Казак үндэстнүүд “Алтан ургийнхан” руу

Мянганы суут хүн Чингис хааны үр удам болохыг хүсэгчид дэлхийн өнцөг булан бүрт байдгийн адилаар түүндээ итгэж, батлахыг хүсдэг үндэстнүүдийн тоо ч цөөнгүй байдаг ажээ. Тэдний нэг нь казакстанчууд. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд гэхэд л 300 гаруй Казакстан иргэн генийн шинжилгээ өгөхөөр АНУ-ын лабораториудад хандсан гэх судалгаа байдаг. Түүгээр барахгүй тэдгээр “алтан ургийнхан” шинэ цагийн Казакстаныг XIII зууны үеийн байлдан дагуулагчийн зарчмаар бүтээн байгуулахаар хөдөлгөөн өрнүүлээд амжсан гэнэ. Тэдний өвөг дээдсээ тодруулах гэсэн оролдлого үүгээр дууссангүй. Чингисийн казак удмын тухай нарийн тоочин бичсэн “Чингисизм” ном өнгөрөгч онд худалдаанд гарсан бөгөөд зохиогч Гизат Табулдины онолд итгэсэн нэгэн худалдаачин гэр бүлийн ДНХ-ээ Хьюстон хотын “Familytree DNA” нэртэй шинжилгээний компанид илгээсэн тухайн нийтлэл барууны хэвлэлүүдэд гарчээ. Чингисизмээр өвчилсөн казакуудын эрэл хайгуул 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаар эхэлсэн хэмээн судлаачид таамагладаг. Тухайн үед Ерөнхий сайд Назарбаев үндэстнийхээ түүхийг нарийвчлан судлахад багагүй анхаарал хандуулах болсноос энэ бүхэн үүссэн гэж үздэг. Гэхдээ “Чингисизм” номын зохиогч Табулдин сэтгэлийн хөөрлөөр ном гаргачихаагүй гэнэ. Тэрбээр 10 жил уйгагүй судалгаа хийсний эцэст эл бүтээлээ хэвлүүлсэн боловч одоогоор түүнийг нь батлах баримт гараагүй байгаа гэнэ. “Familytree DNA” шинжилгээний компаний ахлах мэргэжилтэн Макс Блэнкфелд шинжилгээний тухайд “Манай улсын шинжилгээний компаниудад 2007 оноос хойш 300 гаруй Казакстаны иргэн генийн шинжилгээ хийлгэсэн байдаг юм билээ. Энэ удаад Алма-Аты хотын нэгэн худалдаачин бидэнд хандсан боловч Чингис хааны үр удам гэж батлахуйц төстэй зүйл ДНХ-д нь илрээгүй” гэжээ.