Нэр нь үл мэдэгдэх Монгол хатан

Шүүн Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны анхны тэргүүн сайд, Эрдэнэ засаг, жүн ван М.Намсрайн хатны дүр харийн хүний фото дуранд олонтаа мөнхрөн үлджээ. Харамсалтай нь түүний нэрийг хэн ч мэдэхгүй. Харин дурсан санах ганц зүйл гэвэл тэр үед авсан хэдэн зураг л үлджээ. Гэхдээ зураг бүр онцгой түүх өгүүлж, цаг хугацаагаар аялуулах шидтэй аж.

XIX-XX зууны зууны үеийн Нийслэл хүрээнд оросууд болон хятадууд гэрэл зургийн газар ажиллуулдаг байсныг түүх гэрчилнэ. Өдгөө С.Цацралт Д. Өлзийбаатар нарын “хүрээ гоёл” цомог дахь нэг нь үл мэдэгдэх хатны зургуудыг орос зурагчин Александр Дмитриевич Шадов авчээ. Шаповын гэрэл зургийн газар хаана байршиж байсныг тогтоож чадаагүй ч орос хэв маягийн зургийн арын фоноор нь чухам түүний авсан зураг гэдгийг тогтоодог байна. Үүнээс гадна Шаповын “ Өргөө дэхь гэрэл зургийн газар” гэсэн тамга бүхий цөөнгүй зураг Польшийн нэрт монголч эрдэмтэн В.Л.Котвичийн хувийн архивт байдаг аж. “А.Д.Шаповын авсан зургуудад тухайн үеийн Нийслэл хүрээний байдал, Гандантэгчилэн хийдийг барьж буй монгол хүмүүсийн дүр төрх, ахуй байдал шингэсэн байдаг бөгөөд, мөн В.Л.Котвичийг дагалдаж явсан хүмүүсийн гэрэл зургууд хадгалагдан үлдсэн байдаг. Тухайн үеийн оросын сонин, сэтгүүлд ч ийм зургууд хэвлэгдсэн байдаг билээ. Үндэсний төв архивын сан хөмрөгт буй Олноо өргөгдсөний XI он, цагаан сарын 20 хүртэл Нийслэл хүрээнд бүхий олон пүүс хороодыг тэмдэглэсэн дансны “Элдэв зүйлийн эд боловсруулах хороодыг бүртгэсэн бүртгэл”-д “Зураг авах газар, эдүгээ ажил хийлгэж бүхий хороодын тоо нэг, хаагдсан хороодын тоо хоёр, эдүгээ бүгд гурав” хэмээн тэмдэглэжээ. Харин эдгээр гурван “зураг авах газар” хаана байрлаж, ямар хүмүүс ажиллаж байсан, юуны учир хаагдсан зэрэгтэй холбогдох баримт одоогоор олдоогүй байна” хэмээн Улаанбаатар хотын музейн захирал “Гамма агентлагийн захирал С.Цацралт, үндэсний төв архивын дарга асан Д.Өлзийбаатар нар дээрх цомгийнхоо өмнөтгөлд бичжээ.

Тухайн үеийн гэрэл зурагчид монголын нүсэр ганган шашны баяр, гайхал төрүүлэм борчуул, баян тансаг язгууртнуудаас гадна магадгүй эрэгтэй жуулчдын сонирхолыг хамгийн ихээр татах монгол эмэгтэйчүүдийн зургийг авах ихээхэн сонирхолтой байсан болов уу гэж таамагламаар. Тухайлбал, XIX-XX зууны үеэс хадгалагдан ирсэн зургуудыг ажаад байхад, цөөн биш удаа зургаа татуулж, дүрээ мөнхлүүлсэнийг үзвэл М.Намсрай вангийн хатан тансаг хэрэглээг үнэлдэг баян чинээлэг язгууртан байхаас гадна хосгүй гоо үзэсгэлэнгээрээ алмайруулж байсан бололтой.

Их монголын уудам талаар аялсан нэрт судлаач, эрдэмтэд аян замын тэмдэглэлдээ монгол хүмүүсийн хувцаслалтын хэв маяг, донж, хийцийн онцлог, өнгөний зохицолгоог бишрэн өгүүлсэн байдаг. “Монголд хэд хоног, хэдэн жилээр амьдарсан Жиовани дель, Плано Карпини, Гиом де Рубрук, Марко Поло, Рой Чапмэн Эндрюс нараас эхлээд эдүгээ үеийн жуулчин, аялагчид монгол хүмүүсийн ганган сайхан хувцаслалтыг нийтээрээ ихэд анхаарч ажигласан нь маш сонин” хэмээн С.Цацралт өгүүллээ.

“Их хаадын нэгнийх нь хатан гэмээр тийм гайхалтай гоёмсог эмэгтэйг би өөр хаана ч харж байсангүй монголын хойд нутгийнхны заншил ёсоор, алтан ялтсаар чимсэн аргалийн эвэр шиг дугуйрсан эхнэр үсээр тэр гоёжээ. Энэхүү толгойн чимэгний төгсгөл хэсгийг чулуу шигтгэсэн алтаар бүрсэн агаад суран ташуур мэт сүлжсэн үсийг нь эрдэнэс битүү шигтгэсэн алтан ялтсан ороомог дундуур оруулжээ. Хоёр эврийн дунд хэсэгт, магнайн дээр нь угалз хээтэй, бадмаараг, номин чулуун шигтгээтэй алтан өмсгөл байх бөгөөд арын ирмэгийг нь булганы арьсаар захалсан дийзэн малгай тавьжээ. Магнайн алтан өмсгөлөөс нь бүсэлхий хүртэл хараа булаам сувдан унжлага унжина. Цамц, хантаазыг өнгө алагласан торгоор хийж, хоргойгоор гангалсан товгор мөр бүхий нүд гялбам хүрэм давхарлан өмсчээ. Хатад өмсөж эдэлсэндээ тохируулан намбаалаг төрх үзүүлнэ. Тэд гудамжаар алхаж явахдаа үе үе түр зогсож найз нөхөдтэйгөө аядуу намуун ярилцахаас гадна эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илгээгдэж буй нөхөрсөг мэндчилгээнд толгойгоо үл ялиг бөхийлгөх юм уу, үл мэдэг инээмсэглэлээр хариу барина” хэмээн Индиана Жонсын бодит дүр болох Рой Чапмэн Эндрюс Монголд хийсэн аялалынхаа тухай “Эртний хүний мөрөөр” номдоо бичсэн нь М.Намсрай вангийн хатны тухай өгүүлсэн мэт санагдана.

Хүрээ гоёл дэлгэрсэн нь: “Нэр нь үл мэдэгдэх хатан” маань нөхөртэйгөө авхуулсан хар цагаан зурган дээрх Халх эхнэрийн улаан өнгөтэй дээл өмссөн буйг Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр тодотгон хэлсэн юм. Галаа манаж суудаг монгол эмэгтэйчүүд галын улаан өнгийг шүтэж ирсэн билээ. Харин хатдын хацартаа түрхдэг улаан оог оросын эрдэмтэн И.Майский “ноёдын гэр бүлийн эмэгтэйчүүд хацартаа ягаан оо энгэсэг тавина. Энэ нь онцгой эрх ямбыг илэрхийлнэ. Ягаан оо энгэсэг тавьсан бол тэр эмэгтэй төрийн дээд язгууртнуудын төлөөлөл гэдгийг илтгэнэ”... хэмээн бичсэн байдаг.

XIX зууны сүүлч, XX зууны эхээр үед уламжлалт монгол хувцасны хийц, загварт өөрчлөлт орж, өнөөгийн дээлний хэв маягт аажмаар шилжсэнээс гадна “хүрээ соёл” дэлгэрч эхэлжээ. Суурин амьдралд шилжсэнээс үүдэж дээлийн урт ханцуй, өргөн нударга, суга, хормой зэрэг нь өдөр тутмын өмсгөлөөс хасагдаж, ууж, хантааз, хүрэмний хэрэглээ багасав. Мөн нүсэр ганган сувдан мөнгөн ээмгүүдийг ч халжээ. Хүн амын зонхилох хэсэг болох Халх ястанууд орчин үеийн маягаар хувцаслаж эхэлсэнээс хойш бусад үндэстэн ястанууд ч даган дуурайсан байдаг. “1921-1924 оны ардын хувьсгалын эхний жилүүдэд хамгийн эхэнд ноёд түшмэдийн зэрэг дэвийн хувцасыг халах шийдвэр гаргажээ. Тухайлбал, ноён дээлийг халж, дүрэмт хувцсанд шилжсэн байна. Энэ мэтээр нийгмийн шинчлэлтээс хамааран монгол дээл үл ялиг өөрчлөгдөж ирсэн боловч үндсэн зарчмаа хэзээ ч алдаагүй юм. 1940-өөд онд үсээ тайрч, дугуй малгай дан дээл өмсөх маяг бүсгүйчүүдийн дунд дэлгэрчээ. Монгол гутал ч халагдаж европын “шөвгөр хар” хэмээх түрийтэй гутал моодонд орсон билээ. Орчин үеийн маягийн хувцаслалтанд орос буюу европын соёл ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Тухайн цаг үед нийслэлд маань “оросын консулын дэнж буй болсонтой ч шууд холбоотой” хэмээн Монгол костьюмс музейн тайлбарлагч Г.Дамдинсүрэн өгүүлжээ.