Аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгохдоо баримтлах зөвлөмж

Аймаг,сумдын засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгч нарт иргэд, аж ахуйн нэгж байгууллагад аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгохдоо баримтлах зөвлөмж

Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас жил бүр гаргадаг судалгааны дүнгээс үзвэл дэлхий даяар аялагч жуулчдын тоо улс орон бүрт харилцан адилгүй боловч тасралтгүй өсөн нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэхүү өсөлт нь бууралгүй цааш үргэлжлэх хандлагатай байна.
Монгол оронд аялал жуулчлалын салбар өсөн хөгжихийн хэрээр дотоод, гадаадын жуулчдын тоо мөн жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч тэдгээрийн үйлчилгээний түвшин сайн биш, төлөвлөлт зохион байгуулалтын хувьд ч доголдолтой байгаа нь үйлчлүүлэгч, жуулчдын сэтгэл дундуур үлдэх үндсэн шалтгаан болдгоос гадна байгалиа хамгаалах, нөхөн сэргээх, сөрөг нөлөөллийг багасгах талаар анхаарал тавих нь бага байгаа нь байгаль орчны тэнцвэрт харьцааг алдагдуулах аюулд хүргэхийг үгүйсгэх аргагүй юм. (х 161, Аялал жуучлал судлал 2013) Энэхүү зөвлөмж нь орон нутаг дахь аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих, тухайн салбарт орж буй хөрөнгө оруулалтыг бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэн нэмэгдүүлэх, тэдгээрийн үр дүнг сайжруулж, орон нутагт аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэх зорилгын дор танд хүрч байна.

Аймаг/сумын засаг дарга та аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээг иргэд, аж ахуйн нэгж, компаниудад олгохдоо Монгол улсын газрын тухай хуулийн дагуу ажиллана. Мөн тухайн хуульд заасан нөхцөл, зүйл заалтуудыг тайлбарласан дээд шүүхийн тогтоол, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, Газрын төлбөрийн тухай хууль зэргийг анхааралдаа авах нь зүйтэй. Эдгээрээс гадна Монгол эх орны маань яг юуг үзэхээр аялагчид зорьж ирдэгийг ойлгож, жуулчдад үйлчилдэг бизнесийг дампууруулахгүй байх, жуулчдыг олноор тогтвортой татах, байгалийн өвөрмөц тогтоц, онцлог байдал, амьтан ургамлын сангаа ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх эрмэлзлэл агуулан ажиллах хэрэгтэй юм. Аялал жуулчлалын хяналтгүй үйл ажиллагаа нь тухайн бүс нутгийн зэрлэг ан амьтан, ургамлын сан, мал аж ахуйн бэлчээр, усан сан, онгон дагшин байдалд шууд болон шууд бусаар сөрөг нөлөө үзүүлдэг тул тэдгээрээс урьдчилан сэргийлэх, муу нөлөөллийг аль болох багасгах зэрэгт засаг дарга таны оруулах бодит хувь нэмэр бол газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээг зөв зохистой төлөвлөлттэйгөөр олгох явдал юм. Иймд Та Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас хүргүүлж буй дараах зөвлөмжийг анхаарч ажиллахыг хүсье.

Нэг. Үзэгдэх орчин 360˚ Монгол орныг зорьж ирдэг жуулчид нь байгалийн унаган төрхөө нэгэнт алдсан хотын давчуу орчноос ангижирч, эцэс төгсгөлгүй цэлийх нүүдэлчний эх оронд амрахыг хүсч ирцгээдэг. Дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр Монгол орныг чухам л “360˚ байгалийн үзэгдэх орчин” бүхий орон зай нь бусдаас ялгаруулдаг юм. Хэрэв монгол орны аялал жуулчлалын баазууд аялагчиддаа “орон зай” гэдэг бүтээгдэхүүнийг өгч чадахгүй бол тэр бааз руу хүмүүс ирэх нь цөөрч улмаар бизнесийг дампуурахад хүргэдэг. Засаг дарга та аялал жуулчлалын компанид газар олгохдоо өөрийгөө аялагч гэж сэтгээд үзээрэй. Компани, нөхөрлөл, хувь хүний аялал жуулчлалын баазад олгохоор зэхэж буй газартаа өөрөө очиж зогсоод эргэн тойрныг 360 градуст тойруулан харж, гэрэл зургийн дурангийн нүдээр шинж. Таны гэрэл зургийн дуранд өндөр байшин барилга, час улаан юм уу цэв цэнхэр дээвэр, цементэн хашаа, үйлдвэрийн цамхаг, өндөр хүчдэлийн шон, хэтэрхий их машин, хүний бөөгнөрөл, моторт тээврийн хэрэгсэл бүхий элдэв үйл ажиллагаа өртөж байна уу? Хэрэв аль нэг зүгт нь эдгээр зүйлс харагдаж байвал үзэгдэх орчин нь “байгалийн”, “нүүдлийн” гэх өнгө төрхгүй байна гэсэн үг юм. Харин эргэн тойронд тань байгаль тэр чигээрээ алаглаж байвал цэвэр 360˚ үзэгдэх орчинтой байгаа нь тэр. Монголын 360˚ байгалийн үзэгдэх орчны нэгээхэн хэсэг нь морь, тэмээгээ унасан малчин, мал, өвөлжөө, хаваржаа, монгол гэр байж болно. Учир нь ийм дүр төрхийг Монголоос өөр хаана ч олж харахгүй тул манай орны дэлхийн зах зээл дэх онцлог дүр төрхийн нэг хэсэг болдог юм. Үзэгдэх орчныг хамгийн зөв хуваарилж газар олгосон жишээ нь Өмнөговь аймгийн “Гурван тэмээ” жуулчны бааз, Өвөрхангай аймгийн Орхоны хөндий дэх хээрийн жуулчны баазуудаас харагддаг. Харин үзэгдэх орчноо үл тооцож, бизнесийг ашиггүй болгосон жишээ нь Хөвсгөл, Тэрхийн цагаан нуур, Өгийн нуурын орчмын жуулчны баазуудаас харагддаг билээ. Үзэгдэх орчин сайтай Өвөрхангайн баазуудын амрагчдын тоо буурахгүй, үнэ нь хямдрахгүй байх бөгөөд үзэгдэх орчноо алдсан Тэрхийн цагаан нуур, Хөвсгөлийн баазуудад амрагчид түр зуурын баяр ёслолын үеэр дүүрч бусад цагуудад амрагч цөөнтэй, үнэ хямдтай бизнесийн алдагдалтай орчин болж байна. Иймээс шинээр газар олгох үедээ Засаг дарга та аливаа бизнесийн болон орон нутгийнхаа ирээдүйн тогтвортой ашгийг бодож, баазуудын хооронд хангалттай орон зай үлдээхэд анхаарна уу. Үзэгдэх орчныг хамгаалах хамгийн энгийн арга бол “довны цаана” газар өгөх явдал юм. Баазууд нь харилцан бие биедээ харагдахгүй орчин бол хамгийн сайн орчин байдаг. Нэгэнт газраа авсан аялал жуулчлалын бааз маань өөрөө бас эргэн тойрныхоо үзэгдэх орчныг хязгаарлагч болж болохгүй. Баазаа эргэн тойрныхоо үзэгдэх орчны байгальд ээлтэй, нүүдлийн соёл иргэншилд ээлтэй болгох нэг арга нь аль болох монгол гэрийг түлхүү хэрэглэх, барилга барих бол дээврээ байгалийн өнгөнд нийцүүлэх явдал юм. Алсаас харахад гэрээс ялгагдахгүй цагаан дээвэртэй, цагаан байшин байх нь нүүдлийн соёл иргэншилд хамгийн ээлтэй өнгөнд тооцогдоно. Хэт хурц улаан, хөх өнгөтэй дээвэр орчныг өөрчилдөг. Харин бор, бор ногоон, саарал, байгалийн зос өнгөнүүд монгол орны байгалийн дүр төрхийг хэт өөрчилдөггүй давуу талтай.

Хоёр. Дуу хүрэхгүй орчин. Аялагчид бол амрагчид билээ. Аялал жуулчлалын бизнесийнхэн хүмүүсийг ая тухтай амраахын төлөө ажилладаг тул амрагчдын хүссэн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй болдог. Амарч яваа настай хүмүүс нам гүм орчныг хүсдэг бол, хүүхдийн цэрэгжсэн зусланд чанга яригч хэрэгтэй болдог. Харин оюутан залуус дуулж хуурдан, бүжиглэж цэнгэхийг амралт гэж үздэг. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчээсээ хамаараад зарим баазуудад маш нам гүм орчин хэрэгтэй байхад, зарим баазуудад аль болох их чанга яригчтай орчин шаардагдана. Ийм өөр өөр эрэлт хэрэгцээтэй бизнесийнхэнд яг хаяа зэрэгцээ орших газар өгөх юм бол юу болохыг та төсөөлөөд үз дээ. Залуусыг урьж авчирсан баазууд нь бүжгээ зохион байгуулах гэхээр ахимаг настныг урьж авчирсан баазууд эсэргүүцнэ. Ингэж муудалцах хооронд ахмадууд нь “дахин энэ баазад ирэхгүй, хажууд нь шуугиад байх юм” гээд урьсан газраа голж эхлэх ба “энэ баазад ирэхээр бүжиглэж чадахгүй юм, өөр тийш явья” гээд залуус бас компаниа голдог. Ердөө л газрыг нь хуваарилахдаа хангалттай хол зай тавьж өгөөгүйн төлөө орон нутагт 2 компани зэрэг дампуурахдаа тулж орхино. Ийм учраас анхнаасаа аялал жуулчлалын бааз, хүүхдийн зуслан, рашаан сувилалд газар олгохдоо дуу чимээний орон зайг сайтар бодолцох хэрэгтэй. Баазууд харилцан бие биедээ “дуу хүрэхгүй орчин”-д байрлах нь хамгийн чухал. Хэрэв үнэхээр дуу хүрэхгүй орчин үүсэх боломжгүй бол баазууд хоорондоо зөвлөлдөж “Орчны дуу чимээний дүрэм” гаргаж болдог. Ер нь залуусын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах аялал жуулчлалын бааз нь хамгийн чанга дуу чимээ гаргах бааз байдаг тул тэр компанид хамгийн бөглүү буюу дуу шингээж чадах орчныг зааж өгөх нь зохимжтой байдаг. Гэхдээ дархан цаазтай газар, ховор амьтан, шувууны нөөц газруудад дуу чимээ ихтэй амрагчид байх нь байгалийн нөөцийг хомсдуулах хортой. Иймээс дуу чимээний дүрэм журмыг гаргахдаа орчны эко системийн амьдрал хэмнэлд нийцүүлэх нь чухал юм.

Гурав. Зочин хонуулах бизнесийг өдрийн бизнесээс ялгах. Аялал жуулчлалын газар олголтын гол зорилго бол орон нутагтаа зочныг олон хонуулах явдал билээ. Зочин танай нутагт олон хоновоос орон нутгийн иргэд ажилтай байж, орлого, татвар нэмэгдэнэ. Иймээс Засаг дарга та аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг компани, нөхөрлөл, хувь хүнийг “зочин хонуулах”, “зочныг өдрөөр аялуулах” гэдэг энгийн хоёр зорилгоор нь ялгаад үз. Зочин хонуулах баазууд нь томоохон хөрөнгө оруулалт шаарддаг учир ихэнх сайн баазууд сумын иргэдийн бизнес гэхээсээ аймгийн төвөөс юмуу Улаанбаатараас очсон, эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай байх тохиолдол гарна. Ийм томоохон хөрөнгө оруулагч нарт хаана газар өгөх вэ гэдгээс танай орон нутгийн иргэдийн орлого ихээхэн хамаарна. Хэрэв та дээрх баазуудад нутгийнхаа хамгийн их хүн цугларч үзэхийг хүсдэг зорин очих гол үзмэр үзүүллэгийнхээ дэргэд газар өгвөл тэр баазад хүн хонохоосоо илүү зөвхөн өдрөөр ирж хоол идчихээд, эсвэл зогсоол дээр нь машинаа тавьчихаад үзмэрээ үзчихээд яваад өгнө. Ийм байдлаар гол үзмэр үзүүллэгийн дэргэд байгаа бааз өөрөө дампуурах билээ. Нөгөө талаас, үзмэр үзүүллэгийг үзүүлэх гэж орон нутгийнхан үйлчлэх хэрэггүй болох тул морь, тэмээ унуулах гэх мэт нутгийн иргэдийн бизнес ч бас цэцэглэхгүй нь ойлгомжтой юм. Нутгийнханд нэгэнтээ бизнесийн орон зай үлдээгүй учир тэд “хонуулах” бизнесийнхэнтэй өрсөлдөж, өөрсдийн гэрээ бариад хямд хонуулахын төлөө өрсөлдөж эхэлдэг. Энэ үзэгдлээс болж эргэн тойрны үзэгдэх орчин алдагдан, орчин хог новшиндоо дарагдах, бизнесүүд бүгд дампуурах, байгаль орчны гоо сайхныг алдуулах, ирсэн зочинд тааламжгүй “жуулчны хар зах”-ын орчин үүсэх болдог. Дэлхий хорвоод ч байхгүй үзэсгэлэнтэй сайхан нуур, үзэсгэлэнтэй сайхан байгалийн орчин маань яагаад ийм муухай болчихов гээд эргэн харахад энэ бүхэн Засаг дарга таны гаргасан газар олголтын цөөхөн шийдвэрийн л үр дагавар байх нь бий. Ийм учраас хонуулах бизнест газар олгохдоо “гол үзмэр үзүүллэгээс өдрийн аяллын зайд олгох” гэдэг алтан дүрмийг баримтлаарай. Энэ дүрмийн дагуу газар олгоход таны шийдвэр хөрөнгө оруулагч нарт төдийгүй нутгийн иргэдэд маш их өгөөжтэй байх болно. Эргэн тойронд нь өдрийн аялалгүй баазад амарч байгаа хүн ганц хоёрхон хоноод л уйддаг. Гэтэл амрагчийг уйдаахгүй олон хонуулахын тулд зорилтот хугацаанаасаа олон өдрийн аялалтай байх шаардлагатай. Тухайлбал аялагчийг 3 хонуулахын тулд 4 өдрийн аялалтай, 5 хонуулахын тулд 6 өдрийн аялалтай байх хэрэгтэй. Хонуулах бизнес нь хөнжил дэвсгэр, хоол унд, тав тухын орчноо бэлтгэх үүргийг гүйцэтгэлээ гэхэд, эргэн тойронд нь амьдарч буй нутгийн иргэд өдрийн аяллын бизнесийг хөгжүүлэх шаардлагатай болдог. Олон жилийн турш амжилттай аялал зохион байгуулж Монголын шилдэгт тооцогдож байгаа баазуудыг судалж үзэхэд тэдгээрийн эргэн тойронд нутгийн иргэдийн оролцоотой өдрийн бизнес цэцэглэж, тэд хонуулах үйлчилгээтэйгээ хамт нутгийн иргэдийн эрхэлдэг өдрийн аяллын бизнесийг сурталчилж байдаг. Баазууд нь гол үзмэр үзүүллэгүүдээсээ 5-20 км-т байрлах нь зохимжтой. Малчин айлд зочлох, эрвээхэй ажиглах, цэцэг ажиглах, түүх дурсгалын газар үзэх, соёлын хөтөлбөр тоглолт үзэх, музей, сүм хийд үзэх, өглөөний нар харах, үдшийн нарны гэрэлд элсэн манханы зураг авах, шувуу ажиглах, зэрлэг ан амьтан ажиглах, байгалийн онц сонин үзэгдэл ажиглах, морь унах, тэмээ унах, сарлаг унах, нүүдэл хийх, гэр барих гэх мэт өдрийн аяллын сонирхолтой үйлчилгээнүүд жуулчдад гүн сэтгэгдэл төрүүлдэг.

Хоногийн аяллыг өдрийн аялал байж болох байрлалд газар олгосноор байгаль орчин доройтуулж байгаа, нутгийн иргэдийн бизнесийн орчинг хааж байгаа жишээ манай улсад нэлээд олон байна. Тухайлбал, Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн олдворт газар болох Баянзагийн хавцалын ирмэгт, Увс аймагт Хяргас нуурын шувуу цуглардаг үүр газар болох Хэцүү Хад хэмээх газарт, Архангай аймагт олон төрлийн шувуу ажиглах цэг байж болох Өгий нуурын шувууны буудаллах газар нутагт гэх зэрэг нэн зохимжгүй талбайдад газар олгожээ. Хэрэв эдгээр баазууд дээрх онц сонирхолтой газар орчноос хүн өдөртөө алхаад юм уу, дугуйгаар, эсвэл мориор аялаад ирэх хэмжээний холхон зайд байрлаж байсансан бол байгаль орчин доройтохгүй хамгаалагдаж чадах байснаас гадна, хүмүүсийг өдөрт нь тухайн сонирхолтой газарт хүргэж өгөх нутгийн үйлчилгээ зэрэгцэн оршиж болох байлаа. Харин саяхан аялал жуулчлалын шинэ маршрут нээж буй Сүхбаатар аймгийн удирдлага Ганга нуурын эргэн тойрныг хамгаалалтдаа авч, хун шувууны халдашгүй дархан орчинг бий болгожээ. Тэрхүү хамгаалагдсан орчныг зорих жуулчид нь нуураас 20-иод км-ын зайд орших баазуудад амарч, өдөртөө шувуу ажиглах аялал хийхэд ихэд зохимжтойгоор газраа хуваарилсан байна.

Зочин хонуулах бизнесийнхэнд тавьж болох бас нэг шаардлага бол орон нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүнийг борлуулах цэг гаргах явдал байдаг. Хэрэв зочин хонуулах бизнес нь нутгийн иргэдийн өдрийн бизнесийг дэмжихийг огт хүсдэггүй, тэдэнтэй ойлголцож чаддаггүй, зочны аяллын хуваарьт нутгийн иргэдийн үзүүллэг бизнесийг санал болгодоггүй байвал өөртөө болон орчин тойрондоо ашиггүй, хариуцлагагүй орчин үүсгэсээр байдаг. Мөн нутгийн иргэд нь хонуулах бизнес хөгжүүлье гэвэл мөн л бусад хөрөнгө оруулагчийн адил бусдын үзэгдэх орчин, дуу чимээний орчин, бизнесийн орчинг тооцож үзэж газраа авах шаардлагатай болно.

Дөрөв. Эко бүсийн онцлог. Байгалийн эко систем, бүс нутгийн онцлогоосоо хамаарч газар олгохдоо тооцох асуудлууд янз бүр байдаг. Эдгээр онцлогийг тооцож газар олгох нь тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх гол нөхцөл болно. Үүнд:

Ойт хээрийн бүсэд газар эзэмших зөвшөөрөл олгохдоо доорх нөхцлүүдийг хангах нь зохимжтой:

  • Ой модны эрүүл, бохирдолгүй байдлыг хангах, хүний сөрөг нөлөөллөөс хамгаалахын тулд ойн захаас дор хаяж 50 метр, боломжтой үед 500 хүртэлх метр зайтай газарт байлгах;
  • Ой, хээрийн зэрлэг ан амьтдын тайван байдлыг алдагдуулах нь тэдгээр ан амьтдыг тэрхүү дуу чимээ, хөл хөдөлгөөнтэй орчноос дайжиж ойн гүн рүү орох, эсвэл бэлчээрээ солиход хүргэдэг.  Ойн жимийн 1 өдрийн оновчтой ачаалал 5 – 20 хүн байдаг. Өдөр бүр 50 хүн жимээр явж өнгөрвөл 7 хоногийн дараа өвсөн бүрхүүл байхгүй болж, газар нүцгэрдэг. Харин өдөрт 100 хүний ачаалалтай байвал 4 дэх, 150 хүн бол 3 дахь өдрөө өвсөн бүрхүүл үгүй болно. Нугад 50 хүний ачаалалтай байвал өвсөн бүрхүүл 9 дэх өдрөө, харин 100 хүн бол 5-6 өдрөө, 150 хүн бол 4 дэх өдрөө нүцгэрнэ.
  • Идэш хоол хязгаарлагдаж, тоо толгойн хувьд цөөрөх хүртэл аюулд учирдаг байна. Тиймээс зөвшөөрөл олгохоосоо өмнө тухайн газарт хэт дуу чимээтэй барилга байгууламж бариулахаас зайлсхийх, явуулах үйл ажиллагааны хөтөлбөрт караоке, диско зэрэг хэт дуу чимээтэй ажиллагааг оруулахгүй байх шаардлага тавих.
  • Монголд оронд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор ургамлууд ургадагийн нэлээдгүй хэсэг нь ойт хээрийн бүсэд ургадаг тул ургамлын санг хүний муу нөлөөлөл болон зохисгүй ашиглалтаас хамгаалах үүднээс зориулалтын аяллын жим, маршруттай газартай аль болох ойрхон байлгах;
  • Усны ундарга, булаг, гол, горхи, рашааны эхийг бохирдохоос сэргийлж дор хаяж 500 метр, боломжтой үед 1км хол зайд газар эзэмшүүлэх;
  • Үйл ажиллагаа явуулах байр байгууламжийг мод, чулуу зэрэг байгалийн материалыг ашиглан амрагч жуулчдын сонирхол татахуйц хэв загвартай барьж, чимэглэхийг дэмжих;
  • Байшин барилгын давхарыг хоёроос илүүгүй байлгах ба гэр буудлыг зонхилон ашиглах;
  • Барилга байшин, модон сууцны хана, дээвэр, хашаа хайсны өнгийг хүрээлэн буй орчинтойгоо уусч зохицохоор байлгаж, хэт тод (улаан, хөх, улбар шар, шарг.м) өнгөөр будахгүй байх;
  • Бусад холбогдох асуудлууд болох хог хаягдал болон ариун цэврийн өрөөг мөрдөх ёстой стандартуудын дагуу зохион байгуулах шаардлага тавих;

Хээрийн бүсэд газар эзэмших зөвшөөрөл олгохдоо:

  • Хээр талд уул, даваа, дов, хотгор гүдгэр хол зайтай оршдог тул үзэгдэх орчин нь барилга байгууламжийн нөлөөнд автаж үзэмжээ алдахдаа амархан байдаг. Иймд газар эзэмших зөвшөөрлийг эргэн тойрны орчин дахь бусдын эзэмшилд буй газруудаас аль болох хол зайтай буюу дор хаяж 5 км болон түүнээс дээш зайтай олгох нь чухал;
  • Эзэмших хүсэлт гаргасан газар нь нутгийн иргэдийн мал ундаалах чухал гол горхи, худаг устай давхцахгүй байх;
  • Усны ундарга, булаг, гол, горхи, рашааны эхийг бохирдохоос сэргийлж дор хаяж 500 метр, боломжтой үед 1 км болон түүнээс дээш зайд байлгах;
  • Үйл ажиллагаа явуулах байр байгууламжийг мод, чулуу зэрэг байгалийн материалыг ашиглан амрагч жуулчдын сонирхол татахуйц хэв загвартай барьж, чимэглэхийг дэмжих боловч барилга байгууламжийн дизайн нь орчинтойгоо уусч зохицохоор байхаар бодож хэт орчин үеийн буюу шил, толин барилга барихыг дэмжихгүй байх;
  • Байгальд учруулах хор хохирол багатай тул гэр жуулчны бааз барихыг дэмжин ажиллах;
  • Монголд ирсэн жуулчдын 75 хувь нь монгол гэрт анх удаа хоносон байдаг судалгаа бий. Тийм ч учраас Монгол орны онцлогт тохирсон нүүдэлчдийн соёлыг илэрхийлэх өвөрмөц дүр төрх бүхий харьцангуй өртөг багатай жуулчны гэр баазуудыг байгуулах явдал ихэсч байна.
  • Барилга байшин, модон сууцны хана, дээвэр, хашаа хайсны өнгийг хүрээлэн буй орчинтойгоо уусч зохицохоор байлгаж, хэт тод (улаан, хөх, улбар шар, шар, усан ногоон г.м) өнгөөр будахыг хориглох;
  • Тал хээрийн онцлогоос шалтгаалан ихэнх нутаг дэвсгэр автомашинтай жуулчлалд өртдөг ба үүнээс үүдэн олон салаалсан зам үүсдэг. Энэ нь хөрсний эвдрэлийг үүсгэх, онгон байгалийг бохирдуулах, тайван байдлыг нь алдагдуулах эх үүсвэр болдог тул тухайн орчинд байрлах аялал жуулчлалын гол цэг рүү шинэ зам гаргалгүй хүрч болох замын тэмдэг, тэмдэглэгээг нэмэгдүүлэх;
  • Бусад холбогдох асуудлууд болох хог хаягдал болон ариун цэврийн өрөөг мөрдөх ёстой стандартуудын дагуу зохион байгуулах шаардлага тавих;

Говь, цөлийн бүсэд газар эзэмших зөвшөөрөл олгохдоо:

  • Говь цөлийн бүсийн газрын хөрс нь эмзэг, ургамлын тархалт хязгаарлагдмал учир орчны мал, зэрлэг ан амьтны идээшлэх гол бэлчээрт болон гол худаг, усны ойролцоо газар олгохгүй байх;
  • Ялангуяа элсэн манхан, тал хээр, хайрган хошуу, хадархаг талбай зэрэг нь хүний сөрөг нөлөөнд их өртөмтгий байдаг. Ийм газруудад аялал хийхдээ зөвхөн жимийн дагуух маршрутыг дагаж мөрдөхийг шаардах;
  • Баянбүрд, ногоон орчны бүс доторх газарт бус, харин тэдгээрийн хязгаараас дор хаяж 1.5км, боломжтой үед 5км болон түүнээс дээш зайд олгох;
  • Усны ундарга, булаг, гол, горхи, рашааны эхийг бохирдохоос сэргийлж дор хаяж 500 метр, боломжтой үед 1км зайд байлгах;
  • Аль болох байгальд ээлтэй барилга байгууламж барих, гэр буудал байгуулахыг дэмжих;
  • Байшин барилга барих бол давхарыг хоёроос илүүгүй байлгах
  • Барилга байшин, модон сууцны хана, дээвэр, хашаа хайсны өнгийг хүрээлэн буй орчинтойгоо уусч зохицохоор байлгаж, хэт тод (улаан, хөх, улбар шар, шар, усан ногоон г.м) өнгөөр будахыг хориглох;
  • Бусад холбогдох асуудлууд болох хог хаягдал болон ариун цэврийн өрөөг мөрдөх ёстой стандартуудын дагуу зохион байгуулах шаардлага тавих.


Тав. Тусгай хамгаалалттай газар, түүх, соёлын өв. Зарим тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар (БЦГ), дархан цаазат газрууд (ДЦГ) нь менежментийн төлөвлөгөөндөө аялагч амрагчдад зориулсан тусгай маршрутуудыг зохион, тайлбарласан, боломжтой тохиолдолд газрын зургийг хавсаргасан байдаг байна. Жишээ нь: Хангайн нурууны БЦГ-ын төлөвлөгөөнд: “Төрийн тахилгат Суварга хайрхан ууланд мөргөх, эко аялал Цэцэрлэг хотоос эхлэн Урд Тамир голын хөвөөн дэхь Майдар бурханд очиж мөргөн урагшаа голоо гаран 35 км яваад Цэнхэрийн Халуун усны рашаан хүрч баазуудад буудаллана. (х28, Б.Цэнд-Аюуш 2011)” гэсэн байна.

Филиппин улс нь далайн эрэг болон тусгай хамгаалалттай газар нутгуудынхаа хилээс гадагш 1км газрыг “нөөц бүс” (buffer zone) болгон тогтоосон байдаг ба хот суурингийн орчинд 3м, аж ахуй, үйлдвэрлэлийн бүсэд 20м, ой модноос 40м зайд газар ашиглахыг зөвшөөрөн хуульчилсан байдаг нь замбараагүй газар ашиглалтаас үүдэх хэт төвлөрлөөс зайлсхийхэд чухал нөлөө үзүүлдэг байна.

Иймд энэ мэт маршрутын талаар мэдээлэлтэй ажиллах, маршрутын дагуу аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах хүсэлт ирсэнийг дэмжих, боломжтой үед зөвлөн, тухайн маршрутыг дайруулах талаар нутгийнхаа ДЦГ болон БЦГ-уудтай холбож өгөх зэрэг ажлыг хийх нь тухайн газар орон дахь аялал жуулчлалын бизнесийн тогтвортой байх тодорхой нөхцлийг хангаж, орлогыг нэмэгдүүлэх сайн талуудтай юм. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах байр сууцнаас жуулчны сэтгэлд хамгийн их нийцсэн хэлбэрүүд нь: хуурай говь, хээр, уулархаг нутагт монгол гэр, буриадын модон гэр, казах гэр, харин чийглэг ой нуурын орчимд нутгийн дизайн засал чимэглэлийн элементтэй дүнзэн байшин байдаг байна. Ийм байгууламжуудыг олон янзаар, эмх цэгцтэй, уялдаа холбоотой байгуулж чадвал цаашид энэ нь жуулчдыг татах чухал эх үүсвэр болдог. Эдгээрийн нэгж бүрийн зохион байгуулалтаас гадна зам, суурин, байгууламж гэх мэт бүтцийг газар нутгийн үзэмжийн зохион байгуулалтад хамруулан, холоос харвал шигтгэмэл зураг шиг хоорондоо уялдаа холбоотой байдлаар байгуулах нь зүйтэй юм. Гол, мөрөн, хүрхрээ, нуурын эрэг орчимд тодорхой бүсийг зааглан түүнээс дотогш ямарваа нэг зориулалтаар газар ашиглах, эзэмших зөвшөөрөл олгохыг түдгэлзүүлэх нь зүйтэй. Ийм бүсийн хязгаарыг тогтоохдоо нутгийн иргэд, тухайн орчинд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй нутгийн удирдлагын зүгээс зөвлөлдөн шийдвэрт хүрэх нь чухал үр дүнтэй юм.

Агуй, хавцал, хадны болон агуйн сүг зурагтай газрын орчимд мөн тодорхой зайд (дор хаяж 3км, болон түүнээс дээш) газрын зөвшөөрөл олгохнь дээр дурдсанаар амрагч аялагчдад нутгийн иргэд нэмэлт үйлчилгээ (морь, тэмээ, сарлаг уналга г.м) үзүүлэх боломжийг бүрдүүлж, тухайн бүсийн аялал жуулчлалаас олох орлого нэмэгдэхээс гадна аялал жуулчлалын бүтээгдэхүүний сонголт олон байх нь эргээд жуулчдыг татах хүчин зүйлүүдийн нэг болдог. Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас Бат-Өлзий сумын нутаг Улаан цутгалан орчимд хийсэн судалгааны ажлын тайлангаа гаргажээ. Судалгааны ажлын хүрээнд бүсчилсэн дэглэм мөрдөх болсныг орон нутгийн аялал жуулчлалд оролцогч аж ахуй нэгж, иргэдэд сурталчилан, А бүс болох хүрхрээний эргэн тойрны нэг км-ын радиусыг зөвхөн явган аялал, ердийн хөсгийн аяллын бүс болгон 2.2 сая төгрөгөөр тэмдэгжүүлэлт, тэмдэглэгээ хийсэн байна. Мөн нутгийн иргэдийн хамтран байгуулсан аялал жуулчлалын “Хүрмэн чулуу” нөхөрлөлтэй хамтран аялал жуулчлалын А бүсэд бие засах газар, хамгаалалтын шон байрлуулан будаж тэмдэг, тэмдэглэгээ хийж тохижуулан ашиглалтад оруулжээ. Хүн чулуу, чулуун хөрөг, буган хөшөөт дурсгалууд ихэвчлэн хөндий, талд тааралдах тул үзэгдэх орчин нь барилга, байгууламжийн нөлөөнд автан амархан муудах эрсдэлтэй учир тэдгээрийн ойролцоо газрын зөвшөөрөл олгохдоо хамгаалалтын хашаа, хайстай бол түүнээс гадагш 3км радиус дотор, байхгүй үед 4-5км радиус дотор газар олгохыг түдгэлзүүлбэл зохистой. Боломжтой үед нутгийн удирдлагын зүгээс иргэд, тухайн орчинд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйнн нэгжүүдтэйгээ хамтран үйл ажиллагаа явуулах зааг бүсийг тогтоож ажиллавал түүх дурсгалын үнэт өвүүдээ хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Эртний хот, суурингийн балгас, туурь, сүм хийд, дугана, шашны зан үйлийн газрын ойр орчим аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо, тэдгээрийн зах, хаяанд тулгахгүй зайтай байхаар бодох ба баригдах байшин барилгыг мөнхүү Монгол үндэсний хэв маягтай, эсвэл сүм дуганын орой мэт дээвэртэй байх зэрэг дизайны шийдлүүдийг тусгаж ажиллах шаардлага тавина уу. Ингэх нь тухайн орчин өөрийн өвөрмөц хэв маягаа алдалгүй хадгалж, аялагч жуулчдад илүү таатай сэтгэгдэл төрүүлэх бөгөөд тэднийг дахин ирэх хүслийг төрүүлэх болно. Галт уулын тогоо, овоо тахилгат уул орчимд дотоод гадаадын олон амрагч, жуулчид ирж буудаллан зочилдог оргил үеүүдтэй байх тохиолдол их. Энэ үед машины олон салаа зам гарах, уул өөдөө мөн олон салаа жим үүсч газрын өнгөн давхарга элэгдэх байдал түгээмэл байдаг. Иймд үйл ажиллагаа явуулж эсвэл явуулах гэж буй аж ахуйн нэгж, компаниудад тогтсон нэг тод замын дагуу жуулчдад үйлчлэх, зам дээр тэмдэг тэмдэглэгээ, шаардлагатай үед хаалт тавих, уул өөдөө гарах жимийг амрагч, аялагчдын аюулгүй, тав тухтай байдлыг харгалзан үзэж мод, чулуугаар гишгүүр хийн тохижуулж засах ба аялагчдад хүрэлцэхүйц хогийн сав тавих зэргийг уриалан ажиллана уу.

Зургаа. Нүүдлийн аялал жуулчлалын бааз. Монгол орон аялал жуулчлалын хөгжлийнхөө явцад дэлхийн аялал жуулчлалд цоо шинэ нэгэн концепц гарган нэвтрүүлээд байна. Үүнийг одоогоор “нүүдлийн бааз” буюу англиар “Mongolian nomadic camp” гэж нэрлэж байгаа юм. Монголд шинээр бойжиж байгаа нүүдлийн баазын үйлчилгээний концепц нь байгальд дээд зэргийн ээлтэй байж, монголын мянга мянган жилийн уламжлалт газрын бодлого, ёс заншилтай нийцдэг хэрнээ тав тухын хувьд өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлог юм. Энэ үйлчилгээг DMD компани анх санаачилж, зах зээл дээр гялалзсан амжилтанд хүрч байна. Нүүдлийн баазын дээд зэрэглэлийн үйлчилгээ нь дэлхийн практик дахь өндөр зэрэглэлийн байгальд ээлгүй үйлчилгээтэй өрсөлдөх Монголын брэнд болох хандлагатай байна. Хорин нэгдүгээр зууны байгаль орчноо дээдлэн хамгаалах ухамсартай жуулчдын сонирхолд гайхалтай нийцэж байгаагаараа манай улсын энэхүү шинэ төрлийн үйлчилгээ судлаачдын анхаарлыг нэгэнт татаж эхлээд байгаа юм.
Одоогоор Төв, Өвөрхангай, Хэнтий аймгууд DMD компаний нүүдлийн баазад газар олгосон туршлагатай юм. Нүүдлийн бааз нь дараах хэдэн шинж төрхийг агуулна.

  • Бааз нь 100 хувь монгол гэрээс бүрдэнэ. Хашаагүй, эргэн тойрон нь яг л малчны хотын эргэн тойрон мэт задгай тэнүүн байна. Ариун цэврийн байгууламж нь 100 хувь байгальдаа шингэх агуулга, технологитой био хэлбэрийнх байна.
  • Бааз нь малчин өрхийн адил улирлын чанартай нүүдэллэж болох ба, малчдын нэгэн адил нүүхдээ орчиндоо ямарваа цемент, бетон, барилгын үлдэгдэл үлдээхгүй цэвэр байгалийг онгон төрхөөр нь үлдээж нүүж чадна.
  • Бааз нь хүмүүс олноор цуглардаг орчны газарт өдрийн аяллын дайтай дөхөж бууж, аливаа эвент, арга хэмжээнээс орлогоо олж чаддаг чадавхитай байна. Өвлийн улиралд суурин газар руу, зуны улиралд малчид руу дөхөж бууж чаддаг хэрнээ хангалттай зайд байрлаж зочдын тав тухыг хангах чадавхитай байна.
  • Бааз нь саун, шүршүүр зэрэг ус их шаардагдах үйлчилгээ байхгүй бөгөөд түүний оронд нүүдэлчин малчдын хэрэглэдэг данх түмпэн, эсвэл халуун алчуурын үйлчилгээ хэрэглэх зэргээр усанд хэмнэлттэй горимоор ажиллах замаар байгалийн нөөцөд дээд зэргийн ээлтэй байна.
  • Баазын гэр, гал зуух, ор дэвсгэр, хоол ундны үйлчилгээ нь маш тохитой байх ёстой бөгөөд нүүдлийн баазын эргэн тойронд 360 градусын үзэгдэх орчин байлгана.

2012 онд хийгдсэн судалгааны дүнд Монголд аялсан гадаадын жуулчдыг аяллын зорилгоор нь авч үзэхэд түүх, соёлын өв дурсгал, өвөрмөц соёл, нүүдлийн ахуй амьдралыг байгалийн өвөрмөц төрх байдалтай хослуулан үзэх сонирхолтой байсныг тогтоожээ. Судалгаа: У.Батцэцэг. “Монгол улсад 2012 онд аялсан гадаадын жуулчдад явуулсан судалгааны тайлан” УБ 2013 он, тал 9.(х 47, Аялал жуучлал судлал 2013) Иймд Монгол ахуй маягийн зохион байгуулттай нүүдлийн гэр жуулчны баазуудыг үүсгэн ажиллахыг Засаг дарга та дэмжих нь зүйтэй юм. Янз бүрийн нөхцөл байдал, хүчин зүйлээс шалтгаалан тухайн орон нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор байнгын хашаалж олгох газар хязгаарлагдмал бол нүүдлийн баазад газар олгон туршиж үзээрэй. Замын дагуу, нутгийн иргэдийн зуслангийн ойролцоо, баяр наадмын хөл хөдөлгөөнд дөхүү газруудад нүүдлийн баазын газрыг түр эзэмшүүлэхээр тохиролцож, тодорхой хугацаандаа багтааж баазыг буцаан нүүлгэх боломжтой. Гэрээг байгуулахдаа зөвхөн заасан хугацаанд “нүүдлийн жуулчны бааз”-д зориулан газар олгох тул тухайн газрыг хашаалахгүйгээр ашиглах, ашиглах үедээ ямар нэг байнгын байр байгууламж барихгүй байх, ашигласны дараа газрыг аливаа бохирдолгүй анх хүлээж авсан байдалтай адил нөхцөлд эргүүлэн хүлээлгэж өгөх зэрэг нөхцөл, шаардлагуудыг тавина.

Нүүдлийн аяллын баазыг сум, аймаг дамжсан урт хугацааны аялал зохион байгуулж буй компаниуд байгуулж болно. Хэрэв Монгол орны өмнө зүгээс хойт зүгт чиглэсэн өртөө аялал зохион байгуулахыг хүссэн компани жуулчнаа 15 хонуулахын тулд 15 сумын нутгаар дайрах бол, тухайн сум бүртээ тохь тухыг бүрэн хангасан байнгын аялал жуулчлалын бааз барих, газрын төлбөрийг жилийн турш төлөх нь ашиггүй юм. Харин түүний оронд улиралын чанартай газрын төлбөрийг төлж, түр хугацаагаар газар эзэмшин, нүүдлийн бааз ажиллуулах нь ашигтай. Ийнхүү уламжлалт газрын бодлогыг аялал жуулчлалд нэвтрүүлэх нь нутгийн бизнесийн орчныг сайжруулж, өндөр зэрэглэлийн аялалыг өөрийн өнгө төрхтэйгээр хөгжүүлэх боломжийг олгох юм. Эрхэм орон нутгийн шийдвэр гаргагч та бүхэн дээрх зөвлөмжийг үндэслэн газар олголт хийвэл Монголын аялал жуулчлалын дэлхийд өрсөлдөх чадварыг эрс нэмэгдүүлэхэд гүн туслалцаа үзүүлэх болно.

Долоо. Өндөрлөг байршилд Спортын бэлтгэлийн төв байгуулах тухай. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Спортын бэлтгэлийн төв байгуулах, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх байршлыг тогтоох тухай” 02 дугаар тогтоолоор Улаанбаатар хот орчимд далайн түвшнээс 1450 метрээс дээш, аймаг орон нутагт далайн түвшнээс 1500 метрийн өндөрт спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин спортын бэлтгэлийн төвийг байгуулахыг дэмжсэн тогтоолыг гаргасан. Монгол Улсын газар зүйн байрлал нь далайн түвшнээс өндөр, байгалийн үзэсгэлэнт газруудтай бөгөөд эдгээр газар нутагт нэг талаас тусгай сонирхлын аялал жуулчлал, нөгөө талаас олон улсын түвшинд нэлээдгүй хэрэгцээ шаардлагатай байдаг өндөр уулын спортын бэлтгэл, дасгалжуулалтын цогцолбор байгуулахад тохиромжтой юм. Иймээс улсын төсвийн болон хувийн хэвшил, гадаад дотоодын хамтарсан хөрөнгө оруулалтыг спортын зорилгоор дэмжихэд зориулж энэхүү Засгийн газрын тогтоолыг батлуулан гарагсан болно. Мөн 2018 онд БНСУлсад “ПЁНЧОН-2018” өвлийн олимп, паралимпийн наадам, “ТОКИО-2020” оны зуны олимп, паралимпийн наадам Ази тивд зохион байгуулахтай холбогдуулан дэд бүтэц, зам харилцаа харьцангуй сайтай, өндөр уулын бүсийг олон нийт, хөрөнгө оруулагчдад зарлах хэрэгцээ шаардлага үүсч байна. Энэ нь өндөр уулын бүсэд бэлтгэл, дасгалжуулалт хийх сонирхол, эрэлт хэрэгцээ олон улсын түвшинд ихсэж байгаа, манай орны газарзүйн онцлог, БНСУ, Япон Улс руу шууд нислэгтэй, цагийн зөрүү бага зэрэг давуу талтай холбоотой юм. Эдгээр давуу талыг ашиглан спортын бэлтгэлийн төв, аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах өндөржилтийн хэмжээг тогтоолоо. Эдгээр байршилд ямар спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонголт хийх боломжийг орон нутаг болон хөрөнгө оруулагч нарт нээлттэй үлдээсэн болно.


СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ