Манай улсад бөөрний өвчлөл их болсон. Гурван хүн тутмын нэг нь бөөрний ямар нэгэн эмгэгтэй байдаг гэсэн судалгаа хүртэл бий. Энэ төрлийн өвчлөлүүд хүйтний улиралд бүр гаардаг. Гэхдээ зөвхөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай холбож үзэх учир дутагдалтай ажээ. Учир нь бөөрний өвчлөлд амьдралын хэв маяг хамгийн их нөлөө үзүүлдэг байна.
Хүмүүсийн эрхэлж буй ажил мэргэжил, суурь өвчлөл буюу эрүүл ахуйн байдлаас шууд хамаардаг гэсэн үг. Манай улсад сүүлийн жилүүдэд дунд сургуулийн хүүхдүүдийн дунд шүдний хорхойтох өвчин, хоолойны ангина өвчин нэлээд элбэг болсон байна. Энэ хоёр эмгэгийн улмаас хүний дархлаа сулрах улмаар бөөр шээсний замын өвчин тусах магадлал өндөр болдог аж.
Тиймээс хүүхдийнхээ шүдийг тогтмол угааж, цооролтоос сэргийлж байх нь нөгөө талаар бөөрний архаг дутагдалаас давхар хамгаалж байдаг байна. Дээрээс нь дулаан хувцаслах, илчлэг, тэжээл ихтэй хоол хүнс хэрэглэх, ариун цэврийг сайтар сахих зэрэг амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж дадвал бөөрний хавтгайрсан өвчлөлөөс сэргийлж чадах юм.
Мөн дур мэдэн эмчилгээ хийхгүй, эмчид хандаж зөвлөгөө авч дадах. Мэргэжилтнүүд 45-аас дээш насныхан жилд хоёр удаа нарийн шинжилгээнд ордог байх, насанд хүрсэн хүмүүс жилдээ нэг удаа урьдчилсан сэргийлэх үзлэгт ороод зөвлөгөө авдаг болчихвол бөөрний өвчлөлийг эрт оношлуулж илрүүлээд төгс эмчлүүлэх боломжтой гэж хэлдэг.
Resource: Medee.mn