Зэсийг цахилгаан бараа, машин техник гээд өдөр тутмын амьдралд ашигладаг. Бидний гэрийг гэрэлтүүлэх цахилгаан, хотыг босгох дэд бүтэц, дэлхий ертөнцийг холбох технологи, энэ бүгд нь бидний орчин үеийн амьдралыг бий болгоход зэс хэрхэн чухал үүрэгтэй байдгийг харуулж байна.
Зэсийн дэлхийн жилийн хэрэглээ 19 сая гаруй тонн. Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудад хотжилт, аж үйлдвэрлэлжүүлэлт үргэлжилж байгаа тул боловсруулсан зэсийн эрэлт хэрэгцээ нь 2020 он гэхэд 6.5 сая тонноор өсч 25.5 сая тонн-д хүрэх тооцоо судалгаа байдаг. Үүнээс 19 сая тонныг олборлосон зэсээр, харин үлдэх хэсгийг хаягдлаар хангана.
Олон Улсын Зэсийн Холбоо нь АНУ-ын айл бүрт утас, кабель, хоолой, сантехник, цахилгаан бараа, бүтээгдэхүүн, бусад техникийг оролцуулан дунджаар 199 кг зэс бий гэсэн тооцоо гаргасан. Тэгэхээр Рио Тинто компани 2011 онд 2.6 сая айлын хэрэглээг хангах зэс үйлдвэрлэсэн гэсэн үг.
Өндөр агууламжтай зэсийн хүдэр бол олборлоход хамгийн хэцүү материал ажээ. Олон зуун жилийн турш зэс нь дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байлаа. Уян, бат бөх, зэврэлтэд тэсвэртэй, эрүүл ахуйд сайн, дулаан болон цахилгааныг сайн дамжуулагч зэс бидэнд хамгийн ашигтай, хамгийн өргөн хэрэглээтэй металл мөн билээ.
Эртний Египетийн фараонуудын зэс хоолойгоос эхлэн Лондоны 2012 оны Олимпийн болон Параолимпийн тоглолтын үеэр гардуулсан 4700 медаль хүртэл зэс, эсвэл зэсийг дахин боловсруулах процессын үр дүнд бий болсон металл байдаг байна. Өнөө үед ч ногоон технологийн шинэчлэлийг тэргүүлж буй металл бол зэс ажээ. Холимог болон цахилгаан хөдөлгүүрт машин, нарны эрчим хүч, салхины цахилгаан станц, дулааны болон усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд мөн л зэсээс хамаарна.
Хэрэглээтэй үед халдаг усны халаагуур, нарны зай, ухаалаг цахилгаан утас, кабель зэрэг зүйлд ашиглагдах зэс бол ирээдүйн ногоон гэрийн салшгүй хэсэг болж, эрчим хүчний илүү хэмнэлттэй ирээдүй рүү шилжихэд тусалж байна.
Зэс үйлдвэрлэх нь: Зэсийг ил ба далд уурхайгаас олборлосон хүдрээс гаргаж авдаг. Оюу Толгойн хувьд аль алийг нь ашиглах юм. Хүдрийг уурхайгаас олборлосны дараах зэс үйлдвэрлэх үйл явц нь хэд хэдэн үе шатыг дамждаг.
Буталсан зэсийн хүдрийг нарийн нунтаглаж, дараа нь баяжуулж, хайлуулж, дахин цэвэршүүлэлт хийдэг. Үе шат бүр дээр зэсийн агууламжийг нэмэгдүүлж, хольцыг зайлуулдаг. Энэхүү процессын дайвар бүтээгдэхүүн бол алт, мөнгө, молибден байдаг. Эцэст нь, 99.99 хувийн сорьцтой цэвэр зэс бий болно. Оюу Толгойн төслийн талбай дахь боловсруулалт бол баяжуулах үе шатанд зогсч, борлуулах бүтээгдэхүүн нь зэсийн баяжмал байх ажээ.