УБЕГ-аас зургаан номинацаар тодруулсан сонирхолтой нэрсийн жагсаалт гаргажээ. Тус жагсаалтад хамгийн түгээмэл байдаг нэрс ба сонирхолтой, хамгийн урт, хамгийн ихэмсэг гэх мэтчилэн хамгийн хамгийнууд оржээ. Хамгийн урт бөгөөд гоё нэрээр Найманзууннандинцэцэг гэх нэр орсон бол хамгийн урт нэрээр Лувсандэнзэнпэлжинжигмэд хэмээх нэр оржээ. Мөн хамгийн сонирхолтой нэрсэд Итгэмжлэх, Пропуск, Өтгөс, Үсрээ, Чашка, Чихэр, Гөлчгий, Магазин, Бүдүүн, Мал, Хурга, Тугал, Бяслаг, Ботго, Жижигзургаа, Ноймор, Пулемёт, Галтогоо зэрэг нэрс оржээ.
Хамгийн урт нэрэнд Лувсандэнзэнпэлжинжигмэд, Гүрсоронзонгомбосүрэнболд, Гурванхангайшатарманлай, Жүгдэрнамжилжавзмаа, Найманзууннандинцэцэг, Гурвындаваатотгонбаатар, Мятрашгүймонголжингоо, Энхтөгөлдөрбаясгалан, Тунгалагнандинэрдэнэ, Жавхлантөгстөгөлдөр, Сэргэлэнбаясгалан зэрэг нэрс багтсан байна. Харин хамгийн богино нэрэнд Аз, Оч, Од, Буд, Бат, Хад, Ану, Ган, Гүр, Цог, Ням, Сүх, Оюу, Зол, Алт, Энх, Хас, Дөл, Зул зэрэг нэрс орсон байна. Хамгийн түгээмэл нэрэнд Бат-Эрдэнэ хэмээх нэр 13473, Отгонбаяр 11083, Алтанцэцэг 10967, Оюунчимэг 10580, Болормаа 10282 бүртгэгдсэн байна. Хамгийн ховор содон нэрээр Одонтуяарахгэрэл, Тожбаатар, Ямагтбаатар, Алимантунгалаг, Бүүрэгмаа, Охинжав, Жааханчулуу, Олонбаярлах зэрэг нэрс оржээ.