"Ном бол уургүй багш”, “Ном бол хамгийн үнэнч нөхөр” гэдэг. Техник технологи хөгжсөөр байхад яагаад номын сангууд ажилласаар, шинэ зохиол бүтээл төрөн гарсаар байна вэ? Суут хүмүүс яагаад номын тухай дээрх үгсийг хэлж шагшин магтацгаасан юм бол? Ном гэдэг зүйлд ямар нууц оршин байдаг юм бэ? Ном бол хүн төрөлхтний оюун ухааны үнэлж баршгүй өв сан төдийгүй хэзээ ч устаж үгүй болохгүй хүчит давалгаа, гүнзгий далай юм. Зурагт, компьютер байхад яагаад зузаан ном уншиж суух ёстой вэ?
Амьдралаас уйдаж, сэтгэлээр унасан үед ном таны гарах гарц болно. Заримдаа амьдрал ямар ч утгагүй санагдаж, сэтгэл хоосрох үе танд тохиолддог уу? Яг ийм үед элдэв зугаа цэнгэл, хорт муу зуршилд бүү автаарай. Харин үүнийхээ оронд номын ертөнцөөр аялаад нэг үзвэл ямар вэ? Тэр ертөнцийн хаалгаар алхан ормогц л та орчин тойрноос таслагдан, номондоо бүрэн уусаж жинхэнэ эрх чөлөө, аз жаргалыг мэдрэх болно. Номтой нөхөрлөж асуудал бэрхшээлээ даван туулж сурснаар мэдлэг ухаан тань зузаарахын зэрэгцээ эдийн засгийн хувьд ч ихээхэн хэмнэлт гарах бололцоо бий болох юм.
Та уншдаг, бодож сэтгэдэг шинэ гэр бүлтэй болно. Хүн бүрт л ах дүү амраг садан бий. Гэхдээ энд огт өөр гэр бүлийн талаар хэлэх гэсэн юм. Та зөвхөн өөрийгөө өөрчлөхийн төлөө л ном уншдаг болсноор дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг, номонд хайртай мянга мянган хүмүүст нэгдэж, цоо шинэхэн гэр бүлийн гишүүн болно гээд төсөөл дөө. Бусдаас түрүүлж сэтгэдэг, мэдлэг боловсролтой, тэдгээр “зөв” хүмүүстэй хүссэн цагтаа цахим ертөнцөөр холбогдож, бодол санаагаа солилцож мэдлэгээ солилцож мэдлэгээ тэлнэ гэдэг гайхалтай биш гэж үү?
Ном бол цаг хугацаа, орон зайг хүссэнээрээ залж удирдахад ашиглах төхөөрөмж юм. Та сансрын уудамд аялах, өөр хүний дүрд хувирах, түүхэн үйл явдлыг нүдээр үзэх, орон орны соёлтой танилцахыг хүсэх зэргээр хориг хязгааргүй төсөөлөлдөө автаж байсан уу? Энэ бүхнийг биелүүлэх боломж таны гарт байна шүү дээ. Ном тийм ээ, номоо нээмэгц л хэдэн зууныг өртөөлөн давж, түүхэн хүмүүсийн амьдралаар амьдарч, сансар огторгуйд дүүлэн нисэж, ер нь л хүсэж мөрөөддөг бүхнээ туулж мэдрэх бүх завшаан тохиох болно. Юу хүлээгээ вэ анд минь, алив аялалдаа гарцгаая.
Бодол санаагаа бусдад цэгцтэй, эвтэйхэн илэрхийлж сурна. Бичгийн боловсрол, ярианы ур чадвараа хөгжүүлж, үгийн сангаа нэмэгдүүлэх хамгийн сонирхолтой, хялбар арга бол ном унших юм. Номонд дурлагсад цаг үргэлж үгийн далайд сэлж явдаг учраас алдаагүй зөв бичиж сурахаас гадна бодол санаагаа оновчтой үгсээр товч тодорхой өгүүлж чаддаг. Бодол, үг, үйлдэл хоорондоо нягт холбоотой байдаг бөгөөд хүмүүс таныг хэн бэ гэдгийг үг яриагаар тань дүгнэдэг гэдгийг санаарай.
Хэн нэгнийг удаан хүлээх, урт дараалалд зогсох нь асуудал биш болно. Өнөөдрөөс эхлэн хаана ч явсан цүнх, халаасандаа дуртай номоо авч явж дадаарай. Хотын амьдралд замын түгжрэл, очер дараалал, хүлээлтгүй өдөр гэж нэгээхэн ч үгүй. Ийм үед харин ч номоо үргэлжлүүлэх сайхан цаг гарлаа хэмээн баярлаад л унших нь байна шүү дээ.
Ном хүнийг илүү хүнлэг болгож өөрчилдөг. Бусад хүн таныг юу гэж бодохыг анхаарахгүй байж болно. Гэхдээ л бид бусадгүйгээр оршин тогтнох аргагүй юм. Тиймээс ном бол бусдын амьдралыг гүн гүнзгий ойлгож ухаарах, улмаар тэднийг энэрч хайрлаж, хүлээцтэй ханддаг болоход тань түдхэц болно. Өөрөөр хэлбэл, дэлхий ертөнц хийгээд аливаа зүйлийн учир шалтгааныг таньж мэдэхийн хэрээр хүн төлөвшиж илүү хүнлэг болж өөрчлөгдсөөр л байдаг.
Ном бол мөнхийн сурган хүмүүжүүлэгч юм. Бурхан бидэнд огт өөр өөр бодол сэтгэл, авъяас чадвар, хүсэл сонирхол заяажээ. Бичиг үсэг үүссэн цагаас хойш хүн төрөлхтөн бүх л сэдвээр зохиол туурвил бичсээр өнөөдөр бидэнд шавхагдашгүй их өв сан өвлөгдөн ирсэн нь тун азтай хэрэг юм. Энэ сангаас та дуртай сэдвээ сонгоод уншаарай. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуух түүх, газарзүй нийгэм, сэтгэл судлал, одон орон гээд юу ч байж болно. Уг сэдвээсээ улбаалаад холбогдох сэдэв рүү дамжин орсон ч болно. Ийм маягаар уншаад л, ойлгоод л, нээгээд л байвал насан туршдаа суралцаж, амьдралаа харамсахааргүй үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх боломжтой билээ. Үүгээр ч зогсохгүй ойлгож мэдсэндээ тулгуурлаад өөрөө ном бичихийг оролдоод үзсэн ч болох юм шүү.
Унших тусам л хүн ямар бага зүйл мэддэг байснаа ухаардаг. Ихэнх хүн амьдралын туршлагаасаа үүдээд өөрийгөө овоо гайгүй мэдлэгтэй гэж дүгнэдэг. Гэхдээ гашуун үнэн нь ном гэдэг суут ухаантан биднийг өөрийнхөө хэн гэдгийг дахин нэг тунгаахад хүргэдэг. Магадгүй нлом уншиж эхлээд хэдэн номын цаана гарахад мэддэг л зүйлийн тухай яриад буй мэт санагдах байх. Гэвч бүр гүнзгийрүүлээд бүр өргөн сэдвээр уншаад эхлэхийн цагт ойлгохгүй зүйлс цухалзаж, огт дуулж мэдээгүй мэдээлэл ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Энэ үйл явц л жинхэнэ боловсорч буйн илрэл бөгөөд аажимдаа өөрийнхөө өмнөх байдлыг хэр хэмжээнд байсныг дүгнэхэд хүргэнэ. “Хүн мэдэх тусмаа мэддэггүйгээ ухаардаг.”
Та арай илүү бүтээлч болно. Бүтээлч байдаг гэдэг нь тусдаа байгаа зүйлсийг хослуулан нэгтгэж цогц бүтээл хийхийн нэр юм. Ном уншсанаар олж авах түмэн мэдлэг, мэдрэмж эргээд тархи толгой, зүрх сэтгэлийг сэргээж ямар нэг уялдаа холбоог олж танин онцгой шинэ зүйл хийж бүтээх урам зоригийг өдөөдөг. Зурагт үзэхэд бус ном уншихад хүний төсөөлөл идэвхтэй ажилладаг учраас баруун тархины хөгжилд маш эерэг нөлөөтэй. Баруун тархи нь төсөөлөл, бүтээлч байдлыг удирддаг билээ.
Ном уншсанаар хязгааргүйгээр төсөөлж, этгээд сэтгэхээс айхаа болино. Сэтгэлийг тань үнэхээр догдлуулж, гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн ном зохиол та уншиж байсан уу? Энэ бүхэн нь зохиолчийн агуу төсөөлөл гээд бодоход итгэмээргүй шүү. Магадгүй та олон нийтээс огт өөр сэтгэдэг, этгээд хачин гэдэг хоч зүүдэг байсан ч байж болох. Гэвч тийм биш бөгөөд тархиа бүрэн дүүрэн ашиглаж, зүрх сэтгэлээ зоригтойгоор нээгээд үзвэл хүн бүхний дотор гайхамшиг оршин буй. Дотроо нуугдсан агуу уудам ертөнцийг нээн гаргаж, өөрийнхөө ертөнцийг бий болгоорой. Яг одооноос эхлээд бүгдээрээ асар ихийг уншъя, сэтгэе, хийж бүтээе. Бүх сонголт бидний гарт байна.