Улаанбаатар глобал сити төсөл


Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн гадна сурталчилгааны зөвлөл нь холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, үндэсний томоохон компаниудын оролцоотойгоор “Улаанбаатар глобал сити” төслийг хэрэгжүүлэхээр ажлаа эхлээд байна. Төсөл нь хотын гудамж талбайн төлөвлөлт, тохижилтын ажлыг дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүргэх, нийслэлийн иргэдийн орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангах, гадна сурталчилгааны болон мэдээллийн байгууламжуудын шинэ стандартыг нэвтрүүлэх, хот төлөвлөлтийн шинэ концепцийг бий болгох, жижиг дунд бизнесийг бодлоготойгоор хөгжүүлэх зорилготой юм.

Жишээлбэл, “Жуулчны гудамж”-нд гадаадын жуулчдад зориулсан ухаалаг мэдээллийн самбар, байнга солигдож байх бичил үзэсгэлэн байрших бол Анкара, Токио зэрэг гудамжуудад өөр өөрийн нэршил, өнгө төрх, тухайн улс орнуудын онцлогт таарсан тохижилт, хаягжилт, үйлчилгээний төвлөрсөн цэгүүдийг байршуулахаар төлөвлөж байна.

“Global сity” төслийн нэр томъёоны хувьд  дэлхийн хотуудын эдийн засаг, бизнес, улс төрийн амьдралд үзүүлэх нөлөөллийг нь тогтоодог Global сity, world city, alpha city гэх зэрэг жагсаалтууд байдаг. Global сity жагсаалтыг Нью-Йорк, Лондон хотууд Альфа ++ үнэлгээгээр тэргүүлдэг бол Хо Ши Мин, Хельсинки, Ванкувер, Осло, Рио де Жайнеро хотууд бета үнэлгээтэй байдаг. Уг жагсаалтад Улаанбаатар хот ордоггүй ажээ. Иймд УБ хотыг тус  жагсаалтанд орохуйц дэлхийн хот болгох зорилготойгоор уг төслийг “Global сity” хэмээн нэрлэжээ.

Санхүүжилтын хувьд тодорхой хувийг нийслэлийн төсвөөс мөн  олон улсын байгууллагуудын хандив, хөрөнгө оруулалтаас, хувийн хэвшил аж ахуй нэгж байгууллагуудын санхүүжилт зэргээс бүрдэх юм. Эдгээр шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд нь ирэх жил буюу 2016 онд Улаанбаатар хотод зохиогдох АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтын өмнө хийгдэж дуусах юм байна.