Батмөнх даян хааны ач хүү Түмэдийн Алтан хааны үүсгэн байгуулсан Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл хот болох Хөх хотын нутаг дэвсгэрийн хэмжээ 17200км.кв. Хүн ам нь 3.1 сая бөгөөд хотон, манж, дагавар зэрэг 41 үндэстэн ястан бүхий монгол үндэстэн голлон амьдардаг. Хөх хот нь Дундад улсын түүх, соёлын томоохон дурсгалт хотуудын нэг болохын зэрэгцээ ӨМӨЗО-ны улс төр, хөдөө аж ахуй, нийгэм эдийн засаг, соёл, аялал жуулчлалын төв бүс юм. Дундад улсад хамгийн томд тооцогдох сүүний үйлдвэр Хөх хотод буй. Байгалийн сайхан тогтоцтой, Хятад улсын 10 том зуслангийн газрын нэг болдог.
Хөх хотын орчин тойронд Хадан үүд хэмээх мал аж ахуйн талбай, Дундад улсын 10 үзэсгэлэнт хавцлын нэг Лаониүван, Хатун голын их хавцал, Шэнчуан аж ахуй, хилийн гаднах Ши Ху нуур, Хар ус нуур гэх мэт аялал жуулчлалын газрууд бий. Хойд талаараа тал нутаг, баруун талаараа говь цөл, өмнө талаараа Хатун гол, зүүн талаараа Бээжин, Тянжин хоттой хил залгаа оршдог болно.
Хөх хотын нутагт түүх, соёлын эртний дурсгал болох Жөү, Чин, Хан, Мин зэрэг улсын эртний хотуудын балгас бий. Умард Вэй улсын Шөнлө эртний хотын үлдэгдэл, Хүннү болон Хан улсын үндэстний эв нэгдлийг бэлгэдсэн Жоу жүн онгон, шарын шашны сүм дуган, Алтан урагийн хийд хэмээн нэрлэгдсэн Их зуу хийд байдаг. Дэлхий дээр цорын ганц үлдсэн гэх монгол бичгийн дурсгалтай чулуун сийлбэр бүхий зургаар чимэглэгдсэн эрдэнэт суварга (Таван суварга), Лио улсын түмэн бодь цэцгийн чимэглэлт сударын суварга (Цагаан суварга), Чин улсын Энх-Амгалан хааны YI охин Ху Шүй амирлангуй гүнжийн ордон, Ширээт зуу хийд зэрэг бий.
2014 оны жилийн эцсийн тоон үзүүлэлтээр Хөх хотын бүсэд Дундад улсад А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар 24, аялал жуулчлалын компани 220, хувийн жуулчлалын үйлчилгээний газар 433, хоолны газар, дээд зэрэглэлийн зочид буудал 24 байна.