Монгол - Германы археологичдын хамтарсан “Орхон” экспедици 2014 оны малтлагаар шүншиг аравнайтай ваар олжээ.
2014 онд ёслон тэмдэглэж байгаа ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийж буй олон ажлын нэг нь Хархорум дахь бурханы шашны их сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, өргөн олон түмэнд үзүүлэх ил музей болгон эзэмшиж ашиглах бүтээн байгуулалтын төсөл юм.
Судалгааны ажил болон үргэлжилж буй төслийн ажилд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Антропологи, Археологийн тэнхимийн профессор, Монгол-Германы Орхон Экспедицийн Монголын талын удирдагч, доктор У.Эрдэнэбат, Монгол-Германы Орхон Экспедицийн Германы талын удирдагч, ХБНГУ-ын Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор К.Франкен, архитекторч Б.Аксель, ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор А.Энхтөр, МУИС-ийн докторант, археологич Т.Батбаяр, Улаанбаатар дахь Германы ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.Россбах нарын албаны хүмүүс оролцож байгаа ажээ.
Энэхүү төслийн ач холбогдлыг өндөр үнэлж ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам, Герда-Хенкель сан, Германы Археологийн Хүрээлэнгээс санхүүжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын ССАЖЯ-наас зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж хоёр орны мэргэжлийн археологич, архитекторуудын удирдлагаар Монголын “Ордгео” ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.
Анх 1948-1949 онд Хархорум хотын талбайд өргөн хэмжээний малтлагын ажил гүйцэтгэсэн Х.Пэрлээ, С.Киселев нарын ахлагчтай Монгол - Зөвлөлтийн хамтарсан судалгааны баг энэ хотын их хэрмийн дотор, баруун өмнөд өнцөгт нь орших тусгай хэрэмт цогцолборын төв дундах том барилгын үлдэгдлийг хэсэгчилсэн байдлаар малтан судалж, уг барилгыг Өгэдэй хааны “Түмэн амгалант орд” хэмээн тодорхойлсон юм. Гэвч энэ барилга нь хааны орд харш бус, харин 1235-1236 онд суурийг нь тавьж, 1256 онд барьж дуусган 1346 онд Тогоонтөмөр хааны зарлигаар “Юань улсыг мандуулах асар” буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрлагдсан бурхан шашны аварга том сүмийн үлдэгдэл болохыг Монгол-Германы хамтарсан археологийн экспедицийн үйл ажиллагааны үр дүнд олон баримтаар нотолжээ. Энэхүү “Цогт их сүмийн гэр” хэмээх асар том сүм суваргыг “Юань улсын судар” болон 1346 оны Хархорумын бичээст хотын хамгийн анхны барилга байгууламжуудын нэг хэмээн тэмдэглэсэн байдаг.
Энэ сүмийг 1311 болон 1346 онуудад сэргээн засварласан байдаг бөгөөд энэ тухай мэдээг 1346 оны хөшөөний бичээст мөн тэмдэглэжээ. 1311 онд Буянт (1311-1320) хаан Хархорум дахь сүм эвдэрч гэмтсэнийг сонсоод буддын шашин хариуцсан хэлтсийн түшмэл Чогсүмд шаардлагатай хөрөнгийг өгч засуулж байжээ. Дараа нь Тогоонтөмөр (1333-1368) хааны үед сэргээн засварлах ажил 4 жил үргэлжилж, 1346 оны сүүлээр тус сүмийг “Зарлигаар байгуулсан Юань улсын мандал бадралын асар” буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрлажээ.
Монгол-Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар энэхүү сүмийн довжоо суурин дороос XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт болсон байна.
Сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ” (үүнд: Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ш, мөнгөн зоос 3 ш, шүр, сувд, оюу) орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсрыг нь шавар тагаар таглаж тавьжээ. Алтан зоосны нэг нь Чингис хааны Самарканд хотноо хийлгэсэн зоос, харин мөнгөн зооснууд нь Мөнх хааны үед Хархорумд бүтээлгэсэн зооснууд байх ажээ. Есөн төрлийн материалаас бүрдсэн эд юмс нь суварга шүтээнийг амилуулан тэтгэх нарийн нандин бэлгэдэлтэй бөгөөд Монгол-Германы хамтран судалсан энэхүү байгууламж XIII-XIV зууны бурханы шашны сүм байсныг бүрэн дүүрэн нотолж өгчээ.