Галбингаа гэдэг охин тэнгэр байжээ.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Д. Цэвээндорж:

Бурхан халдуны ойролцоо газраас хотын туурь олдсон гэх юм. Бодитой мэдээлэл мөн үү? Том хот биш л дээ. Ойролцоо нь нэг жижиг ордны туурь олдсон. Олон улсын Монгол судлалын холбооны Ишдорж хэдэн хүнтэй малтаж байгаа. Нэг их том хот биш.

Хэдий үед хамаарах орд юм бол? Хубилайн ач юм уу, ачинцарынх нь орд гэж таамаглаж байгаа.

Бурхан Халдуны орой дээр хүний гараар өрсөн юм шиг чулуунууд байдаг учраас доор нь Чингисийн онгон, хотын туурь ч юмуу, заавал нэг юм бий гэсэн таамаг байдаг. Энэ таамаг бодитой байж болох уу? Нэг нөхөр сонгуульд нэр дэвших гэж очоод ийм яриа гаргаж байсан юм. Бурхан Халдуны орой дээр хүн өрсөн юм шиг чулуунууд байгаа учраас доор нь Чингисийн булш бий гэж баахан шуугисан. Том уулын орой дээр гарч үзээгүй улсын л яриа. Богд уул, Цэцээ гүн, Отгонтэнгэр уулс гээд том уулс бүрийн орой тийм тогтоцтой. Ийм яриа гарсны дараа би байгалийн тогтоц нь ийм гэсэн жижиг мэдээ бичиж байсан.

Чингисийн онгоныг япончуудтай нийлж хайхад археологи, судалгааны ангийг нь та ахалсан.  Таныхаар Чингисийн онгоныг олж чадаагүй шалтгаан юу вэ? Чингисийн булш Бурхан Халдуны хавьд Хэнтийн ууланд байгаа гэдэг нь маргаангүй. Гэтэл Чингисээс өмнө 17, Чингисээс хойно 22 хаадын оршуулга тэнд бий. Нэг нь ч олдоогүй. Их нууцалсан хэрэг л дээ. Хамтарсан экспедицийн хувьд 1990-1993 оны хооронд ажилласан. Асар их хүч, хөрөнгө зарсан. Надаас гадна палеонтологийн судалгааны ангийг Р.Барсболд гуай, сансар судлалыг Ганзориг ахалж байлаа. Хүрээлэнгийн голлох хүмүүс ажилласан. Морьтой, явган, нисдэг тэрэгтэй, машинтай хайсан. Ямар ч сэжүүр олоогүй.

Тухайн үед ямар багаж ашиглаж хайсан бэ. Хэтэрхий гүнд нутаглуулсан болохоор олдоогүй байж болох уу? Георадарын багаж хэрэглэсэн. Машинаас чирээд явдаг антенн байгаа юм. Газар доорх зүйлс тусгай экран дээр харагдана. Жишээ нь: газар доор хоёр, гурван метрийн гүнд, нүхнийхээ мухарт байгаа тарвага шар будааны чинээ харагдаж байгаа юм. Тийм нарийн техник хэрэгслийг бүх газарт ашигласан. Өөр нэг ашигласан багаж нь таван метр, тавин см урттай, хагас тонны жинтэй урт антенн. Нисдэг тэрэгнээс зүүгээд явдаг юм. Тэрийг авчрахын тулд цөмийн зэвсэгтэй долоон гүрнээс зөвшөөрөл авч байлаа. Газрын доорх 30 метрийн гүнийг мэдрэх чадалтай эд. Мөн л байх ёстой гэсэн бүх л газраар үзсэн.

Та түрүүн Хархорины мөнгөн модны орой дээрх баримал олдсон гэж ярьж байсан. Мөнгөн модны орой дээр яг ямар баримал байсан юм бол? Одхүү гэж түүх, соёлоо хүндэтгэдэг нутгийн залуу нэг өдөр “Хүн цээжтэй, шувуун бөгстэй жижигхэн баримал олдлоо” гээд ирсэн юм. Удсан ч үгүй өнөө баримлаа аваад ирлээ. Яах аргагүй хүн цээжтэй шувуун бөгстэй баримал байна. 20-30см-ийн өндөртэй. Нүүр толгойн хэсэг нь эвдэрчихсэн. Би ч ном судар харж судалж байгаад “Хархоринд байдаг мөнгөн модны орой дээр байсан охин тэнгэр энэ байх нь” гэсэн агуулгатай өгүүлэл биччихлээ. Галбингаа нэртэй, Энэтхэг, Индонез хавиас наашилсан охин тэнгэр байсан л даа. Намайг өгүүллээ бичсэний дараахан Хархорин дээр олон жил ажилласан Германы эрдэмтэн мөнгөн модны орой дээрх баримал биш гэсэн өгүүлэл бичиж байсан юм. Гэтэл саяхан мань хүн “Ерөөсөө энэ таамаг зөв байна. Мөнгөн модны орой дээрх баримал яг биш ч гэлээ жижигрүүлсэн хувилбар яах аргагүй мөн. Мөнгөн модны орой дээр ийм баримал байсан” гэсэн агуулгатай судалгааны шинэ өгүүлэл гарсан сурагтай. Олж уншиж амжаагүй явна. Удахгүй ирэх ёстой. Тэр баримлуудыг хийдэг байсан зуухуудыг нь хүртэл олсон. Хархорины ус суваг гэж байдаг даа. Яг хажууд нь Хархорин хотын барилгын гоёл чимэглэлийг хийдэг долоон найман зуух тэр хэвээрээ байна. Бид малтаж олоод эргүүлээд булсан. Дээгүүр нь шилэн хорго хийгээд жуулчдад сонирхуулахад боломжтой зүйлс.

Сүүлийн үед олдсон шинэ олдворуудаас сонирхуулаач? Манай шинжилгээний ангиуд олон чиглэлд гарсан. Сэлэнгэ, Булганд ажилласан хүмүүс маань чулуун зэвсгийн хүн нутаглаж байсан хэд хэдэн жижиг суурин оллоо. Сэлэнгэ аймгийн нутагт Оросуудтай хамтарч ажилласан чулуун зэвсгийн анги 30, 40 мянган жилийн тэртээ хүн нутаглаж байсан том хэмжээний суурин газрыг малтан судалж байна. Өмнө нь манайхан Алтайн цаад тал, говь, төв Монголд их ажиллаж байснаас Монголын хойд талын нутагт судалгаа хийж байсангүй. Говьд нь хүн амьдраад байсан, хангайд байгаагүй юм шиг бодоод байдаг. Гэтэл тиймгүй гэдгийг тогтоолоо. Уг нь хориод жилийн өмнө сэжүүрийг нь олсон ч малтаж судлах завгүй явсаар өнөөдрийг хүрсэн юм. Сэлэнгэ мөрний хөндийгөөс 30 мянга орчим жилийн тэртээх томоохон хэмжээний чулуун зэвсгийн буудал олдоно гэдэг археологийн судалгааны хувьд онц ач холбогдолтой.

Сүхбаатар аймгийн нутгаас Их Монголын үеийн нэгэн хааны ордны туурь олдсон гэж сонссон. Тэр үеийн хаад Хархорин хавиар төвлөж суурьшсан баймаар юм? Сүхбаатар аймгийн нутагт Байшинтын застав гэж бий. Байшинт гэдэг маань эртний ордны туурь болж байна л даа. Яах аргагүй XIII, XVI зууны үеийн ордон. Хархоринд байдаг шиг орд байна. Ордны гоёл чимэглэлийн ногоон, шар паалангууд олдож байгаа. Тэр бүү хэл тухайн үеийн худаг нь устайгаа байна. Манай хил дотор, яг хилийн бүсэд байгаа юм. Гэхдээ хэн гэдэг хааных вэ гэдэг нь тогтоогдоогүй байна. Түүхэнд тэр хавьд тийм хаан нутаглаж байсан гэх мэдээ бидэнд алга. Үүнийг түүхэн сурвалжтай холбож тодруулах хэрэг байна. Өмнө нь бид Хархоринд гол юм бий гэдэг байсан, гэхдээ Монгол орны өнцөг булан бүрт эртний ордны тууриуд олдож байгаа. Тэр дундаа говийн бүсээс эртний ордны туурь олдоно гэдэг маш сонин. Зайлшгүй судлах шаардлага гарч ирж байна л даа.

Тэгэхээр эзэнт гүрний үед Хархориноос гадна том том суурингууд олон байжээ дээ? Хэмжээний хувьд томгүй байж болох ч орд байна гэхээр тухайн үеийн ойлголтоор гайгүй суурин байсан хэрэг. Манай хүрээлэнгийн дундад зууны секторынхон Булган аймгийн нутагт  багагүй хугацаанд ажиллаж эртний хот, суурингийн тууриуд оллоо. Хүннүгийнх ч байна. Арай хожуу үеийнх ч байна. Өмнө нь энэ хэсэгт олдоогүй судлагдаагүй тууриуд. Ер нь монголын нутаг дэвсгэрт 200 гаруй хот суурингууд байсан нь мэдэгдсэн. Энэ тоо нэмэгдэж байгаа. Сэлэнгэ, Булган, Хэрлэнгийн сав хөндийгөөс эртний тууриуд олдож байна. Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаас илэрч байна. Өмнөговийн нутгаар ч илэрсэн. Өөр сонирхолтой асуудал бий. Чингисийн нэртэй хэрэм байдаг юм. Говийн нутаг цааш дамжин зүүн тийш яваад Дорнодоор дайрсан их урт шороон хэрэм. Үүнийг судлах ажил дээр манай хүрээлэнгийн Энхтөр өмнөхөөс сонин санаанууд гаргаж ирж байна. Урьд нь Английн нэг нөхөр ямар ч судалгаагүй захиалгаар шахуу цагаан хэрэм энд байсан гэж ирээд бичсэн тал бий. Манай хүрээлэнгийнхний хувьд шавар ваар, янз бүрийн зүйлийг нь судалж шинжлээд хэрмийн нэг хэсэг нь XIII зууны үед, баруун талын хэсэг нь XVI зууны үед боссон гэж тогтоолоо. Цаг хугацааны олон үед босгосон урт хэрэм байх нь л дээ. Өгөөдэй хаан хойд нутгаар хэрэм байгуулж байсан. Магадгүй урд талаар нь ч байгуулсан байж болох. Энэ мэт тодотгох шаардлагатай зүйлс бий.

Нэг хэсэг Монголоос олдсон мөнх цэвдэгийн булш дэлхийн археологийн шинжлэх ухааны шилдэг нээлт боллоо гэж шуугиж байсан. Тэр яг ямар учиртай булш байсан бэ? Миний бие Орос, Германы эрдэмтэдтэй хамтарч Алтайн нутагт хийсэн малтлагаар олдсон мөнх цэвдэгийн булш. Одоо манай залуус тэнд Францын экспедицитэй хамтран ажиллаж байна. Бидний олсон булшны хувьд хоёр морьтой, иж бүрэн хувцастай, нум сум, саадаг, зэр зэвсэгтэй оршуулга байсан. Америкийн “Дисковери” сэтгүүлээс тухайн орны дэлхийн археологийн арван шилдэг нээлтийн нэрээр шалгаруулсан юм. Ийм төрлийн булш нэлээд хэдэн газар бий. Цэвдэггүй ч үүнтэй адил хэд хэдэн булш Монгол Алтай нурууны хавиас олдож байна.

Хэдий үед амьдарч байсан ямар угсааны хүмүүсийн булш юм бол? Манай тооллын өмнө, 2500 орчим жилийн тэртээ нэг өвөрмөц овог аймаг байж. Тэдний булш Оросын нутгаас ч олдсон. Нэг их айхтар том биш ч тун өвөрмөц овог. Цомхон аймаг байснаа дараа нь гэнэт алга болчихсон. Манай хүрэл зэвсгийн аймгуудаас өөр. Өмнөд Сибирийнхээс ч ондоо, хятадтай ч ижилгүй. Мөрийг нь хөөхөөр бүр урагшаа явж байгаад Хятад хүрсэн байдаг. Цөөхөн бүлээрээ өмнөд хятад хүрсэн ул мөр мэдэгдэж байна. Иран гарал угсаатай шиг байгаа юм.

Хүннүгийн булшны малтлагаас өчнөөн л сонин зүйл гарч байсан. Археологичийн хувьд “үнэхээр гайхалтай” гэж дуу алдахаар ямар олдвор хүннүгийн булшнаас гарч байсан бэ? Хүннүгийн булшнуудыг ноднин уржнан малтсан юм. Ноён ууланд малтсан булшнаас гайхамшигтай зүйлс олдсон. Нэг нь Грект хийсэн мөнгөн чимэг. Гераклийн туульстай холбогдон эрэгтэй, эмэгтэй хүний дүрслэлтэй мөнгөн чимэг л дээ. Нөгөө гайхалтай зүйл нь хивс. Мөнгөн чимэг, шилэн аягыг Ромынх, Монголын хаанд бэлэглэсэн юм гэж ирээд сонин хачин болгодог. Гэтэл тэр шилэн аягыг хэдэн ч хувь хийсэн байж болно. Харин бидний олсон хивс бол огт өөр. Гар аргаар нэхсэн. Метр 20 орчмын өргөн, 3 метр орчим урттай. Дээр нь хүннүгийн хаан бололтой, сэнтийд заларч буй хааны дүрийг урласан. Ираны хүмүүс хаан руу очиж буйг дүрсэлсэн зураг бүхий хивс байгаа юм. Хивсэн дээр дүрсэлсэн хүмүүсийн нүүр царай нь хачин тод. Хивсэн дээр урласан хүн бүрийн царай өөр. Дүр төрхийнх нь онцлог хачин тод гарсан гэдгээрээ онцгой хивс.

Ямар учиртай хивс юм бол, нарийвчилж судалсан уу? Судалж үзлээ. Ираны орчин үеийн хивсэнд байдаг уу, эртнийхэнд нь байдаг уу гэдэг нь олдохгүй байна. Гэтэл урласан стиль нь яах аргагүй Ираных. Эндээс ухаж бодохоор хүннү нар Ирантай холбоотой байсан асуудал гарч ирж байгаа юм. Тэр үед байсан торгоны зам маш том. Хятадаас эхлээд Грек, Европ хүрсэн зам шүү дээ. Тэр зам дагуу хүннү нар нутаглаж торгоны замын ачаа тээшийг нааш цааш нь зөөдөг байж. Торгонын замыг эзэмшиж байсан гол улс нь хүннү нар байх нь л дээ. Энэ утгаараа бидний олсон хивс шинжлэх ухааны чухал нээлт. Тийм хивс Иран, Монголд байхгүй. Бүр сэргээн засах ажлыг Оросууд Новосибирскт хоёр жил гаруй хугацаанд хийсэн.

Оросоос авчирсныхаа дараа хүмүүст сонирхуулсан уу? Засгийн ордон, Үндэсний түүхийн музейд гаргасан үзэсгэлэнгийн үеэр сонирхуулсан.

Одоо хаана очиж сонирхож болох вэ? Музейд тавих гэхээр нөхцөл алга. Тусгай чийгшилтэй орчинд тусгай темпаратурт хадгалахгүй бол өнгө нь алдагдана. Музейд гарсан үзэсгэлэнд хивсээ сонирхуулах үед Үндэсний түүхийн музейн захирлаар урлаг судлаач Ж.Саруулбуян ажиллаж байсан юм. Ухаантай хүн учраас “хоёулаа дэлхийн соёлын гайхамшиг болсон ийм хосгүй юмыг устгачихаж болохгүй. Шаардлагатай үед гаргаж ирж сонирхуулж байя. Музейд хадгалах орчин бүрдэхээс өмнө дэлгэж болохгүй” гэсэн л дээ. Ондоо хүн гоё гэж дуу алдаж өлгөсөөр байгаад үнэ цэнийг нь алдуулчих эрсдэл байсан. Одоо битүү хайрцганд хадгалж байна.

Археологийн олдвороос харахад бурхан шашны эд өлгийн зүйлс хамгийн эртдээ ямар үед хамаарч байна? Түүхэн баримт үзэхэд Хүннүгийн үед бурханы шашны зүйлс олдсон гэх баримт байдаг юм. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн гайхамшигтай зүйл бол Хархорины дэвсгэр дээр байгаа бурханы шашны сүм. Өмнө нь Өгөөдэй хааны 64 баганатай Түмэн амгалан орд гэж үзэж байсан л даа. Дөчөөд онд анх удаа чулуун довжоог илрүүлээд цааш нь малтаж чадаагүй юм. Сүүлийн хэдэн жил манай залуус германуудтай нийлж малтаж үзэхэд Өгөөдэй хааны үед байгуулагдсан бурхан шашны маш том сүм байсан. Тэндээс бурханы шашинтай холбоотой өчнөөн юм олдсон.

Өгөөдэй хааны ордны туурь гэж сонсч байснаас бурхны шашны сүм байсан гэж сонсоогүй юм байна? Хэвлэлд бүрэн бүтнээр нь нийтэлж амжаагүй байна л даа.

Тэгвэл Өгөөдэй хааны жинхэнэ ордон хаана байж таарах вэ? Малтаад үзэхээр Эрдэнэзуу хийдийн дор байна. Судалгаа хийхээр ордных нь хэсэг олдож байна. Удахгүй малтлага хийх байх. Хот малтана гэдэг амаргүй. Хорь гучин жил бүр зуун жилээр ч малтдаг. Гэхдээ сэжүүр бариад авна гэдэг учиртай.

Археологийн судалгаагаар олдсон ном судар бий байх. Онцолж хэлэхээр судар гэвэл юу байна? Булганы Дашинчилэн сумын нутгас Хөдөөгийн Пэрлээ багшийн олсон үйсэн дээр бичсэн ном. Бүхэл бүтэн хууль байгаа юм. Археологийн шинжлэх ухааны том ололт, нээлтийн нэг л дээ. XVI, XVII зууны үед Монголын бүх ноёд чуулаад манай нутагт ийм хэрэг гарлаа, үүнийг яаж шийдэх вэ гэж хэлэлцдэг байж. Тэр олон хошуудын ноёд түшмэдийн ур ухаанаар бичигдсэн бүтээл байгаа юм.


Эх сурвалж: Өдрийн сонин