Facebook компани Internet.org төсөлдөө Энэтхэгийг багтааж, тус улсын зургаан мужийг интернэтийн гол сайтуудад үнэгүй холболоо. Энэ тухай Facebook-ийн ерөнхий захирал Марк Цукерберг нийгмийн сүлжээгээр дамжуулан дуулгав. “Бид Энэтхэгт дөнгөж сая Internet.org-ийг нэвтрүүлж, зургаан мужийг эрүүл мэнд, боловсрол, ажлын хайлт болон харилцааны интернэт-сервисүүдэд үнэгүй холболоо. Энэтхэгт тэрбум гаруй хүн интернэтэд орж чадахгүй байна. Тэд бусдын ашигладаг боломжийг ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Интернэтэд холбогдсоноор тэдгээр хүмүүсийн санал санаачилга, бүтээмж дээшилнэ” хэмээн Цукерберг бичжээ. Энэтхэгийн зургаан мужийн оршин суугчид Wikipedia, BBC мэдээллийн агентлаг, мөн Facebook зэрэг 30 орчим гол сайт руу үнэгүй нэвтрэх болж байна.
Internet.org-ийн үнэгүй сервис сүүлийн нэг жилд Африк, Латин Америкийн орнуудын 150 сая иргэнд хүрчээ. Өмнө нь интернэтэд орж чаддаггүй байсан зургаан сая хүн цахим ертөнцөөр аялах боломжтой болсон юм. Интернэтийг дэлхийн бүх хүнд хүртээмжтэй болгох цаг ирнэ хэмээн Цукерберг онцолж байна. Internet.org төсөлд Гана, Замби, Кени, Колумб, Танзани хамрагдаад байсан. Хурдацтай өсөн нэмэгдэж буй хамгийн том зах зээл болох Энэтхэг улс энэ төсөлд нэгдсэн нь ихээхэн ач холбогдол агуулж байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар, Энэтхэг улс мөдхөн Facebook хэрэглэгчдийн тоогоор АНУ-ыг давж гарах ажээ.
Internet.org төслийн буяны үйлсийн зорилго нь дэлхийн таван тэрбум хүнийг интернэтэд холбох. Тэр тусмаа Африкийн ядуу орнуудыг интернэтээр хангах нь нэн тэргүүний зорилт болж байна. Энэ төслийн хүрээнд Facebook компани үндсэн онлайн сервисүүдийг үнэгүй хүргэх, цахим өгөгдлийн дамжуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, интернэтийн үнэ өртгийг 100 дахин бууруулахаар төлөвлөж байна.