Шведийн домогт аялагч, судлаач Свен Хэдиний экспедицид багтаж, XX зууны эхэн жилүүдэд Төв Азиар олонтаа аялсан эрдэмтэн Х.Хасслунд Шинжааны торгууд нарын дунд хэдэн сар амьдарсан бөгөөд одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ч багагүй хугацаагаар сууж байжээ. Нутгийн монголчуудын дунд үе дамжин яригдаж ирсэн Дани хүн бөгөөд түүнийг дурсаж “Дани толгой” гэж нэрлэсэн газар одоо ч тэр хэвээрээ бий гэдэг. Түүний бичсэнээс үзвэл, торгуудуудын дунд хэдэн сарыг өнгөрөөгөөд нутагтаа харихаар хилийн зүг явж байх үед цувааг нь хорь гаруй морьтон торгууд гүйцэж иржээ. Тогтож ядсан морьд унасан, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй шинж байдалтай, тэдгээр эрмэг залуус Хасслундын цувааныхантай мэнд мэдэв үү үгүй юу, их талын дундуур салхи татуулан давхин одсон гэнэ. Хар ус гэдэг газраас яваа тэдгээр залуус ноёныхоо охиныг угтаж авахаар довтолгож явааг Х.Хасслунд хөтчөөсөө мэджээ. Юун ноён хаанаас ирж байгааг асуувал хөтөч торгууд “Ниржидмаа гүнж алс хол Францаас нутагтаа ирж байгаа” тухай дуулгажээ. Х.Хасслунд өмнө нь Хятад Монголоор аялсан барууны эрхмүүдийн амнаас Ниржидмаа хэмээх нэрийг олонтаа сонсож байжээ. Түүний амьдарч асан тал нутгийн торгуудууд Ниржидмаагийн тухай үлгэр мэт зүйл ярьдаг байсан бөгөөд Швед эрдэмтэн түүнийг нь сонсоод “Ийм хүн үнэхээр байдаг л юм байх даа” гэж боддог байжээ. Орой нь хилийн боомт Чугучакт (монголчууд тарвагатай гэдэг байсан) очоод Ниржидмаагийн барааг анх харсан байна. “Монгол бүсгүйн өнгө жавхааг нүүрэндээ тодруулсан, жавхалзсан гоолиг биетэй, яриа хөөрөө, донж маяг нь европын хотуудад долоон жил суусны шинж аргагүй тодорч сэтгэл татах нь ид шидийн мэт байсан” хэмээн Х.Хасслунд бичжээ. Хязгаарын бөглүү боомт суурингийн дэн буудалд тэд бүхэл бүтэн 14 цаг ярилцсан бөгөөд Дани аялагч монгол бүсгүйн хэлний мэдлэг төдийгүй ухаалаг яриа, хурц сэргэлэн оюун, чөлөөтэй өргөн сэтгэлгээг бахдаж байжээ. 10 гаруй жилийн дараа буюу 1935 онд Х.Хасслунд “Монгол: Хүмүүн ба бурхадын орон” номоо хэвлүүлэхдээ Ниржидмаагаар өмнөх үгийг нь бичүүлсэн байдаг. Зах зухаас нь сонсоход л сонин гайхам түүхтэй Ниржидмаа гэж хэн бэ?
Ниржидмаа нь Шинжааны захирагч байсан, Торгуудын Балт вангийн охин юм. 1882 онд төрсөн Балт вангийн талаар түүхэнд ялангуяа 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцсон оролцоо, эзэлж байсан байр суурийнх нь талаар дурьдсан зүйл цөөнгүй үзэгддэг. Хятадын талыг баримтлагч байсан гэх нь ч бий. 1771 онд Ижил мөрнөөс буцаж нүүсэн торгуудын голлох ноёдын нэг Бамбарын хойч юм. Манжийн үед, түүний дараа төрд ч Хятадын төрийн хэрэгт нөлөөтэй оролцдог монгол ноёдын нэг байсан энэ хүн Бээжинд хүмүүнлэгийн, Токиод цэргийн боловсрол /1906-1908/ эзэмшсэн бөгөөд 1917 онд Шинжаанаас Бээжинд шилжин сууж, Хятадын БНУ-ын сенатын гишүүн байгаад 1920-иод онд Токиод нас барсан гэдэг. Өндөр боловсролтой, ялангуяа хятад хэл соёлыг нэвтэрхий мэддэг, япон, англи хэл эзэмшсэн Балт ван хүүхдүүддээ өрнийн боловсрол олгосон бөгөөд ууган хүү Минжүүрийг Николай II хааны тэтгэлгээр Санкт-Петербургт, удаах хүү Цэдэндоржоо Германд сургасан бол хоёр охиноо Францад сургуульд явуулжээ. Ууган охин Сэрцоо нь хүн эмнэлгийн чиглэлээр суралцсан боловч залуугаараа өөд болсон байна. Харин отгон охин Ниржидмаагаа хар бага наснаас нь Бээжингийн Франц сургуульд суулгаж байгаад насанд хүрсэн хойно нь Европт өрнийн хэл соёлын мэргэжил эзэмшүүлсэн ажээ.
Оросын иргэний дайны хөлөөс дайжин Францад хүрч суусан халимаг монголчуудын хүндлэл бахархалыг төрүүлж байсан монгол гүнж түүхийн хуудаснаа нэрээ үлдээжээ. Эрэнжин Хардаваа тэргүүтэй Халимагийн элит сэхээтнүүд 1930 онд Парист “Ковыльные волны” /хаг халиурсан тал/ хэмээх сэтгүүл гаргасны эхний дугаарт цус нэгт ахан дүүс Ниржидмааг Парист хэрхэн хүлээж авч уулзсан тухай томоохон өгүүлэл хэвлэгджээ. Халимаг цагаачдын хувь заяаг өнгөрсөн зууны дунд, сүүл үеэр сонирхон судалж байсан Оросын хэл шинжлэлч А.Горяевын хожим дурсан бичсэнийг үзвэл, амьдралын баяр баясгалан, төрөлхийн оюунлаг чанар, золбоолог төрхөөрөө хавь ойрд буй хэнийг ч эзэмдэн татах ер бусын увидастай монгол бүсгүйн тухай мэдээ Парисаар эгшин зуур тархаж, түүнд бичсэн захидал, зориулсан дуу шүлэг нь сэтгүүлийн редакцыг дардаг байсан гэжээ. Сэтгүүл 6 жил хэвлэгдэн гарахдаа Ниржидмаагийн тухай дурдан бичээгүй дугаар бараг үгүй гэх бөгөөд хамгийн сүүлд 1936 онд лам Нимбушов, Халимагийн ноён Н.Тундутов нарын зохион байгуулсан буян номын ажилд түүний оролцсоныг мэдээлжээ. Баруун Европт түүний сурч, аж төрж байсан тухай мэдээ сэлт цухас боловч олддогийн нэг жишээ нь 1933 оны 9-р сард Белград дахь Буддын сүмд болсон шашны ёслолд оролцсон тухай мэдээ гэрэл зурагтайгаа зарим эх сурвалжид үлджээ. Мөн Францад олон жил суусан Оросын гэрэл зурагчин Иван Билибины авсан нэгэн фото зураг бий. Европт халимагуудын байгуулсан “Халимаг Тангчин туг” нийгэмлэг 1933 онд Парист Ниржидмаад зориулан ёслолын хүлээн авалт зохиосон бөгөөд монгол үндэсний бүрэн хувцас, зүүсгэлтэй бүсгүйн зургийг уг арга хэмжээн дээр байлцсан И.Билибин тусгайлан авчээ. Зургийн баруун дээд өнцөгт худам монгол үсгээр бичсэн гурван мөр байх бөгөөд Ниржидмаагийн өөрийн гараар бичиж өгсөн гэх энэ хэдэн үгийг фото зургийн хуулбараас одоо таньж уншихад төвөгтэй боловч эрдэмтэн Владимир Санчировын уншсанаар бол “Эрээн хавиргын хуучин торгуудын хошууны бүгдийн дарга, ван ноёны охин Ниржидмаа” гэсэн үгс байх бололтой. Бас нэг сонин баримт буй нь Ниржидмаа Францад байхдаа 1937 онд монгол уртын дууны ном гаргасан явдал юм. Торгууд ястны дуулдаг 18 дууны үгийг Ниржидмаа өвгөд хөгшчүүлээс сурч цээжилж авсанаа латин үсгээр монгол хэлээр, мөн тод монгол үсгээр буулгасан энэ ном ойрад монголчуудын хэл соёлыг Баруун Европт танилцуулсан хамгийн анхны бүтээл ч байж мэдэх юм. Ниржидмаа 1937 онд нутагтаа буцаж ирсэн бөгөөд хойтон жил нь нөхөр болох сурвалжит ноён (зарим эх сурвалжид зайсан гэсэн нь буй) нас баржээ. 1938 онд тэрбээр Бээжинд сууж байсан Францын ерөнхий консул Мишель Браэльтай дэр нэгтгэсэн бөгөөд дипломат нөхрөө даган Азийн олон оронд сууж байжээ. Хожим нь түүнтэй газар газар уулзаж, байнгын захидал харилцаатай байсан Х.Хасслундын дурссанаар Ниржидмаа Афганистан, Лаос, Тайланд зэрэг олон оронд байхдаа тэдгээр орны хэлийг тухайлбал араб, перс хэлийг идэвхийлэн судалж байсан гэнэ. Түүхийн мэдлэгээ улам зузаалсан, цэцэрлэг байгуулж арчлах дур сонирхолтой, хөгжимд туйлаас дуртай байсныг нь Х.Хасслунд мөн тэмдэглэсэн байна. Монгол хүний, монгол бүсгүйн нэрийг очсон газар болгондоо бахдуулж, бишрүүлж явсан торгууд бүсгүй Ниржидмаа Парист 1983 онд 76 настайдаа бие баржээ.
Монгол нөхрөөс гарсан түүний хоёр хүү Шарль дө Торгут, Бонни дө Торгут нар эдүгээ Францад амьдардаг. Эх нь тэдний торгууд монгол ястайг үеийн үед мартуулахгүйн тулд de Torgout хэмээх овог авахуулсан бөгөөд дө хэмээх угтварыг Францад эртний сурвалжит угсааныхан овгийнхоо өмнө заавал хэлж, бичиж хэрэглэдэг ажээ. Тэд хэдийгээр харийн соёлд нэлээд ууссан ч өв уламжлалаа сонирхдог, үндэсний баяраа алдахгүй тэмдэглэдэг байжээ. Ниржидмаагийн ач охин Натали дө Торгут гэхэд л хэдэн жилийн өмнө Халимагт очиж байжээ.
Ниржидмаагийн ах дүү, тэдний үр хойчсийн түүх намтар ч мөн сонирхолтой юм. Ах Минжүүр ван нь (эцгээсээ хэргэм залгамжилсан) Санкт-Петербургт орос, слав судлалаар мэргэшсэн бөгөөд 1949 онд халимаг, орос хоёр эхнэрийн хамтаар Төвд, Энэтхэгээр дамжин АНУ-д гарсан бөгөөд хожим нь Тайваний иргэн болж парламентын гишүүнээр сонгогдож байв. Түүний халимаг эхнэрээс гарсан охин Даваанямбуу хоёр хүү төрүүлсний нэг нь Төвдийн томоохон хувилгаан ламын хойд дүрээр тодорч одоо ренбүчи цолтойгоор Малайзад буян номын ажил эрхэлж буй. Ниржидмаагийн удаах ах Цэрэндорж 1920-иод онд Германд сургууль төгсөж ирээд Бээжингийн католик их сургуульд герман хэл зааж байснаас өөр мэдээ олдоогүй байна.