Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал нэлээд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ хээрийн майхант аялал хийх нь олширчээ. Тийм хэлбэрийн аялалд оролцох гэж буй бол дараах бэлтгэлийг хангахыг зөвлөж байна.
- Цаг агаарын нөхцөлд тохируулан хөнгөн, дулаан, алхаж хөдөлгөөн хийхэд тохиромжтой хувцас бэлдэх.
- Өглөө оройн сэрүүнд сольж, давхарлаж өмсөхөөр, овор багатай хувцас бэлдэх.
- Хөлдөө тохирсон, өмсөж хэвшсэн, ус чийгний хамгаалалттай, хүнд бус, шагай давсан түрийтэй гутал бэлдэх.
- Хоёроос дээш хоногийн аялал бол сольж өмсөх гутлын нөөцтэй байх.
- Нарны малгай, хөнгөн нимгэн бээлий, нарны шил, борооны цув авах.
- Хувийн ариун цэврийн багцтай байх. Нар салхинаас хамгаалах тос, арьс чийгшүүлэгч, нүүрний гоо сайханы хэрэгслийг жижиг савлагаагаар авч явах.
- Овор хэмжээ ихгүй, зөөвөрлөх ачих буулгахад хүндрэл учруулахгүй байх, онгойлгож хаахад амар хялбар аяны цүнх бэлдэх.
- Тонгорог, гар чийдэн, шүдэнз, лаа, зүү утас, тэмдэглэлийн дэвтэр, үзэг бал, халаасны мөнгө зэргийг бэлдэх.
- Жижиг эмийн сан бэлдэх: Толгой, халууны эм, ходоодны эм, өвчин намдаах эм, шархны лент, бинт, хөвөн, дөрвөлжин алчуур гэх мэт.
- Зургийн аппарат, видео камер, нөөц зай, цэнэглэгч зэргийг бэлдэх.
- Чөлөөт цагаа өнгөрүүлэх үүднээс унших ном, хөзөр, даалуу зэргийг бэлдэж болно.
- Шалтай майхан, чийгнээс сэргийлэх гудас дэвсгэр, аяны хөнжил, хорхой шумуулаас хамгаалах тор, аяны сандал зэргийг бэлдэх. Майханы гадас, олс уяа зэргийн бүрэн бүтэн байдлыг шалгах.
- Хээрийн гал тогооны хэрэгсэл буюу газын плитка, нөөц газ, цэвэр ус, ганбанз, хутга, авсаархан хүнс хадгалах тагтай сав, хогны уут, хүнсний скоч, хүнсний хуурай ба нойтон салфетка, аяны халуун сав зэргийг бэлдэх.
- Шаардлагатай хэмжээний хүнс бэлдэх: Ундаа ус, лаазалсан ба вакумжуулсан мах махан бүтээгдэхүүн, сайн чанарын бэлэн хоол, хурдан болцтой гоймон, тараг, хатаасан жимс, самар, хатуу чихэр, талх, хүнсний ногоо гэх мэт.
- Аялалд оролцох болсон тухайгаа гэр бүлийн бусад гишүүддээ мэдэгдэх ба хаашаа аялах, ямар газар очихыг, хэнтэй аялах гэж байгаагаа заавал мэдээлсэн байх.
- Аялал эхлэх цагаас хоцрохгүй байх.
- Аяллын явцад буусан газар болон зам зууртаа ил задгай хог хаяхгүй байх, байгаль орчны эко байдлыг эвдэхгүй байх, тамхи татдаг бол гал түймрийн аюул гаргахаас сэрэмжлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх.
- Багаар аялах чадвартай байж, хамтын ажиллагаа, харилцааны соёлтой байж, аяллын хөтөч, аяллын багийн ахлагчийн зааварчилгааг мөрдөж аялах.
- Аяллын зарим үед явганаар аялах магадгүй тул бие болоод сэтгэл зүйн бэлтгэлтэй байх.
- Аяллын маршрутанд сүм хийд, шүтлэг мөргөлтэй газруудаар явахаар заагдсан бол өргөл болгох арц хүж, бутархай мөнгө, уут цаасгүй амттаны дээж, архи сүү, шар болон цагаан будаа зэргийг бэлдэхэд илүүдэхгүй бөгөөд аль болох хадаг яндраас татгалзах.
- Аяллын явцад морь тэмээ унахаар бол морины эзэн хөтөчийн зааврыг дагах, морь унасан үед зургийн аппарат хэрэглэхгүй байх, хувцас хунараа бүрэн товчилсон байх, бээлий өмсөх, морь тэмээ үргэхээс сэргийлж огцом хөдөлгөөн хийхгүй байх.
- Хээр хөдөө майхан барьж буухдаа гол уснаас зайтай, үерийн ус орж ирэх уулын амнаас хол байрлаж майханаа босгох, аль болох нутгийн айл болон жуулчны баазын бараа харагдах газар ойрхон буух нь тохиромжтой.