Шинэ төрлийн олон улсын харилцааг бүдүүн тоймоор хэлбэл улс орнууд
өөр өөрийн замаар хөгжихдөө win-win зарчмыг хэрэгжүүлэхийг Хятадууд санал
болгож, үүнийгээ шинэ төрлийн олон улсын харилцаа гэж нэрлэж байгаа юм. Өмнөх
их гүрнүүдийн замнаж ирсэн жажлах замаар биш замнахгүй гэж хэлж байна.
Түншлэлийн харилцааны сүлжээг байгуулж, Хятад улс одоо 72 улс, бүс
нутагтай янзүрийн түвшний түншлэл тогтоогоод байна. Манайхтай тогтоосон иж
бүрэн стратегийн түншлэлийг өөр бусад 30 орчим улстай байгуулсан. Ер нь
түншлэлийг Хятадын гадаад харилцааны нэг онцлог болгож байгаа юм.
Ази, Номхон далайн мөрөөдөл: Хоёр жилийн өмнө “Хятад мөрөөдөл”-ийг
дэвшүүлж байсан бол 2014 онд АПЕК-ийн хурал дээр “Ази, Номхон далайн
мөрөөдөл”-ийг дэвшүүлж, бүс нутаг руу өргөжлөө. Энэ мөрөөдлийг гаргаж тавих
болсон үндэслэл нь энэ бүс нутаг дэлхийн хөгжлийн бааз суурь болж, хүчнүүд ийш
төвлөрч байна, бүс нутагт хоёр талт ба олон талт механизмууд бий болж, нэгдмэл
үзэлд хүрэх шаардлага урган гарч байна, мөн Хятад улс Ази, Номхон далайг хэрхэн
чиглүүлэхийг дэлхий харж байна хэмээжээ.
Ази тивийн аюулгүй байдлын үзэл санаа: 2014 онд Хятад улс “Ази
тивийн аюулгүй байдлын үзэл”-ийг анх удаа дэвшүүлж, Хятад улс Ази тивд
үгүйлэгдэж байсан аюулгүй байдлын олон талт механизмын хоосон орон зайг
нөхөхийг хичээж байгаа гэж шинжээчид онцолж байна.
Ийнхүү Хятад улс дэлхийн олон оронтой түншлэхдээ хамтдаа хожих зарчим
баримтлахаа тодотгон тунхаглаж, үүнийгээ Хятадын онцлогтой их гүрний гадаад
харилцаа хэмээн томъёолж байна. Хятад улс эдийн засгийн хүч чадлаа олон улсын
харилцаанд давуу тал болгон ашиглаж, хэлхээ холбоогоо улам зузааруулахын
зэрэгцээ аюулгүй байдлын хамтын ажиллагааг ч анхаарч эхэллээ.
Хятад ба гол орнуудын харилцаа
Хятадын гадаад бодлого идэвхжиж байгаа нь олон улсын харилцаан дахь хүчний
тэнцвэрт гарч буй өөрчлөлтийн тусгал гэж харж болох юм. Тухайлбал:
“Хамтын ажиллагаандаа сөргөлдөөн
агуулсан” Хятад, АНУ-ын харилцаа
Ялангуяа 2014 онд Хятад, АНУ-ын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой
тохиосныг хэлэх үү, уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулалтын хэлэлцээр,
“Мэдээлэл, технологийн хэлэлцээр”, визийг хөнгөвчлөх тухай гээд олон зүйлээр
хамтарч ажилласан ч бас Өмнөд Хятадын тэнгис, Дорнод Хятадын тэнгис,
интернэтийн аюулгүй байдал, Хонгконг, худалдаа эдийн засаг, Төвөд зэрэг
асуудлаар сөргөлдсөн юм. Тиймээс “хамтын ажиллагаандаа сөргөлдөөн агуулсан”
харилцаа гэж шинжээчид тодорхойлж байна.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд АНУ-ын Хятадтай харилцах стратегид өөрчлөгдөөгүй
гол санаа, логик нь АНУ тэргүүтэй олон улсын системд Хятадыг багтаан оруулах,
уг системийн хүчээр хөгжлийг нь хазаарлах, журамлах, аажимдаа Хятадыг өөрчлөх
юмуу өөрчлөгдөх орчныг бий болгох явдал байв. Харин Хятадын АНУ-тай харилцахдаа
хэдэн арван жил өөрчлөгдөөгүй гол стратеги бол эдийн засгийн даяаршлаас зугатах
бус холбогдох, олон улсын одоогийн системийг эвдэх бус оролцож нэгдэх, Хятадын
онцлогтой социализмыг бие даан байгуулж, ашиг сонирхлоо тэлэх, тайван хөгжих
явдал байж.
Гэвч одоо Хятад, АНУ-ын харилцаанд суурь өөрчлөлт гарч байна. Юун түрүүнд энэ
хоёрын хооронд бодит хүчний харьцаа өөрчлөгдөв, түүнийг дагаад стратегийн
хандлага өөрчлөгдсөн, тодруулбал, АНУ “дахин тэнцвэржүүлэх бодлого” гаргасан бол
Хятад улс “хүчээ нөөх” бус “идэвхтэй” хүчтэй гадаад бодлого явуулж эхэллээ.
Стратегийн суурь ч бас өөрчлөгдөж, хүйтэн дайны үед хамтдаа ЗХУ-ыг сөрж байсан
бол шинэ зуунд терроризм, эдийн засаг дээр хамтрах болсон ч хангалттай бат бэх
суурь болж чадахгүй байгаа төдийгүй худалдаан дээр өрсөлдөх маягтай болов.
Бодлогын шийдвэр гаргах орчин ч өөрчлөгдөж, “гуравдахь хүчин зүйл”-ийн оролцоо
буюу бусад улс (Япон, Филиппин, Вьетнам, Умард Солонгос, Судан, Иран, Мьянмар,
Украйн, ОХУ) Хятад, АНУ-ын геостратегийн тоглоомд дурдагдах боллоо гэж Хятадын
эрдэмтэн Юань Пөн хэлж байна.
Гэхдээ хоёр орны хооронд салбар бүрийг хамарсан 90 гаруй яриа хэлэлцээний
механизм ажиллаж байгаа нь олон улсын харилцаанд ховор үзэгдэл. Яг одоо бол
2013 онд тогтоосон “мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтдаа
хожино” гэсэн зарчмаа талууд барьж байгаа ч дээр дурдсан суурь өөрчлөлтүүдээс
болоод “Хятад, АНУ-ын зэвсэглэлийн өрсөлдөөн хэдийнээ эхэлчихсэн” гэдэгтэй
ажиглагчид санал нэгдээд байгаа билээ.
Стратегийн гэхээс илүү тактикийн
шинжтэй Хятад, ОХУ-ын харилцаа
Хятад, ОХУ-ын тэргүүн нар энэ жил 5 удаа уулзсаны дийлэнх нь олон талт
механизмаар дамжиж Сочигийн олимп, БРИКС, ШХАБ, АПЕК-ийн үеэр тохиожээ. Талууд
400 тэрбум ам.долларын баримт бичигт гарын үсэг зуран шуугиулсан. Хамтарсан
томоохон төслүүдэд нь том оврын нисэх онгоц, хүнд даацын нисдэг тэрэг, хурдны
галт тэрэг, хиймэл дагуул зэрэг багтана. Бас хамтарсан болон ШХАБ-ын хүрээнд
цэргийн сургууль хийснийгээ талууд цэргийн итгэлцэл хамгийн дээд цэгт хүрч
байна хэмээн үнэлэх жишээтэй.
Сүүлийн үед Хятад, Орос хоёр дотоод, гадаад хүчин зүйлээс шалтгаалан улам
ойртох том алхмууд хийсэн ч харагдаж байгаа шигээ нааштай биш гэж барууны
шинжээчид дүгнэжээ. Хятад, Оросын харилцаа нягтарч байгаа нь стратегийн гэхээс
илүү тактикийн шинжтэй1 гэж АНУ-ын ҮАБЗ-ийн Азийн асуудал
хариуцсан дарга асан Виктор Ча үзсэн бол З.Бзежински “Украйны асуудлаар НҮБ-ын
Аюулгүйн зөвлөлийн санал хураалтад Хятад улс Оростой адил татгалзалгүй, харин
түдгэлзсэн нь Оростой харилцах харилцаа Хятадын стратегийн гол цөм биш гэдгийг
илтгэсэн” гэж үзжээ.
Гэхдээ Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож
буй энэ жилд талууд харилцаагаа түүхэндээ урьд өмнө байгаагүй хамгийн оргил
үедээ хүрээд байна хэмээн үнэлж буй нь Хятад, ОХУ хоёр нэг нэгнээ дэмжиж,
АНУ-ын эсрэг тэнцвэржүүлэгч хүч болж буйтай холбоотой.
“Хүйтэн дайны” байдалтай Хятад,
Японы харилцаа
“Хятад, Японы харилцаа эдүгээ харилцааг хэвийн болгосноос хойшхи хамгийн муу
үедээ ирээд байна” гэж Хятадаас Японд суугаа Элчин 2014 оны эхээр л мэдэгдэж
байсан. Хятад далайн хүчирхэг улс болох зорилтыг хэрэгжүүлж, Өмнөд Хятадын
тэнгис болон Дорнод Хятадын тэнгис дэх далайн эрхээ хамгаалахыг ХАЧА-ийн
тэргүүн үүрэг болгоод байна. 2013 оны сүүлээр БНХАУ “агаараас хамгаалах, таних
бүс”-ээ Дорнод Хятадын тэнгист шинээр тогтоов. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ
Ясүкүни сүмд мөргөв. Ингээд Япон, Хятад хоёр нэг нэгнээ шүүмжлэх нь олширч
улмаар Япон улс Үндсэн хуульд заасан “өөрийгөө хамгаалах эрх”-д өөрчлөлт
оруулах төсөл бэлэн болгохоос гадна “Зэвсэг шилжүүлэх гурван зарчим”-аа
шинэчлэн зэвсгийн экспортын хоригоо сулруулсан нь хагас зууны турш хийж буй
анхны томоохон өөрчлөлт болжээ. Ингээд Хятад, Японы харилцаанд өндөр дээд
хэмжээний айлчлалууд хэсэг тасалдаж, цэргийн салбарын харилцаа зогсож, худалдаа
эдийн засгийн харилцаа хумигдаж, ард иргэдийн итгэл унаж, ялангуяа Дорнод
Хятадын тэнгист “гал ноцох” эрсдэл үүссэн юм.
Энэ бүхний гол шалтгааныг XXI зууны хоёр дахь арван жилээс эхлэн АНУ гол
стратегиа дорно тийш чиглүүлснээр Хятад, Японы харилцааны хуучин асуудлууд
сөхөгдөн босч, түүхийн зөрчил, газар нутгийн маргаан дэвэрсэн гэж Хятадын нэрт
эрдэмтэн Ни Шисюн тайлбарлаж байна. Үүсч буй асуудлууд их гүрний стратегийн
зохицуулалтын нөлөөлөл, тусгал гэж үзэж буй учраас Си Зиньпин, Шинзо Абэ нар
улс төрийн дөрвөн баримт бичгийн үндсэн дээр Хятад, Японы стратегийн харилцан
ашигтай харилцаагаа урагшуулах учиртай хэмээн АПЕК-ийн уулзалтаар тохирсон байж
болох юм. Ирээдүйд Хятад-Японы харилцаа тодорхой түвшний “мухардмал байдал”
эсвэл “хүйтэн дайны” байдалд хадгалагдана гэж хятадын цэргийн шинжээч үзжээ.
Эцэст
нь тэмдэглэхэд, Хятад улс хүчирхэгжихийн хэрээр Си Зиньпиний гадаад бодлого,
үйл ажиллагаа улам өөртөө итгэлтэй болж байна. Тэр бүү хэл манлайлах шинжээ олж
байна. Си Зиньпин олон улсын тавцанд өөрийн байр сууриа илэрхийлж, “язгуур ашиг
сонирхол”, “эрх ашиг” гэх мэт үгсийг байнга давтах болсон зэрэг байдлаараа
өмнөх удирдагчдаас ялгардаг. Тэрээр “хатуу”, “зөөлөн” хүчийг хослуулан
хэрэгжүүлснээр сүүлийн хорь гаруй жил баримталж ирсэн “даруу байж хүчээ нөөх”
гадаад бодлогын жанжин шугамыг өөрчилж “идэвхтэй байх” хүчтэй бодлого руу
чигллээ.
1中俄关系升温 美国不感冒
http://international.caixin.com/2014-06-12/100689477.html