Байгалийн эко аялал жуулчлалд идэвхтэй байр суурь эзэлдэг аяллын нэг төрөл нь “Цэцэг үзэх аялал” юм. Тус аялалд 50-иас дээш насны эмэгтэй жуулчид голчлон оролцдог ба цэцэгсийн талаархи мэдлэг боловсрол өндөр байдаг. Бие биенээсээ асууж сураглан таньж мэдэх, тааралдсан цэцгийнхээ зургийг дарж таашаал авах зэргээр аялдаг бөгөөд цэцэгсийг таслах, дээгүүр нь алхаж гишгэхээс зайлсхийдэг. Жуулчид ихэвчлэн тухайн цэцгийн орон нутгийн нэрийг андахгүй мэддэг бөгөөд шинжлэх ухааны нэрийг заавал мэдэж авах хэрэгтэй гэж улайрдаггүй онцлогтой. Гэтэл шувуу ажиглах аяллын хувьд орон нутгийн нэрнээс илүү олон улсын шинжлэх ухааны нэршилд маш их ач холбогдол өгдөг. Цэцэгний хувьд газарзүйн бүс бүслүүрийн шинж ижилхэн орнуудын ихэнх цэцэгс нэрийн утгаараа ижил байдаг. Тухайлбал, “Дурсгалж” гэдэг шинжлэх ухааны нэршилтэй цэцэгний хувьд “намайг битгий мартаарай” гэдэг утга нь орос, англи, япон, герман, франц гэх мэт олон хэлэнд ижилхэн шууд тэр утгаар орчуулагдсан байх жишээтэй.
Монгол орны төв буюу Архангай, Булган, Сэлэнгэ, баруун тийш Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс, зүүн тийш Хэнтий аймагт энэхүү аяллыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой. Жил бүрийн 6-р сарын 10-наас 7-р сарын 20 хүртэл хугацаанд Монгол оронд 40-80 орчим төрлийн цэцэг 10-14 хоног дамжин ээлжилж цэцэглэдэг. 6-р сарын дунд үед төвийн нутгаар 40 орчим төрлийн цэцгийг 7 хоногт ажиглаж харж амждаг бол баруун зүгт Баян-Өлгий, Ховдын нутагт 60 орчим төрлийн цэцгийг харж чадна. Цэцэг үзэхээр зорьж ирсэн жуулчдын хувьд ямар нэгэн цэцгийг онцолж зорилго болгох нь ховор. Харин аялах хугацаандаа аль болох олон төрлийн цэцгийг харж чадвал сэтгэл хангалуун байдаг боловч байнга тааралдаад байдаггүй үзэсгэлэн төгөлдөр цэцэгс буюу Сараана цэцгийн төрөл, Сибирь удвал, Ягаан ба Цагаан цээнэ, Цагаан уул цэцэг, Цахилдаг болон Яргуй цэцэгс, Башир цэцгийн төрлүүдтэй таарвал тухайн аяллыг маш амжилттай боллоо гэж үзэх нь түгээмэл. Цагаан уул цэцгийн хувьд дэлхийн 16 оронд хуулиар хамгаалагдсан байдаг учраас жуулчдын хувьд их хүндтэй цэцэг байдаг.
Говийн бүс нутагт дэлгэрэх цэцэгс төрлийн хувьд цөөн боловч говь хээрийн тал нутгийг битүү бүрхэн дэлгэрч жуулчдыг дуу алдуулан гайхашруулах тохиолдлууд бий. Зарим хүмүүсийн төсөөлөлд говийн бүсэд “цэцэг үзэх аялал”-ыг зохиох боломжгүй гэж ойлгодог. Харин ч эсрэгээрээ “үлдвэр ургамал” хэмээх тодотголтой эртний ургамал цэцгийн төрлүүдээс энэ бүсэд тааралдах нь бий. Говийн бүсийн цэцэгс хангай газрын цэцэг ургамлаас илүү тод, гүн өнгөтэй байдаг онцлогтой. Халуун нар төөнөсөн, хуурай салхилсан, гол усны нөөцгүй хахир хатуу нөхцөлтэй говь цөлийн бүсэд ч жуулчид болон дэлхийн ургамал судлалын мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан цэцэг ургамал нэлээд бий. Өөрөөр хэлбэл, нэн ховор статустай ургамлууд их ургадаг нь ургамал зүйн бүлэглэлээр бол гадныханд их сонирхолтой байдаг. Орос, Герман, Америк, Хятад, Японы эрдэмтэн судлаач аялагчид Монголын говь цөлийн бүсэд сүүлийн жилүүдэд идэвхтэй судалгаануудыг хийж байна. Оросуудын хувьд сүүлийн 50 жилийн туршид Монголын говийн ургамлын судалгааг “маш сонирхолтой” хэмээн хэрэгжүүлж иржээ. Говийн бүсэд Бүйлс, Ягаан сухай, Монгол догор, Потанины улаан тулам, Ацан цахилдаг, Хулангийн ундаа гэх мэт ховор цэцгүүд анхаарал татдаг. Мөн Заг модны үндсэн дээр празиталж ургадаг Цагаан ба Улаан гоёо нь судалгааны бас нэгэн судлагдахуун болно.
Монголчууд эртнээс нааш зуны эхэн сард цэцэглэсэн цэцэгсийг ажиглаж тухайн жилийн зуны байдлыг шинждэг заншилтай. Тухайлбал, 6-р сарын эхээр цагаан өнгийн цэцэг их дэлгэрвэл тэр зундаа хур бороо элбэгшинэ, цахилдаг ба яргуй цэцэгс оройтож цэцэглэвэл гантай, хуурай халуун салхитай зун болно гэх мэтээр цаг агаарын төлөв байдлыг урьдчилан мэддэг байсан уламжлал бий.
Mongolian guide tour ХХК-ны захирал Ч.Буянбадрах