Монголд арван зүйлийн шонхор шувуу байдаг юм байна. Тухайлбал, идлэг шонхор, цагаан шонхор, начин шонхор, зээрд шонхор, амарын шонхор, турамтайн шонхор, эгэл шонхор, хайргууна шонхор, шилийн шонхор гэх мэт нэрлэж болно. Эдгээрээс идлэг, цагаан, начин, зээрд, амарын шонхорууд манай оронд түгээмэл үзэгддэг аж. Бусад шонхруудын хувьд нүүдэллэн ирдэг ховор төрлийн шувууд юм. Шонхруудаас хамгийн том биетэй нь идлэг шонхор юм. Энэ жилийн тооллогоор 60008000 шонхор тоологдсон байна. Цагаан шонхор нь биеийн хэмжээгээр идлэг шонхортой ижил. Гэхдээ Монголд өвлийн цагт орж ирдэг, хойт туйлын шувуу юм байна. Энэ утгаараа тархац нутгийн хувьд хумигдмал. Ер нь шувуудын биеийнх нь өнгө амьдрах орчинтойгоо зохицсон байдаг. Жишээ нь тундрын шонхор цагаан өнгөтэй байхад манайд элбэг тархсан начин, зээрд зэрэг шонхор нь бор шаргал өнгөтэй байдаг байна. Цагаан шонхор нь өнгө зүс сайтайгаас гадна, зоригоороо ч идлэг шонхроос давуу үнэлэгддэг байна. Энэ шувууг ав хийх зорилгоор тэжээдэг байна.
Начин шонхор (Falco tinnunculus) нь Шонхорынхон овгийн махчин шувуу юм. Энэхүү шувуу нь өргөн газар нутагт тархан амьдарна. Тэд Европ, Ази, Африк, мөн зарим үед Хойд Америкийн зүүн эрэг зэрэгт таардаг. Начин шонхор нь өндөр уулын тагаас бусад Монголын газар нутагт хааяагүй тархсан өвөл, зунгүй суурин байдаг шувуу юм. Начин шонхор нь толгойноос сүүл хүртэл 32–39 см, далавчаа дэлгэхэд 65-82 см байна. Эмэгчин нь биеэр том, нас бие гүйцсэн эрэгчин 136-252 гр, дундажаар 155 гр бол; нас бие гүйцсэн эмэгчин 154-314 гр, дундажаар 184 гр жинтэй. Тэд бусад шонхрын адил урт далавч, сүүлтэй. Өд сөд нь цайвардуу хүрэн бор өнгө голлож, нуруун хэсгээр хар толбуудтай. Өвөр хэсэг нь бор шаргал ба богино хардуу судлуудтай юм. Далавчны үзүүрийн өдүүд нь харавтар байна. Мөн эрэгчин шонхор нь толбо, судал цөөнтэй байх ба толгойн орой, ар болон сүүл нь цэнхэр саарал юм. Эмэгчин шонхорын сүүл нь бор бөгөөд хар хөндлөн судалтай. Хөлийн сарвуу, нүдийг тойрсон хэсэг нь тод шар бол нүдний цөцгий, хошуу, хумс нь хар бараан. Залуу шувууд нь эмэгчинтэй төстэй. Ангаахай байхдаа цагаан өд сөдөөр бүрхэгдсэн байдаг ба өсөж бойжихын хирээр гуужин, бор шаргалдуу өдөөр солигдох ажээ.
Начин шонхор ихэвчлэн хулганы хэмжээт хөхтөн ялангуяа оготно барьж иднэ, мөн заримдаа сохор номин , хулгана зэрэг авладаг. Далай тэнгисийн эрэг болон арлуудад (хөхтөн амьтан ховор үед), жижиг шувуу голдуу боршувуу зэргийг иддэг. Бусад идэш тэжээл гэвэл сарьсан багваахай, мэлхий, гүрвэл гэх мэт. Мөн улирлын чанартайгаар томхон шавьж, тэмээн аалз, чийгийн улаан, цох зэргээр хооллодог байна. Өдөрт 4-8 оготно идэх ба барьсан олзоо дараа идэхээр нөөцлөх байдал ажиглагдсан. Тэд хавар үржилд орно. Евразийн сэрүүн бүсэд 4, 5-р сард бол заримдаа Африкийн өмнөд хэсэг болон халуун дулаан бүсийн шувууд нь 8-12 сард үржлийн улирал болно. Начин шонхор хад цохион, мод, байшин барилгын нүхэнд үүр засах ба хэрээний хуучин үүрийг хэрэглэх нь олонтаа. Бор шаргалдуу өнгийн бор цоохор 3-6 өндөг гаргана. 28-31 хоног зөвхөн эмэгчин нь дардаг. Эрэгчин нь хоол тэжээл зөөн авчрах бөгөөд өндөгнөөс ангаахай гарсны дараа эцэг эх хоёул анд гарна. 4-5 долоо хоног ангаахайн өд сөд ургатал тэжээдэг. Үүний дараа гэр бүл 1 сар орчим хамт байж, энэ хугацаанд хэрхэн ан хийх талаар зааж сургах аж. Дараагийн үржлийн улирал гэхэд залуу шонхор нас бие гүйцсэн байдаг.
Начин, зээрд шонхор хоёр ойролцоо бие хаатай. Энэ хоёр шонхор харахад өнгө зүс адил боловч амьдрах орчин, байршдаг газар нь арай өөр. Зээрд шонхрын хувьд Монголд нүүдлийн үедээ ирж хээрийн бүс нутгаар ихэвчлэн нутагладаг байна. Тиймээс тоо толгойн хувьд начин шонхроос цөөн. Азийн улаан номд ховордсон амьтны бүртгэлд орсон шувуу юм. Начин болоод зээрд шонхруудын биеийн урт нь 3037 см, биеийн жин нь 180240 грамм юм. Амарын шонхор нь биеэр хамгийн жижиг нь бөгөөд биеийн жин нь ердөө 5597 грамм байдаг байна.
Шонхор нь махчин шувуу юм. Ер нь махчин шувуудын эм нь эрээсээ том биетэй байдаг. Энэ нь эмэгчин нь өндгөө дардагтай холбоотой. Мөн эм шувуу ан ав хийхдээ ч эрээсээ илүү байдаг гэнэ. Энэ утгаараа махчин шувуудын хувьд эр шувууны үүрэг оролцоо, эрх мэдэл бага ажээ. Шонхрууд жижиг мэрэгчид болон жижиг шувуугаар хооллодог. Тухайлбал, начин шонхор голдуу бор шувууны багийн жижиг болжморуудаар хооллодог бол зээрд шонхор нь шавьж, мөн жижиг шувуугаар хоол хийдэг. Идлэг шонхор биеэр том учраас үлийн цагаан оготноор түлхүү хооллодог бол хамгийн жижиг амарын шонхор нь жижиг мэрэгчдийг барьж иддэг байна. Ингэж тэд хортон мэрэгчдийг устгаж, байгалийг эрүүлжүүлдгээрээ байгаль экологид ач тусаа өгдөг. Шонхрууд гуравдугаар сарын сүүлчээр өндөглөдөг. Энэ үеэр начин шонхрууд модны дээр, байшингийн дээвэр дээр, хүний хийж өгсөн хиймэл үүрэнд гэхчилэн ил задгай газар үүрээ засдаг. Харин зээрд шонхор нь хад, модны хонгил, чулууны завсар гэхчилэн далд газар үүрээ засдаг аж. Идлэг шонхрын хувьд үүр засдаггүй, бусад шувууны үүрэнд эсвэл нөмөртэй газар таарвал хайрган дээр шууд л өндөглөж орхино. Шонхрууд хосоороо амьдардаг бөгөөд тус тусын эзэмшил нутагтай, өөрийн эзэмшилд өөр шувуу орж ирвэл газар нутгаа хамгаалан тулалдах үе ч гарна. Тэдгээрээс амарын шонхрууд арай онцлогтой ойр ойрхон үүрээ засдаг байна. Махчин шувууд зоригтой. Нэг идэш рүү тал талаасаа зэрэг дайрах боловч аль хүчтэй, зоригтой нь л авна. Тэр дундаа начин шонхор хурдан шалмаг хөдөлгөөнтэй гэдгээрээ бусдаасаа онцлог. Хэдийгээр хурдан шалмаг хөдөлгөөнтэй ч биеэр жижиг учраас ан агнуулах зорилгоор төдийлөн тэжээдэггүй байна.