ОХУ дахь Г.К.Жуковын хөшөөг Монголд авчрах хүсэлт гаргажээ

 

Оросын холбооны улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Ш.Алтангэрэл нэрт маршал Георгий Константинович Жуковын хөшөөг Монголд авчруулах саналыг Москвагийн Думд илэрхийлжээ.

Манежная талбай дахь Г.К.Жуковын хөшөөг байрнаас нь хөдөлгөж, төрөлх Калугад нь шилжүүлэн суурьшуулах тухай яригдаж буй юм байна. Тиймээс Элчин сайд Ш.Алтангэрэл хөшөөг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж. “Жуков хэдийгээр Калугад төрсөн ч гэсэн цэрэг армийн удирдагчийн хувьд анх Монголд “төрсөн” тухай би зохих захидлыг бичиж хүргүүлсэн. Маршалын хөшөөг Калугад биш харин Улаанбаатарт хүргэх талаар Москва бодолцож үзвэл бидний хувьд завшаантай хэрэг болно” гэж элчин сайд Ш.Алтангэрэл өгүүлсэн байна. Г.К.Жуковын хөшөөг солих асуудлыг ОХУ-ын Иргэний танхим удахгүй хэлэлцэх юм байна. Хэрвээ Оросын тал маршал Жуковын хөшөөг Монголд өгөхийг зөвшөөрвөл Улаанбаатар дахь Жуковын гэр музейн өмнө байрлуулах аж

Уг нь БНМАУ, ЗХУ-ын баатар маршал, Г.К.Жуковын хөшөө Улаанбаатар хотод байдаг. 1939 оны Халх голын дайныг удирдан, ялалт байгуулсан түүний гавьяаг алдаршуулах, хойч үеийнхэндээ таниулах зорилгоор Баянзүрх дүүрэгт түүнийг хөшөөг босгосон юм. Харин ОХУ дахь түүний хөшөөг 1995 оны тавдугаар сарын 8-нд эх орны дайны ялалтын 50 жилийн ойд зориулан бүтээсэн аж.