс гадна хөнгөн цагаан магнеттай хольж хийсэн хайлшийг нь нисэх онгоц, пуужин хийх зэрэгт ашигладаг. Тиймээс түүнийг хайж олборлох явдал хурдацтай хөгжиж байна.
Биндэръяа чулууны нөөц ихтэй орны тоонд Бразил, Энэтхэг, Раунда, Мозамбик, Аргентин зэрэг улс ордог. Манай Монголд биндэръяаг онцгойлон хайгаагүй бөгөөд одоогоор Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг аймгаас 14 илэрц олоод байна. Үүнээс гадна Сүхбаатар, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Баян-Өлгий, Сэлэнгэ зэрэг аймгаас биндэръяа олох боломжтой хэмээдэг. Монголд олдсон хамгийн том усан биндэръяаны талстын урт нь тэнхлэгийнхээ дагуу 12.5 см, зузаан нь 9 см, тунгалаг шингэн цэнхэр өнгөтэй, жин нь 238 крат байжээ.