Цаг хугацаа гэдэг бол юунаас ч үл хамаарах, юуг ч үл хүлээх, юуг ч үл хүндэтгэх цорын ганц зүйл. Аливаа хүн бүрт өөр хэмжээний чөлөөт цаг гардаг ба энэхүү хором хугацаа бүрийг үр ашигтай өөрчилж өөртөө хөрөнгө оруулаарай. Өдөр тутмын ажлаас ашиггүй өнгөрөөж буй цагаа багасгаж, тухайн цагийг хамгийн сайнаар ашигла. Чөлөөт цагаа зөвхөн өөрийн сонирхолдоо зориулах нь зөв хэдий ч багахан хугацааг бүтээлчээр ашиглаж хэвших нь цаг хугацааг удирдаж сурахад тусална. Тиймээс одооноос эхлэн цаг хугацааг хэрхэн үр ашигтай өнгөрүүлэх зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээрэй.
Дуртай зүйлээ хийгээд мөнгө ол: Хамгийн сайхан ажил бол өөрийн дуртай зүйлээ хийгээд, түүнээсээ мөнгө олох юм. Өөрийн сонирхол болон бусад чадварууддаа тулгуурлан мөнгө олж болно. Юм бичих, зохиох дуртай бол аливаа сэдвийн доор өгүүллэг бичээд сайтуудад өгөх юм уу өөрөө ном бичиж болно шүү дээ.
Зарим зүйлээ цэгцэл: Гэртээ байгаа бичиг баримт болон холбоотой зарим зүйлсээ цэгцэлж. замбараагүй номуудаа байранд нь тавьж төрөлжүүл. Мөн гэрээ цэвэрлэж, угаах хувцсаа ялга. Эдгээрийг хийх нь чамд ашигтай төдийгүй чиний биед дасгал хөдөлгөөн болно.
Мэдлэгээ өргөжүүл: Өөрийн мэргэжилтэй холбоотой мэдээлэл болон мэргэжлийн ном, сэтгүүлийг байнга уншиж бай. Үргэлж шинийг эрэлхийлж, мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй.
Зорилгоо бичиж, төлөвлө: Зав гаргаад өөрийн ойрын болон холын зорилгуудаа жагсааж бич. Эхнээс нь уг зорилгодоо хүрэхийн тулд юу хийхийг хүсэж буйгаа мөн хэрхэн хийхээ төлөвлө. Ингэж бичих нь илүү хялбар болгоно. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн тал нь гэдгийг битгий март
И-мэйлээ цэвэрлэ: Ирсэн и-мэйлээ шалгаад-хэрэгтэйг нь авч үлдээд, нийтийн цахим сүлжээнээс ирсэн мөн бусад ач холбогдолгүй и-мэйлүүдээ устга. И-мэйлээ үргэлж цэвэрлэж байх нь завгүй байх үед чухал и-мэйлээ хайлтгүйгээр олоход тань тусална. Илүү хялбар болгох үүднээс ажил болон хувийн и-мэйл хаяг тусдаа байх нь зохистой.
Танилын хүрээгээ тэл: Чөлөөт цаг бол танилын хүрээгээ тэлэх болон бусдад захидал явуулах, утсаар ярих зэргээр харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой цаг юм. Өөрөө эхэлж санаачилга гаргах нь тийм ч муу зүйл биш. Бусадтай тогтмол харилцаатай байх нь сайхан шүү дээ. Танилтай хүн талын чинээ гэж үг байдгийн битгий мартаарай.
Холбоо барилгүй удсан найзуудтайгаа ярь: Бид ихэнхдээ ажлын ачааллаас болж, найзуудтайгаа холбоо барилгүй уддаг. Тиймээс дараа гэж хойш тавилгүй яг одоо найзуудтайгаа утсаар ярь. Энгийн нэгэн яриа биш, ажлын эрч хүчийг чамд өгч мөн хуучны сайхан харилцаагаа сэргээнэ.
Чухал хийх зүйлээ тэмдэглэж, ажлын төлөвлөгөө гарга: Ажлын төлөвлөгөө болон хийх зүйлсээ жагсааж бич. Гар утас болон компьютер дээрээ тэмдэглэсэн ч болно. Ингэж хийх зүйлсээ тэмдэглэж байх нь ямар нэг зүйлийг мартахаас сэргийлэхээс гадна төлөвлөгөөтэй байх нь ямар ч үе танд тусална. Хамгийн түрүүнд хийх зүйлсээ тэмдэглэн хэрэгжүүлж эхэл.
Төлбөрүүдээ төл: Сар болгон төлдөг гэрлийн мөнгө, утасны төлбөр зэрэг тогтмол гардаг төлбөрийг завтай үедээ төлчих. Хэрэв уг ажлыг хийгээд хэвших юм бол дараа нь байгууллагын гадна дугаарлаж зогсохоос чөлөөлөхөөс гадна таны цагийг хэмнэнэ.
Эрүүл мэнддээ илүү их анхаарч, өөрөө санаа тавь: Бид ажил ажил гэсээр эрүүл мэндээ мартчихдаг. Тиймээс багахан цаг гаргаж байнга дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Эсвэл ойр орчимдоо алхах болон гүйлтээр хичээллэж болох юм. Мөн бясалгалын дасгал, иогоор хичээллэж, эрүүл хүнсээр хооллож, тогтмол цагт унтаж байх нь ажилдаа илүү эрч хүчтэй байхад тусална.