Шороон бумбагарын дурсгалт газрын ханын хуулбарыг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейгээс үзэх боломжтой боллоо

 Улаан хэрэмийн Шороон бумбагарын дурсгалт газрыг анх 2011 онд малтан судалж бунхнаас олдсон археологийн олдвор, дурсгалт зүйлсийг  Соёлын өвийн төв, Хархорум музейн сэргээн засварлах лабораторт бэхжүүлж, сэргээн засварлан Хархорум музейн сан хөмрөгт түр хадгалж байна.

Харин газар доорх 43м урт хананд буй ханын зургийг судлан шинжлэх, цэвэрлэх, бэхжүүлэх ажлыг Соёлын өвийн төвийн сэргээн засварлагчид ЮНЕСКО-ийн эксперт болон Япон улсын судлаачидтай хамтран хийж дурсгалт газрыг нээснээс хойш ханын зураг орчим агаарын солилцоо хэт ихэсч, нэг хэмийн хадгалах орчин нөхцөл бүрдэх боломжгүй болсон тул дурсгалыг авран хамгаалах яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болсон гэж үзжээ.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас “Улаан хэрэмийн Шороон бумбагарын археологийн музей байгуулах хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны эхлэл болгон ханын зургийг бэхжүүлж, авран хамгаалах бэлтгэлийг хангах, эх зурагнаас музейн үзмэрийн зориулалтаар хуулбар хувийг адил төрлийн материал, хэрэглэгдэхүүн, технологи ашиглан хийх ажлыг 2014 онд хөрөнгө оруулалтаар шийдэж, “Түүхийн дурсгалан” ХХК, Соёлын өвийн төвтэй хамтран хэрэгжүүллээ.

Энэхүү ажлын үр дүнд 2015-2016 онд дурсгалт газар буй эх ханын зургийг газрын хөрснөөс хуулж авах үед ханын зурагны зарим хэсэг эвдэрч унах эрсдэл гарсан тохиолдолд эх хуулбар хувь бий болж улсын сан хөмрөгт үлдэнэ. Түүнчлэн шинээр байгуулах археологийн музейн дэргэд аюулгүй байдлыг бүрэн хангасан газар доорх бунхант байгууламж байгуулах үед булшийг анхны төрх байдлаар иж бүрэн сэргээн засварлаж, бунханы хананд эх хуулбар зургийг байрлуулж, үзэгчид жуулчдад сонирхуулах боломжтой болох юм.
Одоогоор Шороон бумбагарын ханын хуулбар нь Улаанбаатар хотын Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд байрлаж байгаа тул та бүхэн өргөнөөр үйлчлүүлэх боломжтой