Ар халхын цагаан утай гүмбэн

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Ар халхын цагаан Утай Гүмбэн хэмээх алдаршсан Балдан бэрээвэн хийд бий. Зарим түүхэн сударт уг хийдийг Балдан врайбун, Балданбарайван хэмээн бичигдэн үлдээсэн байдаг.

Өмнөдэлгэр сумын Мөнх-Өлзийт хайрханы өвөрт 1777 онд Цэвээндорж гэдэг монгол лам жижгэвтэр сүм бариулаад Манзушар бурханы чулуун дүрийг бүтээлгэсэн нь Балдан бэрээвэн хийдийн суурийг тавьсан гэж түүхчид үздэг. 5000-6000 лам шавилан сууж, ном хурдаг байсан учир тухайн үедээ Монголын томоохон хийдүүдийн нэгд тооцогддог байж. Манжийн хаан сүсэгтэн олон тасардаггүй энэхүү газрын харгалзан үзээд “Арван чулуун бурханаар хүрээлүүлсэн Арын Утай гүмбэн” гэж алдаршуулах зарлиг гаргаж байжээ. Энэ хийд тухайн үедээ зүүн нутгийн ард түмний хувьд шашин соёлын төв нь байсан гэнэ. Хийдийн “Билэг өлзийт” гэх Цогчин дуган нь гурван давхар, 30 метр өргөн, 12 метр өндөр, 64 баганатай байж. Боржин чулуун суурьтай агаад ханыг нь байгалийн чулуугаар бүтээсэн юм байна. Дотроо шүншиг, сахиус, ном хурлын гэсэн бие даасан хэсгүүдээс бүрдсэн бөгөөд үүгээрээ Монголын томоохон уран барилгуудын нэгд зүй ёсоор ордог аж. Бэрээвэн гэдэг санскрит хэлний дрэвун буюу оргилсон будаа гэсэн утгатай юм байна. Үүгээрээ энэ хийдийг Түвд, Энэтхэгийн Дрэвун хийдүүдтэй шууд холбоотой гэж манай шашин судлаачид үздэг юм гэсэн. Тухайн үед Балдан Бэрээвэн хийд олон мянган ламтай, өдөр бүр хурал хурдаг, шашны үйл хэргийг цогцоор нь үйлддэг томоохон төв байж. Үүнийгээ дагаад ойр орчмын нутгийн эрс бараг бүгд шахуу лам болж байжээ. Зундаа сүсэгтнүүд нүүдлэн ирж хурал даган баясдаг байсан гэж зарим түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн нь бий. Гэлүгва ёсон буюу шарын урсгал ид хөгжиж байх үед энэ хийд дөрвөн сургууль дацантай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан гэнэ. Гэтэл 1900 оны эхээр тахал гарч, лам нарых нь тэн хагас нь үрэгджээ. Үүгээр хийдийн зовлонт үе эхэлсэн гэдэг бөгөөд 1930 оноос лам нарыг нь хэлмэгдүүлж, бөөн бөөнөөр нь баривчлах болж, сүм дугануудыг нь нураан, бурхан тахилуудыг нь хураан авчээ. Бурхан тахилуудыг нь хураан авч, бууны сум хийхэд ашигласан гэж нутгийн иргэд хожим нь ярилцаж байжээ. Ингээд Балдан бэрээвэн хийд хэлмэгдүүлэлтэнд өртөж, бүхэлдээ газрын хөрснөөс арчигдахад хүрчээ. Хийд ч балгас болж, нутгийн иргэд ч дахин сэргээх нууцхан хүсэлтэй явсаар ардчилалтай золгосон гэсэн. 1990 оны хавар цөөн хэдэн лам ирж, нутгийн иргэдтэй хамтраад жижиг модон дуган барьж хурал номыг нь сэргээсэн аж. 2010 онд улсын төсвийн мөнгөөр хийдийн Цогчин дуганыг сэргээн засварлажээ. Байгалийн үзэсгэлэнт газар байрладаг уг хийдийн эргэн тойрны хад чулуунуудад бурхны хөргүүд, маань мэгзэм сийлжээ. Өнөө манжийн хааны хэлсэн 10 чулуун бурхан нь одоо ч хэвээрээ. Очирваань, Жамсран, Ногоон дарь эх, Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дарь эх, Бурхан багш, Бонд Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхад төрхөөрөө заларцгаах юм.

Хийдийн ойр орчмын элдэв төрлийн тогтоцтой, нутгийн иргэдийн сүсэглэдэг “Эхийн умай” “Хаан суудал” зэрэг хад чулуу бий. Хийдийн урдхан хүний хүсэл биелүүлдэг “Ээж мод” байдаг юм байна. Хийдээс 200-300 метр урт тогтмол нуур байдаг юмсанж. Тэр нуур 1800 оны үед цэлэлзэн мэлтэрдэг байсан тухай нутгийн зарим дуунд үлдсэн байдаг аж. Улаанбаатар хотоос уг хийдэд очиж үзье гэвэл Улаанбаатар-Жаргалантхаан Өмнөдэлгэр-Балдан бэрээвэн хийд гэсэн маршутаар нь 370 км туулна. Өмнөдэлгэрээс гараад хийд рүү явах замд элдэв хад чулуугүй ч, зундаа намаг шалбааг ихтэй, голууд нь үертэй байдаг аж. Аялал жуулчлалын компаниуд уг хийдийг нэг бүтээгдэхүүн болгон маршрутдаа оруулахыг хүсдэг ч зам нь муу учир төдийлөн зочдоо ийш авчираад байдаггүй. Гэхдээ сүсэгтэн олны цуваа ер тасардаггүй, урин дулаан цаг ирэнгүүт сүсэгтнүүд гэр майханаа бариад, хийдийн орчимдоо амьдарна. Түвд, Энэтхэгээс лам хуврагууд ирнэ. Монголын хийдүүдээс ч лам хуврага ирдэг гэсэн. Mongolian guide tour компаний захирал Ч. Буянбадрах “5000-6000 лам нэг дор төвлөрөн сууж байсан тохиолдол монголын 700 гаруй сүм хийдийн түүхэнд байгаагүй. Амарбаясгалан хийд 2000-3000, Онгийн хийд 1000 ламтай байсан гэдэг шүү дээ. Олон лам шавилан сууж байсан гэдгээрээ Балдан бэрээвэн хийд бусдаасаа ялгагддаг. Утай Гумбэн гэж нэрлэдэг хийдүүд хадтай, модтой байгалийн өвөрмөц тогтоц энергитэй газарт байрладаг. Олон мянган ламыг нэг дор байлгахын тулд барилга архитектурын хувьд маш том шийдэл бүхий барилгуудтай байсан. Гэвч тэр бүгд 1937-1938 оны хэлмэгдүүлэлтийн үеэр нураагдсан. Гэвч Цогчин дуган нь ерөнхий байдлаа авч үлдэн 1990 онтой золгосон байдаг. Хуучин байсан ариун дагшин байдлыг нь буцаан авчрах гэж зуны дэлгэр цагт лам нар ирж ном уншиж амь оруулдаг. Энэ хийд маань гадуураа хэрмэн хашаатай. Хашааны гадуур явган хүн явахад зориулсан замтай байсан гэдэг. Сүсэгтэн олон тэр замаар гороолдог бөгөөд уулын орой дээр байдаг бурхадад хүрэх шат хүртэл зассан байдаг. Одоо энэ сэргээсэн байдлаас нь харахад Цогчин дуганы хойморт Бурхан багшийг залсан байна. Хийдийн эргэн тойронд монголчуудын язгуурын бурхадыг залсан байдаг. Энэ хийдийг зорих сүсэгтнүүдийн цуваа нэмэгдэхийн хирээр тухайн үед байсан хийдийн энерги нь дахин сэргэнэ гэж үздэг. Халхын Утай Гүмбэнг сэргээж байгааг дуулсан сүсэгтнүүд Балба, Түвд, Энэтхэгээс ирдэг” гэж ярьсан юм. Тус хийдийн нярав Л.Пүрэвсүрэн “Бурхандаа мөргөе” гэсэн хүмүүс их ирнэ. Сүүлийн үед монголчууд маань их ирдэг болсон. Зуны гурван сард 2000-3000 хүн ирдэг юм. Зундаа энэ хавьд айлууд зусаад байдаггүй. Зорьж ирсэн хүмүүс майхан саваа барьж байрладаг. Өнгөрсөн 8-р сарын эхээр намрын бүтээлийн үеэр Гандангаас 30, 40-өөд лам ирж гурван өдөр ном хурсан. Бусад цагт нь нутгийн лам нар энд суудаг” гэсэн юм.

 “Өдрийн сонин”  Д. Гансаруул