Зээгт наамлыг XIX зууны сүүлчээр бүтээгдсэнийг тогтоосон ч урласан бүтээлчийнх нь нэр тодорхойгүй. Хэдэн жилийн өмнө “Цагаан дарь эх” зээгт наамлыг Монгол бөхийн өргөөнд дэлгэж байсан ч багтаамж хангалтгүйгээс бүрэн хэмжээгээр нь үзүүлээгүй аж. Эргэн тойрон улаан ба шар торгон хээтэй, хөх торгон захтай энэ бүтээлийг 1995 онд Засгийн газрын 241 тоот тогтоолоор хосгүй үнэт зэрэглэлд багтаажээ. Энэ бүтээлийн гол дүрийг монголоор “Цагаан дарь эх”, төвдөөр “Долгар”, санскритаар “Sita Tara”, англиар “White Tara” хэмээн нэрлэдэг.
Насны гурван бурхан, хорин нэгэн дарь эхийн нэг, цаст уулын туяаг булаам тунгалаг цагаан дүрт Цагаан дарь эхийг бүтээлийн голд үлэмж томоор дүрслэн, дээд талд нь хөх тэнгэр ногоон, ягаан үүлс, нар, сар, доод хэсгээр нь хээр тал, усны шувууд бүхий байгалийн сайхны дунд цогцлоон дүрсэлсэн нь энэ бүтээлийн онцлог юм. Түүнчлэн Цагаан дарь эх үл мэдэг инээмсэглэн, мэлмий нь зөөлөн, энэрэлт харцаар ширтэнэ.