Монголын шатдаг занар нь дэлхийд хамгийн сайн чанартай.

Монголын шатдаг занараас өндөр чанарын шингэн тос гаргаж авах боломжтой. Учир нь өндөр чанарын органик бодисуудтай. Маш өндөр даралттай учраас их хэмжээний газрын тосны шингэрүүлсэн хийг гаргаж авахад тохиромжтой. Хүхрийн агуулга нь тун бага учраас боловсруулахад элдэв бохирдол ялгарахгүй. Монголын шатдаг занараас бензин, дизель, онгоцны түлш, байгалийн хий, газрын тосны шингэрүүлсэн хий гаргаж авах бүрэн боломжтой. Шатдаг занарыг газрын гүнд дулааны аргаар боловсруулж бүтээгдэхүүн гаргана. Энгийнээр тайлбарлавал занарын нөөцтэй газруудад олон цооног өрөмдөж, голд нь халаагчууд байрлуулбал газрын гүнд байгаа занарыг жигд халаах үүрэгтэй. Зугуухан халаах маягаар газрын гүний температурыг 300 хэмд хүргэх юм бол хөнгөн шингэн нь дээшээ гарч, хүнд кокс, нүүрстөрөгчийн давхар исэл нь дороо үлддэг байна. Дизелээс илүү хүнд бүтээгдэхүүн үүсэхгүй бөгөөд гаргаж авсан тосоо нэрэх шаардлагагүй гэнэ. Монголын занараас гаргаж авсан тос тунадасгүй, тунгалаг юм байна. Тэгэхээр нэрэх үйлдвэрлэлийн зардал гэж гарахгүй ажээ. Монголын шатдаг занар 130 сая жилийн өмнө нуур байсан газар үүссэн учир чанарын хувьд их сайн юм байна. Тэнгисийн орчимд үүссэн занар нь дунд зэрэглэлийн чанарт хамаардаг ажээ. Харин чанарын гуравдугаар зэрэглэл нь намгийн орчинд үүссэн занар байдаг ба устөрөгчийн агууламж бага учраас шингэн бүтээгдэхүүн гаргаж авахад бэрх гэнэ. Монголын шатдаг занар устөрөгчийн өнлөр агуулгатай учраас дундаж зэрэглэлд хамаарах Израйль, Йорданы шатдаг занараас хоёр дахин их хэмжээний тос гаргах боломжтой аж.

 

Газрын тосыг уламжлалт, уламжлалт бус гэж хоёр ангилдаг аж. Уламжлалт гэдэг нь бидний одоогийн хэрэглээд байгаа газрын тос бөгөөд газрын гүнээс шууд тос хэлбэрээрээ гарч ирдэг. Уламжлалт бус гэдэг нь арай л тос болж амжаагүй газрын гүнд байгаа чулуулаг юм. Доошилж ирэхээрээ тос болж хувирдаг. Америк эрдэмтэд монголын занарыг газрын гүнд нь хайлуулах замаар газрын тос гаргаж авах туршилтыг амжилттай хэрэгжүүлжээ. Гаргаж авсан тос нь уламжлалт газрын тосыг бодвол өндөр нягттай, бага хүхэртэй гэнэ. Дизельтэй холивол хүхрийн агуулгыг нь багасгах сайн талтай. 1 тн чулуулгаас 120 литр тос үүсч байвал ашигтай юм. Нэг кубметр газарт гэхэд 2 тн орчим чулуулаг байдаг гэсэн тооцоо гарчээ. Нэг км талбайд 100 метр зузаантай, 15 хувийн органикийн агуулгатай занар байхад Монголын шатахууны 7 жилийн хэрэгцээг хангах боломжтой гэсэн судалгаа гарчээ.