Юань гүрний үед гүйлгээнд анх гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын эртний хаадын нэр овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг өнгөрсөн онд улсын санд худалдаж авсан байна. Энэ нь маш ховор дурсгал буюу 800 жилийн өмнө Хубилай хааны зарлигаар барлаж бүтээсэн мөнгөн дэвсгэрт юм.
Монголчуудыг дэлхийн түүхэнд мөнгөн дэвсгэртийг анх гаргасан гэж үздэг. Үүний баталгаа болох мөнгөн тэмдэгт дэлхийд маш ховор бөгөөд олон улсын шинжээч, судлаачдын хэлж буйгаар дэлхийн дуудлага худалдаанд 200 гаруй мянган доллараар үнэлэгддэг эд ажээ. Ихээхэн элэгдэж хуучирсан ч найман зууны түүхийг ардаа эвхсэн насыг нь бодохоор энэ дайтай байгаа нь олзуурхмаар ажээ. Монгол дөрвөлжин бичиг, хятад ханзаар бичиж, хааны тамгаар баталгаажуулсан мөнгөн тэмдэгт олон зуун жилийн дараа ийнхүү төрсөн нутагтаа эргэн ирлээ.