АНУ-д Юань гүрний үеийн урлагийн бүтээлүүдийг дэлгэлээ

АНУ-ын Нью-Йорк хотын урлагийн Метрополитан музейд “Хубилай хаааны ертөнц, Юань гүрний үеийн Хятадын урлаг” нэртэй урлагийн бүтээлийн үзэсгэлэн гарч эхэлсэн тухай “Синьхуа” мэдээллээв ирэх оны 1-р сарын 9 хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн үеэр 1274-1368 оны хооронд оршин тогтнож байсан Юань гүрний үеийн уран зураг, тэдгээрийн дотор торгон дээр зурсан Хубилай хааны болон хан хөвгүүд, хатдынх нь хөрөг, хувцас, хэрэглэл, гоёл чимэглэл, баримал, алт мөнгө, нэхмэл, шаазан эдлэл, тухайн үеийн урлагийн түүхийг өгүүлсэн ном судар, Хубилайхааны мэлмий гийсэн 1215 оноос Юань гүрэн нуран унасан 1368 он хүртэлх түүхийг харуулсан бүтээлүүдийг дэлгэж байгаа аж. Тус музейн Азийн урлагийн танхимыг хариуцсан менежер Жисин Жейсон Сан энэ талаар ярихдаа, “Монголчуудын байгуулж, захирч байсан Юань гүрэнд олон өөр соёл, шашин нэгэн дор оршиж, хөгжиж, баяжиж байснаараа хамгийн алдартай. Умард, өмнөд Хятадыг дахин нэгтгэснээр урлагт радикал өөрчлөлтүүдийг авчирч, хөрш зэргэлдээ улс үндэстнүүдээс урлагийн шинэ хэлбэрийг нэвтрүүлж чадсанаараа онцлог юм. Одоогийн Хятадын соёл урлагт ч Юань гүрний урлагийн нөлөө хадгалагдаж үлдсэн. Нэг үгээр хэлбэл бид XIV зуунаас хойш өнөөг хүртэл Юань гүрний соёлын сүүдэрт амьдарсаар ирсэн. Тиймээс Юань гүрний үеийн урлагийн үнэт бүтээлүүдийг олон нийтэд дэлгэж байгаа нь гарцаагүй томоохон үйл явдал юм. Үүгээр дамжуулан хүмүүс Юань гүрэн Марко Пологийн сэтгэлийг яагаад тийн ихээр хөдөлгөж чадсан учрыг өөрсдөө мэдрэх болно” хэмээн ярьжээ.