“Эко сүү” ХХК-ийн ферм “Улсын тэргүүний ферм” боллоо

“Эко сүү” ХХК-ийн элгэн таргийг хэрэглэгчид андахгүй сайн мэддэг болсон. Тус компани нь Монголдоо анх удаа сүүний автомат машин нэвтрүүлж, Баруунтуруунд өдөрт 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтай сүүний үйлдвэрийнхээ нээлтийг өнгөрсөн жил хийж байсан билээ. Тус компанийн ферм өчигдөр /02.17/ “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМ” болж, шагналыг нь Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа фермийн эзэн Ванчиг овогтой Ганцолмонд гардуулж өглөө.

Төв аймгийн Баянчандмань суманд зургаан жилийн өмнө найман үнээтэйгээр аж ахуйгаа эхлүүлж байсан тус ферм өнөөдөр хар тарлан болон Франц улсаас мах сүүний чиглэлийн цэвэр Монтбильярд үүлдрийн үхэр үржүүлдэг томоохон фермийн нэг болжээ. Одоо нийт 105 толгой үхэр, саалийн 45 үнээтэй, жилдээ дунджаар нэг үнээнээс 6.8 мянган л сүү, нийт 282 тн сүү үйлдвэрлэж, жилд 200 сая төгрөгийн орлого, 45 сая төгрөгийн цэвэр ашиг олдог байна. Мөн нутгийн залуу гэр бүлүүдийг ажлын байраар хангаж фермийнхээ дэргэд халуун, хүйтэн устай канад технологийн байшин барьж өгсөн нь салбарын сайдад ихээхэн таалагдаж байсан.

Өнөөдрийн байдлаар тус фермд Баянчандмань сумын зургаан өрх халуун ам бүлээрээ ажиллаж амьдардаг аж. “Хүний хэрэгцээ цөм бүрэн” гэдэг шиг энэ ферм дээр нутгийн залуу малчдад тааваараа сайхан амьдрах боломжийг цогцоор нь бүрдүүлэн өгчээ. Жишээлбэл, чөлөөт цагаараа утасгүй интернэт ашиглан олон нийтийн сүлжээнд саатахаас гадна өөрт хэрэгтэй гэсэн мэдээллээ цахим мэдээллийн сайтуудаас авдаг байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа бид УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР болсон В.Ганцолмонтой цөөн хором ярилцлаа.

-Танай ферм “Улсын тэргүүний ферм” боллоо. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-“Улсын тэргүүний фермер” болсондоо сэтгэгдэл өндөр байна. Энэ шагналыг авахад туслалцаа үзүүлсэн сум орон нутгийнхан, гэр бүлийнхээ хүмүүс болон ажилчдадаа маш их баярлалаа.

-Таныг эдийн засагч мэргэжилтэй гэж сонслоо. Фермерийн аж ахуй эрхлэхэд тань хэн нэгэн нөлөөлсөн үү?

-/инээв.сурв/ Тийм ээ, би эдийн засагч мэргэжилтэй хүн. Манайх гэр бүлээрээ үхрийн аж ахуй эрхлэнэ гээд, тэгээд л фермер болсон доо. 2009 онд фермерийн аж аж ахуйгаа эхлүүлж байхдаа өнөөдрийн энэ түвшинд хүрнэ гэж бодож байсангүй. Хурдан хугацаанд “Улсын тэргүүний фермер” болчихлоо. Зургаан жилийн өмнө анх найман үнээтэй эхэлж байсан.

-Танай фермийн Монтбильярд үүлдрийн үнээнүүд бусад үхрүүдийг бодвол их “ямбатай” шүү дээ. Монгол орны цаг агаарын нөхцөл байдалд хэр дасан зохицож байна?

-Монгол үнээтэй харьцуулахад тэсвэр, тэвчээр, арчилгаа, маллагаа гээд бүх зүйл нь өөр л дөө. Бараг хоёр дахин их арчилгаа шаардана. Гэхдээ ашиг шим нь тэр хэмжээгээрээ илүү.  

-Монтбильярд үүлдрийн үнээний сүүний онцлог юу вэ?

-Сүүний тослог гэх мэт зүйлээрээ бусад сүүнээс илүү. Манайх эцсийн бүтээгдэхүүнээ чанартай гаргахын тулд үнээндээ өгөх тэжээлээс нь авахуулаад анхаардаг. Бид өөрсдөө тэжээлийн үйлдвэртэй. Үйлдвэрлэсэн тэжээлээ Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд шинжлүүлж батлуулсан. Манай тэжээллийг “Монголд үйлдвэрлэсэн хамгийн тэжээллэг сайн тэжээл байна” гэсэн.

-Фермерийн аж ахуй эрхлэхэд ямар асуудал тулгамдаж байна?

-Газрын асуудал их тулгамдаж байгаа. Хашчихсэн бэлчээрийн газар л хэрэгтэй байна. Задгай газар бэлчээж болдоггүй, өөр үүлдрийн бух дагачих гээд хэцүү. Энэ үүлдрийг цэврээр нь хадгалахын тулд бэлчээрийн газар хэрэгтэй байна.

-Танай хамт олон цаашид ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

-Францаас оруулж ирсэн мах сүүний хосолмол Монтбильярд үүлдрийнхээ үхрээс энэ жил ах удаагаа үр авч үзсэн. Цаашид үр хөврөл аваад, сум орон нутгийнхаа фермерүүдэд Монтбильярд үүлдрийн үхрийг тараая гэсэн зорилготой байна даа.   

“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР”-ийн аж ахуйг түшиглэн боссон “Эко сүү” ХХК өөрийн фермерээс сүү авахаас гадна бусад хоршоо фермерийн сүүг худалдан авч, үйлдвэртээ 90 градус хүртэл ариутгасан сүү автомат машинаар дамжин хэрэглэгч таны гарт хүргэдэг. Энгийнээр хэлбэл, та АТМ-ээс мөнгө авч байгаа шиг л карт уншуулж, үйлдвэрийн аргаар цэвэршүүлсэн, үнээний сүүгээ хүссэн хэмжээгээр нь гэрийнхээ ойролцоо байрлах автомат машинаас авах боломжтой гэдгийг энд дурьдаж өгөх нь зүйтэй болов уу. Шинэ сар гарсны дараа “Эко сүү” компани бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж жимстэй, гурвалжин будаатай элгэн тараг үйлдвэрлэхээр бэлдэж буй аж.

 

М.АМАРЖАРГАЛ

Medee.mn