УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор Хустайн нурууны 50 мянган га газрыг Байгалийн нөөц газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд УИХ-ын 115 дугаар тогтоолоор хамгаалалтын зэргийг ахиулж Байгалийн цогцолборт газар болгосон.
ХБЦГ нь 2002 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын дархан газрын сүлжээнд (UNESO-the Man and the biosphere programme) хамрагдсан.
“Хустайн цогцолборт газар” төрийн бус байгууллага нь БОНХЯ-тай гэрээ байгуулан ХБЦГ-ын менежментийг хариуцан ажилладаг.
Хустай дэлхийн хамгийн их тахьтай нутаг: Хустай төв нь ХБЦГ-ын экосистемийг хамгаалахын зэрэгцээ дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу тахийг (Equus przewalskii) эх нутагт нь амжилттай нутагшуулж байна. Өнгөрсөн зууны дунд үеэс эх нутагтаа устаж үгүй болсон тахийг эргүүлэн нутагшуулах хөтөлбөрөөр 1992 оны 6-р сарын 5-нд анхны 15 тахийг авчирсан нь эдүгээ өсч үржсээр 2013 оны байдлаар 300 гаруй толгойд хүрчээ. Хустай төв нь сэргээн нутагшуулж буй тахийн дасан зохицолт, биологи, экологи, зан араншинг судлахаас гадны дотоод гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран экосистемийн нэлээд өргөн хүрээтэй судалгаа хийдэг.
ХБЦГ-ын хөхтөн: ХБЦГ-т халиун буга, бор гөрөөс, цагаан зээр, аргаль, зэрлэг гахай, чоно, шилүүс, үнэг, хярс, мануул, дорго, тарвага зэрэг 46 зүйл хөхтөн амьдардаг. ХБЦГ болон орчны бүсэд зэрлэг амьтдын тоо жилээс жилд өсч байна. Хааяа нэг үзэгддэг байсан аргаль хонь тогтвортой нутагшин 2013 оны байдлаар 30 гаруй толгойд хүрэв. Буга 1000, цагаан зээр 500 гаруй бий. Та бүхэн Хустайд зочилсноор тэр бүр үзэгдэхээ больсон олон зүйл амьтдыг харах боломжтой.
ХБЦГ-ын ургамал, ургамалжилт: ХБЦГ-т 65 овог, 246 төрөлд хамаарагдах 499 зүйл гуурст ургамал ургана. Тэдгээрээс Монгол улсын Улаан номонд бүртгэгдсэн 7, хүнсэнд хэрэглэдэг 17, эмийн 219, балт 236 зүйл ургамал бий. Гуурсгүй ургамлаас 85 зүйл хаг, 33 зүйл мөөг, 90 зүйл хөвд, гол горхиноос 69 зүйл замаг бүртгэгдээд байна. Үүнээс Монгол улсын Улаан номд бүртгэгдсэн 7 зүйл ургамал ургадаг. Хэрэв та цэцэг сонирхдог бол “Хустайн цэцэгс” өнгөт цомог танд сайн хөтөч болно.
ХБЦГ-ын шувууд: Одоогийн байдлаар ХБЦГ-т 16 багийн 40 овогт хамаарагдах 223 зүйл шувуу бүртгэгдээд байна. Үүний дотор Монгол улсын Улаан номонд орсон Хар өрөвтас (Ciconia nigra), Хээрийн галуу (Anser indicus), Загасч явлиг (Pandion haliaetus), Усны цагаан сүүлт бүргэд (haliaetus albicilla), Хонин тоодог (otis tardo), Хар тогоруу (Grus monacha) зэрэг нэн ховор амьтны ангилалд багтдаг 6 зүйл шувуу байна.
Дээрх шувуудаас 48 зүйл нь суурин амьдардаг, 124 зүйл нь өндөглөж зусдаг, 22 зүйл нь дайрч өнгөрдөг, 7 зүйл шувуу зөвхөн өвөл ирдэг.