Нийслэлийн гудамжуудыг дэлхийн жишигт хүргэж тохижуулна.

 Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн гадна сурталчилгааны зөвлөл холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, үндэсний томоохон компаниудын оролцоотойгоор “Улаанбаатар Глобал Сити” төслийг хэрэгжүүлэх болжээ.Энэ төсөл хотын гудамж талбайн төлөвлөлт, тохижилтын ажлыг дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүргэх, нийслэлийн иргэдийн орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангах, гадна сурталчилгааны болон мэдээллийн байгууламжуудын шинэ стандарт нэвтрүүлэх, хот төлөвлөлтийн шинэ концепц бий болгох, жижиг дунд бизнесийг бодлоготой хөгжүүлэх зорилготой юм байна.Ингэснээр “Жуулчны гудамж”-нд гадаадын жуулчдад зориулсан ухаалаг мэдээллийн самбар, байнга солигдох бичил үзэсгэлэн байршуулах юм байна. Анкара, Токио зэрэг гудамжуудад өөр өөрийн нэршил, өнгө төрх, тухайн улс орнуудын онцлогт нь таарсан тохижилт, хаягжилт, үйлчилгээний төвлөрсөн цэгүүд байршуулах аж.Дэлхийн хотуудын эдийн засаг, бизнес, улс төрийн амьдралд үзүүлэх нөлөөллийг нь тогтоодог Global City, world city, alpha city зэрэг жагсаалтууд байдаг. Global City жагсаалтыг Нью-Йорк, Лондон хотууд Альфа ++ үнэлгээгээр тэргүүлдэг бол Хо Ши Мин, Хельсинк, Ванкувер, Осло, Рио де Жайнеро хотууд Бета үнэлгээтэй гэнэ. Уг жагсаалтад Улаанбаатар хот ордоггүй. Иймд Улаанбаатар хотоо уг жагсаалтад орохуйц дэлхийн хот болгох зорилгоор “Глобал Сити” төслийг эхлүүлжээ.Санхүүжилтын хувьд тодорхой хувийг нийслэлийн төсвөөс, олон улсын байгууллагуудын хандив, хөрөнгө оруулалтаас, хувийн хэвшлийн санхүүжилт зэргээс бүрдэх юм.Эдгээр шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд ирэх жил буюу 2016 онд Улаанбаатар хотод зохиогдох АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтын өмнө хийгдэж дуусахаараа онцлогтой юм  байна.