Монгол Улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадвар 2014-2015


Дэлхийн эдийн засгийн форумын 2014-2015 оны дэлхийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол Улс 3.82 оноогоор 98-д бичигдсэн байгаа юм. Уг тайланд Монгол Улс 11.5 тэрбум ам.долларын ДНБ-тэйгээс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3971.86 ам.доллар хэмээн тооцсон байна. 

Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс-2015Женевт төвтэй Дэлхийн эдийн засгийн форум 2015 оны "Аялал жуулчлалын салбар дахь өрсөлдөх чадварын индекс"-ийг нийтэлсэн байна. Энэ жилийн жагсаалтыг Испани улс анх удаагаа тэргүүлж дэлхийн аялал жуулчлалын салбар дахь хамгийн хүчирхэг улсаар нэрлэгдэв. Уг тайланд аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтэц, хүний нөөц, хөдөлмөрийн зах зээл, байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн орчин, байгаль орчны зохицуулалт зэрэг 12 шалгуурыг харгалздан тус бүр долоо оноогоор үнэлдэг бөгөөд энэ жил дэлхийн 141 орныг хамруулан дүгнэлт хийжээ. 

Монгол Улс аялал, жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индексийн долоон онооны үзүүэлэлтээс 3.3 оноо авч, 141 улсаас 99-т бичигдсэн байгаа юм. Ингэснээр Монгол Улс аялал жуулчлалд бэлэн бус эдийн засагтай улс орнуудын 42-т бичигдэж байгаа юм. Манай улсын хувьд бизнесийн орчин, дэд бүтцийн үзүүлэлтээр тааруу үнэлгээ авсан байна. Уг тайлангийн жуулчидтай холбоотой гэмт хэргийн гаралт, зочид буудал, аялал жуулчлалын салбарын хөгжил зэрэг үзүүлэлтийг харгалзан үзвэл манай улс зочломтгой бус буюу жуулчдад ээлгүй 10 улсын 10-т буюу 141 орноос 131-т бичигдсэн байна. Нэгдүгээрт бичигдсэн Испани улс долоон онооноос 5.31 авсан байгаа бол хамгийн сүүлд бичигдсан Чад улс 2.43 оноо авсан байгаа юм. 

Испанийн араас Франц, Герман, АНУ, Их Британи бичигдэж, аялал жуулчлалын салбарт ээлтэй эдийн засагтай улсуудын жагсаалтыг тэргүүлэв. Харин 2013 оны аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр тэргүүлж байсан Швейцарь улс зургадугаарт бичигдсэн байна. Испани жилд 61 сая жуулчдыг хүлээн авдаг, жуулчдын тоогоор гуравт бичигдаж байгаа ч дэд бүтцийн салбар, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтийг харгалзан нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Харин Франц өнгөрсөн жил хамгийн их буюу жилд 84 сая жуулчин хүлээн авсан ч бизнесийн зардал, эдийн засгийн байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан хоёрдугаарт бичигдсэн байна. Манай урд хөрш аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар 17-д, ОХУ нийгмийн байдлыг харгалзан өмнөх жилийнхээс 18 байр ухран 45-д бичигдсэн байна. Азийн улс орнуудын дотор, Япон соёлын баялаг нөөц, дэд бүтцийн хөгжил, тэргүүний дижитал эдийн засгийн үзүүлэлтээрээ есдүгээрт жагссан байна.