Хүннүгийн үеийн булшнаас Ромын эзэнт гүрний эд өлгийн зүйл олджээ
Археологич, доктор Д.Эрдэнэбаатарын ахалсан археологийн багийхан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Хүннүгийн үеийн булшийг малтаж байгаа ажээ. Тус багийнхан өнгөрсөн зун Хануй голын хөндий буюу мэргэжлийн хэллэгээр “Гол мод -2” дахь язгууртны булшны дагуул булшнаас МЭ 50 оны үеийн Ромын эзэнт гүрний эд өлгийн зүйл болох шилэн аяга олжээ. Судлаачдын урьдчилсан таамгаар энэ аягыг европоос Хүннүчүүдэд Торгоны замын худалдаагаар дамжин бэлгэнд ирсэн гэж үзэж байна. Хэрвээ энэ таамаг үнэн нь батлагдах юм бол Хүннүчүүд, европчуудтай эдийн засгийн харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй энэ нь бичгийн эх сурвалжид тэмдэглэгдээгүйгээрээ шинэ нээлт юм. Өмнө нь үүнтэй төстэй 2 ширхэг эдлэл Солонгосоос олдож байжээ. Үүнийг мөн судлаачид Сяньби улсаар дамжин Солонгосын нутагт очсон гэж үздэг ажээ. Гэхдээ монголоос олдсон шилэн аяга хийцийн хувьд дээрх 2 аяганаас нарийн байжээ. Шилэн эдлэлийн мастерууд энэхүү аягыг үзээд гайхалтай нарийн ур хийцтэй болохыг нь баталсан байна. Мөн саяхан болсон археологийн олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хосгүй үнэт дурсгал гэдгийг ч хүлээн зөвшөөрчээ. Дашрамд сонирхуулахад энэхүү хурлаар Монголын археологийн шинжлэх ухаанд сүүлийн 10 жилд тэсрэлт гарсан гэж дүгнэсэн байна.