Өөрийн сул ба давуу талыг үнэл.
Та эрхлэх гэж байгаа бизнесийнхээ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд танаас шаардагдаж байгаа хэрэгцээ, бодит нөхцөл байдлыг үнэлэхэд энэ үнэлгээ нэн чухал.
Эхний алхам: Мэдээж танд байгаа чадварын сайн талуудыг “Давуу тал” гэсэн нэг баганад оруулан бичээрэй. Ийнхүү бичихдээ боловсрол, чадвар, санхүүгийн эх сурвалж гэх мэт өөртөө бүрэн итгэлтэй байгаа бүхий л эерэг үзүүлэлтээ жагсаан бич. Жижиг гэлгүй бүхнийг бич. Энэхүү жагсаалтаас та бизнест орохдоо чухам юунд тулгуурлан зориглол төрснөө олж харах боломжийг нээж өгдөг маш сайхан мэдрэмж төрүүлдэг ажилбар.
Хоёрдох алхам: Одоо бол харин “Давуу тал” нэртэй баганы харалдаа хойно “Сул тал” нэртэй баганы доор дутагдаж байгаа чадамж, нөөц, боломжоо жагсаан бич. Мөн л жижиг гэлтгүй нэг бүрчлэн бич. Энэ бол таны эн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудлууд тул маш анхааралтай бөгөөд үнэнчээр бич. Хөрөнгө мөнгө дутагдалтай, ажлын туршлага бага, зах зээлд байр суурь эзлээгүй, олонд танигдаагүй байгаа гэх мэт бүхий л хүндрэлийг жагсааж бич...
Гурав дахь алхам: Ийнхүү жагсаасан хоёр баганаа харьцуулаад хар. Давуу талын аль чадамж сул талыг нөхөж чадахуйц байгаагаар түүвэр хийж тэмдэглэл үйлд. Энэ тэмдэглэлд дурьдагдсан давуу ба сул талын уялдаа нь таны үйл ажиллагаандаа анхаарч байнга чадавхижуулж байх ёстой ажилбарыг илтгэх баримт тул цаашид мөрдөх үйл ажилллагааны зөвлөмж байдлаар хүлээж аваарай.
Дөрөв дэх алхам: Сул тал гэсэн ангилалд багтсан бүхий л асуудлыг ойролцоо агуулгаар нь гурваас таван бүлэгт багтаан ангилал хийж бүлэг бүрт түлхүүр нэр томъёог хавсаргаарай. Энэхүү бүлэглэсэн асуудлууд маань таны шийдвэрлэвэл зохих гол сэдвүүд буюу бизнес план бүтээхэд шийдвэрлэвэл зохих асуудлууд болж томъёологдох тул цаашид ч их хэрэг болно.
Бизнес ба хувийн зорилгоо тодорхойл.
Та энэ бизнесийг яагаад хийх гээд байгаагаа бодож үз гэсэн үг. Хариулт нь мөнгө олох, сайхан амьдрах гэсэн ерөнхий ойлголтууд байгаа бол энэ асуултад сайн бодож хариулах хэрэгтэйг тусгайлан сануулъя.
Таны бизнесийн ойрын ба алсын зорилго юу вэ?
Монголынхоо болоод дэлхийн зах зээлд ямархан байр суурь эзэлхээр зорьж байгаагаа өөрөөсөө асууж тодорхойл. “Би том болохоороо...” гэж ярьдаг балчир хүүхэд шиг битгий хайнга хандаарай. Энэ бол их хариуцлагатай асуудал. Учир нь энэ зорилго таныг амжилт өөд хөтлөх тул зорилгоо том бөгөөд оновчтой томъёолохын хэрээр амжилт өөд тэмүүлэх эрч урам нэмэгдэнэ гэсэн үг.
Ойлгомжтой байлгах үүднээс нэгэн жишээ татая:
БНСУ-ын ерөнхийлөгч Lee Myung-Bak-ын эдийн засгийн бодлогын гол цөм нь “747 төлөвлөгөө” юм. Энэ нь ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа
• Өөрийн орны эдийн засгийг 7 хувиар өсгөж, өсөлтийг хадгалах,
• БНСУ-ын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 40 000$ хүргэх
• Солонгос орныг дэлхийд 7-д жагсах хүчирхэг эдийн засагтай орон болгох гэсэн товч томъёолол юм.
Энэхүү зорилго биелэхэд хамгийн ойр бөгөөд бодитой гэдгийг онцолж байна. Тэрээр дэлхийд алдартай “Хьюндай” группын захирал байсан төдийгүй зорилгоо зөв тодорхойлж амжилт бүтээлийн манлайд явсаар ирсэн нэгэн юм. Түүний хүндэтгэлтэй хоч нь “Бульдозер”. Таны бизнес ч эдийн засгийн бульдозер байхын тулд таны бизнес юунд зорьж байгааг оновчтой бөгөөд энгийнээр томъёолж хандах чигээ тогтоогоорой.
Таны бизнес амжилттай боллоо гэж бодоход мөнгийг бороо мэт оруулж, хөрөнгийг уулс мэт хураасны эцэст та хэн байх учиртай вэ? гэсэн асуултыг одоо өөртөө тавь гэсэн үг.
Нэг биенд нэгэн зэрэг унаж болох мэт олон машин авах, нэгэн зэрэг амьдарч чадах мэтээр олон байр байшин барих зэргээр байх нь таны зорилго мөн үү? Одоо цагийн ололт амжилт дүүрэн байгаа бизнес эрхлэгч монгол залуус энэ талаар арай өөр хандлагатай болсон байна. Монголд амьдрах ногоон тасалбар нийтлэлийг бичиж бас ч үгүй “Монгол-999” хувьцаат компанийг санаачлагчдын нэг хатагтай С.Одонтуяа энэ талаар их ойлгууштай зүйлсийг ярьдаг нэгэн.
Алив хувийн зорилго энгийн хэрэгцээг хэрэглээ болгоход оршдог бол бизнесийн зорилго нь нийгмийн хариуцлага, бизнесийн нэр хүнд, брэндчилэл гээд олон ойлголтыг төрүүлдэг. Үүнийгээ зөв бөгөөд оновчтой тодорхойлсноор цаашид үүсэх таны компаний эрхэм зорилго, зорилт, уриаг үүсгэх эх сурвалж болох тул сайтар бодох нь зүйтэй.
Та яагаад хэн нэгэнд хөлсөөр ажиллахаас татгалзаж бие даан бизнес эрхлэх болов??? Нэгдүгээрт хувийн зорилго, хоёрдугаарт бизнесийн зорилгоо тодорхойлоорой.
Үүгээрээ, Та энэ бизнесийгэрхэлснээр хувь хүнийхээ хувьд ямар таашаал эдлэх, карьер хангах зэрэг байдлаар хаа хүртэл тэмцэхээ л тодорхойл гэсэн үг. Бизнесийн зорилго бол алсын хараатай, амжилт зөгнөсөн их хэтийг төлөвлөсөн зорилго байх учиртай.
Өөрийн санхүүгийн эх үүсвэртээ үнэлгээ хий.
Энэ бол таныг халаасанд байгаагаа сайн тэмтэр гэсэн үг.
Саяхан “Панасоник” компанийн үүсгэн байгуулагч Коносүкэ Мацушитагийн бүтээсэн номыг хэсэг залуус “Бороонд бид шүхэр барьдаг” нэрээр орчуулан гаргасан байна. Тэр номонд дэлхийн шилдэг брэндийг үүсгэн байгуулагч эрхэм “Гэрлийн углуурга үйлдвэрлэх бизнесээ эхлүүлэхийн тулд өөрт байгаа мөнгөн дээрээ найз нөхдөөсөө зээлсэн мөнгөө нэмж эхнэрийнхээ кимононуудыг барьцаалж зээл авсан нь эхний үйлдвэрлэлийг явуулахад хүрэлцэхүйц болсон” тухай өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгө, ах дүү, анд найзаас зээлэх болон барьцаалах аргаар зээлсэн мөнгө зэрэг нийт боломжит мөнгөө тооцоолж эхний үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгөө босгох хэрэгтэй гэсэн үг.
Алив үйл ажиллагаа ямар үр соёолсноос гарсан шим байх нь зүйн хэрэг. Хоосноос мөнгө босгох бол огт бүтэшгүй төдийгүй хоосны үр дүн хоосон байдаг гэдгийг санаарай. Байгууллагынхаа дүрмийн сан, ажилллагсдын хөдөлмөр хөлс, түрээсийн төлбөр зэргийг хэдий хугацаанд даах чадвартай мөнгө хураасан нь таны үйл ажилллагаа төлөвшихөд нэн чухал. Ерэн оны эхээр бүгд халаас хоосон байсан болохоор зээлд дулдуйдан шууд наймаа хийдэг байсан бол одоо 21 дүгээр зууны эхний бизнес гарааны зардалгүй л бол харамсал болон үлдэх магадлалтай. Өөрөөр хэлбэл эхний захиалга, эхний борлуулалтаар гарсан зардал олсон орлогоо тэнцүүлэх хүртэл хугацааг тэвчиж чадахуйц зардлаа эхлэн тооц. Ийм зардлаа огт бүрдүүлэлгүйгээр ёстой нэгэн зохиолын дуунд гардаг шиг “Болно доо Болно оо Хоёулаа” гээд л гүрэлзээд байвал босох гэсээр байтал нэг л мэдэхэд хэдэн жил ард хоцорч эхний хамтрагсад амьдралын мөрөө хөөсөн байх вий... Энэ бол амжилтанд хүрэх магадлал бууруулдаг нөр их тэмцлийн шуургатай учрах зам. За тэгээд зардлаа тооцох нэг хэрэг хамгийн гол нь зээлэн барин бүрдүүлсэн зардлаа нөхөх ажлаа яаралтай олж өрөө төлөх хугацааг аль болох богино байлгахын төлөө УРАГШАА...
Санхүүгийн эрсдэлээ тодорхойл.
Эхний захиалгат ажил авах хүртэл хугацаанд танд учирч болох эрсдлийг тооц гэсэн үг. Бие даан ажиллахад танд учирч болох эрсдлийг сайтар тооцоол. Энийг тооцоолоход эдийн засагт олон судалгааны арга бий ч энд би энгийнээр тайлбарлая.
Төрд болон хувьд хөлсөөр ажиллаж байхад албан хэрэгцээнд авч байсан бичгийн цаас, үзэг бал, компьютер, хэвлэгч, хувилагч бүхий л зүйл зардал хэлбэрээр тусна. Нэгэн цагт анд явсан нөхөд өнөөдрөөс таныг өрсөлдөгч гэсэн нүдээр харж хандлага нь шинэчлэгдэнэ. Үүнд таны сэтгэл зүй бэлэн үү??? Энэ бол тооцооны гадуурх эрсдэл.
Бүх зүйл үнэгүй мэт байхад бизнес амархан байсан бол амьсгалах агаар, алаг үр, амьдралын ханиас бусад нь түрээс нэхэж эхлэхэд санхүүгийн эрсдэл таныг мэрж эхэлнэ. Их ч бай бага ч бай гэр бүлдээ оруулдаг эсхүл өөрийгөө тээдэг байсан тогтмол орлого болох цалин хөлс үгүй болж өрийн баланс өдөр өдрөөр өсөх нь энүүхэнд таарах үзэгдэл. Энэ бүхнийг давж гарахад ахан дүүс, хамт олон, найзууд, ар гэрийнхэн чинь бэлэн үү? Тэд хэдэн хоног, сар, жил хүлээж чадах бол??? Энэ шалгарлын хугацаа хэдий хугацаанд үргэлжлэх нь тэр болгон танаас шалтгаалахгүй цэвэр нийгмийн харилцааны үзэгдэл гэдгийг бодитоор тооцоорой.
Түрүүний хэсэгт тодоорхойлсон санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн зөв зарцуулах тухай л энд яриад байгаа юм. Хамгийн түрүүнд түгээмэл таарах эрсдэл нь валютын ханшийн зөрүү, борлуулалтын хурд, таны гаргах бүтээгдэхүүний эрэлт хэр зэрэг байгаа зэрэгт суурилах боловч бизнес анх эхлэхэд тааралддаг хамгийн том эрсдэл бол таны гаргаж байгаа бүтээгдэхүүн төсөөлснөөс их зардлаар бүтэх гэсэн аюул байдгийг битгий мартаарай.
За тэгээд санхүүгийн эрсдэл тооцох талаар илүү ихийг мэдмээр магадгүй эрсдлээ тооцуулмаар байгаа бол мэргэшсэн хувь хүн хуулийн этгээдээр хийлгэх нь л дээр гэж би одоо боддог болсон.
Мөн даатгалын байгууллагад хандан эд хөрөнгийн, хариуцлагын, гэнэтийн эрсдлийн гэх мэт даатгалд хамрагдах нь бас ч үгүй олон улсад шалгарсан арга гэнэ. Мөн байгууллагын мөнгөний урсгалыг дансаар дамжуулах, хөдөлмөрийн хөлсийг картаар олгох зэргээр санхүүгээ анхнаас нь эрүүл бөгөөд яв цав хөтлөх нь эрсдлийн эсрэг ерөндөг гэж үзэж болно. За тэгээд мөнгөө дансаар илгээ гэхээр татвар энэ тэр гээд битгий олон юм бодоорой. Тэр татвар чинь анхнаасаа таны бүтээгдэхүүний өртөгт шингэсэн байх учиртай зайлшгүй төлөх ёстой зүйл бөгөөд арав орчим хувийн татвараас зйалсхийхийн тулд бүхий л хөрөнгөө ямар ч бүртгэл, хяналт, төлөвлөгөөгүй халааснаасаа зарцуулж байгаа нь одоогийн шинээр бизнес эрхлэгчдийн алдаа юм.
Бизнес эрхлэх тухай олон хүний ойлголт “Мөнгө олох” л гэж үзэж байна. Харин амжилттай бизнесийн зарчим бол санхүүгийн сахилга бат бөгөөд их мөнгө оллоо ч сахилга батгүй зарцуулах нь алсдаа амжилтыг үгүйсгэх сөрөг тал болдог. Үй олнооро унасан хадгаламж зээлийн хоршоод орлого олоогүй гэж үү, энэ олон дампуурсан банкууд мөнгө татаж чадаагүй гэж үү? Тэд санхүүгийн урсгалаа л задгай тавьснаас хамаг сүйрлийн үр хөврөл ургасан түүхтэй...
Сүүлийн хорин жилийн хугацаанд манай оронд тогтосноосоо устсан компани олон байгааг анхаараад харах тусам санхүүгийн сахилга бат, зарцуулалтын шугамаа жолоодоогүйгээс л эрсдэлд унаж улмаар сүйрсэн болох нь харагдаж байна. Та сүйрсэн бизнесийн тоог нэгээр нэмэх гээгүй л бол эхнээсээ данс тооцоогоо сайн хөтөлж орлого зарлагаа зөв жолоодох аргаар санхүүгийн эрсдлийг бууруулаарай.
Онолын хувьд судалгаагаар тогтоогдсон эрсдлийг жолоодох боломж байдаг бол тооцоолоогүй буюу үйл ажилллагааны алдаанаас үүссэн эрсдэл бол эдгэшгүй өвчин залруулахад хамгийн хүнд эрсдэл байдгийг л энд би хэлэх гэсэн юм.
Эхлэлтийн өртөгөө тодорхойл.
Таны хийх гэж байгаа бизнес ер нь ямархан өртөгөөр босох тухай бодоод, тооцоолоод үз. Хэдэн хүн цалинжуулах вэ? Хэрхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсхүл бүтээх эсхүл худалдан авч дамжуулан борлуулах вэ? гээд гарч болох зайлшгүй зардлаа тооцоолоод цаасан дээр буулга.
Нэг хүнд хэдэн төгрөгийн хөлс төлж байна гэдгээс нэг хүн нэг цагт хэдэн төгрөгийг танаас авч байна? Нийт хэдэн төгрөгийг цалингийн санд зарцуулж байна?
Түрээсийн байранд хэдэн төгрөгийг зарцуулж байна.
Шатах тослох материал болон тээврийн зардалд хэдэн төгрөг орж байна гээд бүхий л зардлаа тооцосны эцэст таны гарааны зардал буюу өртөг тодорхойлогдоно. Энэхүү зардлыг сараар, улирлаар, хагас жилээр, бүтэн жилээр гээд урьдчилан тооцоолж үзэх хэрэгтэй бөгөөд өөрийн санхүүгийн эх үүсвэртээ уялдуулан шинжилж тооцоолоорой.
Бизнесийн байршлаа тодорхойл.
Та хаана ажиллахаас их юм шалтгаална шүү. Та нийгмээс олж байгаа орлогоо өсгөхийн тулд худалдан авагчийнхаа байрлалыг олж тогтоо. Таны байрлалыг худалдан авагч тодорхойлно уу гэхээс та өөрөө тогтоох нь маш их эрсдэлтэй. Үйл ажиллагаа амжилттай байхын үндэс нь төвлөрсөн оффисын байрууд болон олны хөл хөлхөсөн газар байх нь илүү оновчтой.
Та “Нарантуул” захын лангууны өдрийн орлого захын байрлалтай дэлгүүрийн сарын орлоготой тэнцдэгийг эрх биш мэдэх биз. Монголын худалдааны олон компаниуд төв захын контенороос ихэнх борлуулалтаа хийдгийг сонссон байх. Тэрхүү захыг тойрч үй олон өрх гэр үйлчилгээ үзүүлэн орлого олдог болох нь тодорхой.
За тэгээд шууд “Нарантуул”-аар гүйгээд бай гэсэн үг биш шүү. Хаана худалдан авагч байна та тэнд л бай гэсэн үг. Борлуулалт хийж байгаа бол төв болон дагнасан зах маркетуудыг бараадсан нь дээр харин зөвлөгөө үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол зөвлөгөө авахуйц нөхдийг олж тогтоож бараадсан нь дээр гэсэн үг.
Бизнесийн байршилдаа орхиж үл болох нэгэн сегмент бол мэдээллийн технологийн орон зай юм. Өөрийн гэсэн сайтаар албан ёсны байр сууриа хил хязгааргүй мэдээлэх учиртай.
Хэвлэл мэдээллийн орон зайд ч өөрийн гэсэн бизнесийн орон зайг эзлэх учиртай бөгөөд нэг их том бизнес яриад л өрөөндөө бясалгаад суувал нэг л өдөр зах зээлийн галт тэргэнд суух тасалбараа үхүүлсэн байх вий.
Эгэл монгол эмэгтэй “Дижитал центр” нэртэй компани үүсгэж арлын Японы хэвлэлийн бүтээгдэхүүний текст мэдээллийг боловсруулан мэйлдэж улмаар хил дамнасан бизнесийг хил хязгаар, гааль дарамт үгүйгээр эрхэлж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн минь сайхан дурсамж.
Хориннэгдүгээр зуун та хаана байгаагаас үл хамаарч, бизнес чинь хаа хүрч чадаж байгаагаар чинь тодорхойлдог болсон болохыг анхаарвал зохилтой.
Үүнийг л бизнесийн байрлал гэж өргөн утгаар нь ойлгоорой.
Зах зээлийн судалгаа хий.
Зах зээлд бодитой байгаа эрэлтийг тодорхойлох нь энэ судалгааны амин сүнс. Одоо ч энэ төрлийн судалгаа хийдэг нөхдүүд олон болж дээ гадуур. Сайн муу нь л гол асуудал болохоос.
Хорин жилийн тэртээ нэгэн хөвгүүнтэй танилцсан юм. Тэр хөвгүүн одоо том залуу болсон төдийгүй бизнесийг ч амжилттай эрхэлж байгаа нь ажиллаж байгаа далайц, эрхэлж байгаа үйл ажиллагаанаас нь харагддаг юм. Түүнийг Эрдэнэбатын Нандинзүрх гэдэг. Тэрээр 1990 оны эхээр “Би маргааш их дэлгүүрээс авахуулаад бүх дэлгүүр захаар явах ажилтай” гэж хэлсэн юм. Тэрээр 14 хөн насандаа зах зээлийн судалгааг өөрийн биеэр хийсээр ирсний хүчинд өнөөдөр хэний ч дор орохооргүй бизнесмэн болсон нэгэн. Үүнийг дурьдасны учир нь та зах зээлийг өөрийнхөө нүдээр харж, биеэр мэдэрч, төсөөлөл таамаглалдаа тулгуурлан сайтар ажиглаж судлах хэрэгтэйг хэлэх гэсэн юм. Тодорхой өртгөөр хийлгэсэн судалгааны баримтыг бурхны сургаал мэт дагахаас өмнө өөрийн ажиглалтад тулгуурласан судалгааг хийж итгэл үнэмшлээ бэхжүүлэх юу юунаас илүү гэдгийг сануулах гэсэн юм. Судалгааны баримт нь гарах гарц заах сайн талтай ч эрсдэл хийх зориглолыг мохоодог муу талтай.
Дээр дурьдсан “Панасоник” фирмийн захирлын бүтээсэн номын утга санаа нь бизнес эрхлэгчийн зөн совин бизнест амжилтад хөтөлдөг болохыг дурьдсан байгаа нь ч хоосон хэрэг биш билээ. Бизнес эрхлэгчийн өөрийн судалгаанаас үүссэн итгэл үнэмшилдээ тулгуурлан төрсөн зөн совингоо бизнес болгох нь амжилтад хүрэх түлхүүр байдгийг санууштай.
Худалдан авагчаа тодорхойл.
Хүн бүхэнд таарах зүйл гэж байхгүй тул таны бүтээгдэхүүн хэн нэгэнд амин хэрэгтэй бол хэн нэгэнд огт хэрэггүй гэдгийг ялгаж салгаж ойлгоорой.
Таны өртөг шингээж, хөрөнгө зарж, хүч оруулсан бүтээгдэхүүнийг хэн худалдан авах вэ? гэсэн асуултад хариулт олох нь энэ ажиллагааны утгыг илэрхийлнэ.
Худалдан авагчийн худалдан авах чадвар таны бүтээгдэхүүний үнэ цэн хоёрын хамаарлыг тооцож үз. Худалдан авах хүсэл хэрэглэгчид байсан ч худалдан авч чадахгүй бол яана?
Та дэлгүүрт ороод үз. “Хеэд энд Шоулдэрс” нэртэй, орчуулбал “Толгой ба мөр” гэх маягаар жаахан болхи буух шингэн саван байгаа. Энэ бол дэлхийн брэнд. Борлуулалт орлого энэ тэрийг энд тоочих нь ч илүүц. Харин үнийг хар боломжийн хэрэглээнд нийцэхүйц байгаа.
Баруун европ америкийн зах зээлд ч энэ бүтээгдэхүүн байна. Монголд “Жетро” гэж дэлгүүрийнхэн яг энэ бүтээгдэхүүнийг Америкаас оруулж ирсэн байна. Үнийг нь харьцуулаад үз даруй 6 дахин өндөр үнэтэй. Хэрэглээд үз илүү төлсөндөө харин ч харамсахгүй шүү.
Үүнээс бүтээгдэхүүний үнийг багц нь хэрэглэгчээ зөв тооцоолсон мэдрэмжтэй байхыг харуулж байгаа бөгөөд худалдан авагчийн халаасны чадамж бизнесийн амжилтыг илэрхийлдэг болохыг харуулж байна.
Худалдан авагчаа өөрийн жижиг зах зээлд нийцэхүйцээр судал тэгээд эзэл дараа нь дахиад зах зээлээ томруулж судал тэгээд эзэл. Нэгэнт эзлэгдсэн зах зээлийг үндсэн зах зээл гэх бөгөөд тэлж байгаа зах зээлийг зорилтот зах зээл гэнэ.
Хүүхдийн тэжээлийн “Нистлэ” компани, гоо сайхан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Проктер энд Гэмбл” зэрэг нь хэдэн зууны турш ийнхүү судалж тэлж, заримдаа агшсаар дэлхийг эзэлсэн брэнд билээ.
Та тал мэт уудам зайд бизнес эрхэлье гэвэл тэнгэр уужим сэтгэж, судалж, ажиглахыг зөвлөж байна.
Өрсөлдөгчөө тодорхойл.
Бизнесийн хамгийн гайхамшиг бол өрсөлдөгчөө зөв тооцоолж ажиллах юм.
Таны хамгийн том өрсөлдөгч бол цаг хугацаа. Өөрөөр хэлбэл цаг хугацаа хамгийн шударга бөгөөд энэрэл өршөөлгүй өрсөлдөгч. Таныг унтаж, амарч, шоудаж байсан ч тэр урсан өнгөрсөөр л байна. Цаг хугацааг хэмнэж байна гээд өдөр шөнөгүй ажиллаад өөрийгөө зовоож эцэст нь үр дүнгүй үхэх тухай энд би яриагүйг санаарай. Хамгийн чухал нь цагийг үр бүтээлтэй, амтлаг өнгөрүүлж, сонирхолтой амьдрах л чухал болохыг хэлээд байгаа юм. Их гэвш Майкл Роучийн “Очироор огтлогч” гэж нэг сайхан ном бий. Торгоны зам рестораны эзэн Энхээ гэж залуу(Яагаав нөгөө "Хоолондоо" нэвтрүүлгээр хоолны урлаг заадаг) энэ номыг надад өгсөн юм. Үнэхээр гайхалтай ном та ч олж уншаарай. Тэр номонд бизнесийн гурван үнэт зүйлийг маш энгийн бөгөөд ойлгомжтойгоор хэлсэн байгаа тул тэндээс дэлгэрүүлэн үзнэ биз.
Таны дараагийн өрсөлдөгч бол хэзээ ч хангалттай бус мэт санагдах мөнгө хөрөнгө. Сайхан бизнес хийх гэхээр мөнгө л дутаад байгаа мэт санагдвал энэ буруу хандлага шүү. Та бизнес хийж мөнгө босгох гэж байгаагаас бус мөнгөөр тоглох гээгүй гэсэн аксиомыг санаарай. Гарааны хөрөнгө чинь хангалттай бус санагдвал өөр эх сурвалж хай. Банкны зээл, бусад үйл ажиллагааны зарлагаа бууруулах гэх мэт аргуудыг хай. Ингээд ч бүтэхээргүй бол одоохондоо танд ахадсан зүйл болохыг хүлээн зөвшөөр. Ийнхүү хүлээн зөвшөөрөх нь бууж өгч байгаа хэрэг огт бус гагцхүү дараагийн дайралтаараа эзлэх зорилго дэвшүүлж заавал ялах хүсэл, итгэл үнэмшил олоорой гэсэн үг.
Мэдээж гурав дахь өрсөлдөгч бол ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа болон энэ салбарт тэргүүлж байгаа нөхдүүд. Тэднийг хайрлаж, хүндэтгэж харилц. Шууд бүү дайсагна. Тэднээс суралц, амжилтад хүрсэн аргыг нь судал тэдэн шиг байхыг хичээ. Нэг л өдөр тэд тан шиг байхыг хичээх цаг ирнэ. Өрсөлдөгчийн сул тал таны амжилтын гишгүүр бөгөөд таны сул тал тэднийг тан дээр гарч үргэлж дээрээс чинь харьцах индрийн гишгүүр. Сул талгүй хүн нэгээхэн ч үгүй боловч өрсөлдөгчийн сул талыг шударга өрсөлдөөнөөр ялах хэрэглүүр болгох нь чухал. Түүнээс бус ямар ч хамаагүй аргаар ялах нь угтаа ёс зүйгүй бизнесийн уур амьсгал үүсгэж эцэст нь олонхоороо таныг үзэн ядах замыг нээнэ гэсэн үг. Ийн ганцаардсан бизнес эрхлэгчид цөөн биш байгааг санавал зохино.