Монгол улсын нээлтийн арга хэмжээ, томоохон хурлуудыг хийж, өөрсдийгөө аль ч орноос давуу байдлаар сурталчилна. Энэ нь улс төр, эдийн засгийн бүх шатанд маш сайн сурталчилгаа. Бусад албан ёсны түнш орнууд Европын болон Хойд Америкийн 570 сая хүнд сарын турш өөрсдийгөө сурталчилж, хүргэж байсан. Энэ бол чадвартай томоохон зах зээлд хүрэх том боломж. Үүнийгээ дагаад Монголын соёл урлагыг харуулсан тоглолт хийж, Монгол хоолоо сурталчилсан хүлээн авалт зохион байгуулна. Энэ мэтчилсэн бид Монгол улсыг бүх талаас нь таниулах гэж байна. Улсаас энэ том нэгдсэн сурталчилгааны санаачилгыг гаргаж, хувийн хэвшлээ дэмжиж байгаа нь том ахиц.
Албан ёсны түнш орноор оролцсон бусад орныг харахад хоёр жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн байдаг. Бид өнгөрсөн оны дундаас бэлдэж эхэлсэн нь Монголын түүхэнд байгаагүй эрт эхэлсэн бэлтгэл ч бусад орнуудтай харьцуулахад чамлахаар үзүүлэлт. Өмнө нь бол аялал жуулчлалын компаниуд үзэсгэлэнд бие даан “бор зүрхээрээ” оролцоод өөрсдийгөө гаргаж ирдэг байлаа. Өнөөдрийн хувьд бид И Тэ Бэ-д түнш орноор оролцож, Монгол улсыг нэгдсэн “Монгол, Язгуурын нүүдэлчид” гэсэн ерөнхий ойлголтоор дэлхийд гаргаж ирнэ. Энэхүү уриаг манай компаниуд дэмжиж, хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр “цэвэр” мэргэжлийн зах зээлд олон улсын түншүүдтэй хамтын ажиллагаа байгуулах, бэхжүүлэх боломж гарч ирж байна.
Энэ удаад МУ-ын Ерөнхийлөгч очиж нээлтийн ажиллагаан дээр үг хэлнэ гэдгээ мэдэгдсэнээс хойш оролцох хүмүүсийн тоо нэлээд нэмэгдэж байна. Үндсэндээ 18 үндэсний тур оператор компани оролцоно. Ойролцоогоор 200 гаруй хүн явах тооцоо байна. Үндсэн баг маань 100 хүн байгаа. Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас гадна “Visitor” буюу зочин статусаар 50 гаруй компани оролцохоор байна.
Ц.Оюунгэрэл гишүүн сайд байхдаа 2013 онд Аялал жуулчлалын салбарын чуулганы үеэр “Go Nomadic, Experience Mongolia” хэмээх уриаг танхимд цугласан олноос санал аван сонгуулж байсан удаатай. Энэ уриаг хаяж шинэ уриатай болсны учир юу вэ?
Урьдчилсан байдлаар гадаадын 25 “PR” маркетинг компани бидэнтэй хамтарч ажиллая гэсэн санал ирсэн. Тэдний зүгээс бидний энэхүү "Си Эн Эн"-тэй хамтарч гаргаж ирсэн “Монгол, Язгуурын нүүдэлчид” уриаг ихээхэн сайшааж байсан. Монгол улсаа сурталчлах хүрээнд байгаль, хүний нөөц зэрэг голлох хүчин зүйлсүүдийнх нь онцлогийг харгалзан шингээж энэхүү уриаг гаргаж ирсэн байгаа. Өмнө нь сонгогдсон уриаг нэлээд асуудалтай байсан гэдгийг салбарынхан ерөнхийдөө хүлээн зөвшөөрөөд орхисон. Энэ уриаг зөвхөн аялал жуулчлалын салбар бус бусад салбар ч ашиглахад тохиромжтой.
И Тэ Бэ-д түнш орноор оролцож байсан орнуудад ямар бодит үр дүн өөрчлөлт гарсан гэх судалгаа байдаг вэ? Монголын хувьд онилж буй үр дүнгийн тооцоо бий юу?
Бусад улсыг харж байхад И Тэ Бэ-д оролцсон Энэтхэг, Индонези зэрэг дэд бүтэц сул хөгжсөн орнуудад сүүлийн 10 жилд 5-15 хувийн салбарын өсөлт гарсан байдаг. Харин Турк шиг аялал жуулчлалын суурь сайтай, аялал жуулчлал ДНБ-ийн 12.3 хувийг бүрдүүлдэг, дэд бүтэц өндөр хөгжсөн орнуудын хувьд И Тэ Бэ–д оролцсоноос хойш тууштай аялал жуулчлалаа дэмжиж эрчийг нь алдахгүй авч явснаар бараг 48 хувиар аялал жуулчлалын өсөлт нь хэмжигдэж байгаа. Хэчнээн тооцоо хийж байгаа ч тийм хувиар аялал жуулчлалын салбар өснө гэж хэлэх хэцүү ч бусад түнш орнуудаар оролцож байсан орнуудыг харахад 10-30 хувиар аялал жуулчлалынх нь салбар 1-3 жилд өссөн үр дүнг үзсэн байдаг.
Бидний хувьд 2016 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилго бий. Мөн ирэх гурван жилийн хугацаанд Монголын аялал жуулчлалын салбарыг 30 хувиар өсгөхийн төлөө ажиллана. Энэ бол зөвхөн И Тэ Бэ-гээс ирэх үр дүн биш. Бид Монгол улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дотоодын, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Уламжлалт зах зээлүүд болох Япон, Хойд Америкийн зах зээлдээ адилхан л анхаарал тавиад явах нь зүйтэй. И Тэ Бэ бол хүчтэй эхлэлийг тавьж өгөх суурь. Үүнийг өнгөлөөд аваад явж чадвал хөрсөнд буух жинхэнэ үр дүн гарна. Манай компаниуд энэ үнэтэй үзэсгэлэнд ашигтай болоод л жил болгон хувиараа явж ирсэн. Түнштэй болно гэдэг том амжилт. Өдийг хүртэл дотоодын компаниудын гадаадын түншүүд л үндсэндээ Монголын сурталчилгааг хийж ирсэн шүү дээ. Энэхүү үйл ажиллагааны үр дүнг үнэхээр бодитоор хүртье гэвэл И Тэ Бэ-тэй зэрэг шахуу зочид буудлуудыг сайжруулах, нислэгийн тоог нэмэгдүүлэх тэргүүтэй олон цогц менежментийн талын асуудлыг шийдэж чадвал үр дүнд хүрнэ.
Асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлгүүд болно. Тэгвэл эдгээрийн сэдэв нь юу байх вэ?
Сэдвүүд тодорхой болчихсон байгаа. Тухайлбал, тогтмол Торгоны замын орнуудаар хурал хийдэг. Манай улс Албан ёсны Түнш орноор оролцож буй энэ жил хэлэлцүүлгийн цар хүрээг өргөтгөж, аяллын компаниудыг оролцуулахаар болсон нь хувийн хэвшил өөрсдөө оролцож, бусадтай санал солилцох боломжийг бүрдүүлж байгаа. Бид жишээлбэл, энэ сэдвийн хүрээнд Монголыг гаргаж ирнэ. Хүн бүр Торгоны зам гэхээр Үзбекистан, Казакстан, Хятадыг төсөөлдөг. Тэгвэл бид энэ удаа Монголын Баянхонгор аймгаас эхлүүлэн Торгоны зам манайхыг ч дайрч өнгөрдөгийг хэлнэ бас харуулна.
Мөн бид Албан ёсны Түнш орны хувьд нэг цаг Монгол улсыг хэлэлцүүлэгийг анхаарлын төвд авчрах боломжтой. Товчхондоо гуравдугаар сарын 4-нд нээлт хийсний дараа тууз хайчлаад Монгол улсын дэд бүтцийн талаар товчхон мэдээлэл өгнө. Дараа нь адал явдалт аялал жуулчлалын зах зээл дээр Монголын улсын бүтээгдэхүүн, бүсүүдийг энэ талаас нь илүү танилцуулж гаргаж ирнэ. Мөн бид энэ үеэр Орос Хятад хөршүүддээ нэгдсэн аяллын багц хөтөлбөрүүдийг санал болгож чадвал бас сайн. Нөгөө талаас өвлийн аялал жуулчлалыг мөн "MICE" буюу хурал чуулган, үзэсгэлэн яармагийн зах зээлийг хөгжүүлэх үүднээс нийслэлийн томоохон зочид буудлууд арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд 50 хувь хүртэлх хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг мөн зарлана.
Нөгөө талаас аялал жуулчлалын салбарын хөгжилд нөлөө үзүүлдэг, шийдвэр гаргадаг, чиг хандлага тодорхойлдог олон улсын томоохон нийгэмлэг холбоодуудтай холбоо тогтоон зарим нэгтэй нь стратегийн түншлэл байгуулаад хувийн хэвшлийн компаниудынхаа үр өгөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 21 мянган гишүүн томоохон компанийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн адал явдалт аялал жуулчлалын луужин болдог нийгэмлэг байна. Гишүүнээр ороод ирэхээр тэдний сүлжээгээр мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, тэдний сүлжээгээр илүү нарийвчилсэн маркетинг хийх боломжтой болно.
Хэлэлцүүлгийн үеэр манай улсын дэд бүтэц болон үнийн хувьд өрсөлдөх чадвар султай талаарх асуудлыг сөхөх нь мэдээж Тэгвэл үүнд хэрхэн хариулах бэ?
Дэд бүтцийн хувьд Монголын маргааш гэгээлэг гэдгийг ойлгуулна. Тухайлбал, 2021 он гэхэд бүх аймгуудын төвтэй хатуу хучилттай замтай болно. Шинэ онгоцны буудал удахгүй ашиглалтад орно. Төмөр замын асуудал гурван улсын хэмжээнд яригдаж байна. Агаарын бохирдол 30 хувиар буурсан. Энэ бол томоохон эерэг мессеж.
Манай улсад аялахад үнэтэй гэдэг нь үнэн. Зөвхөн аялал жуулчлал бус тэр аяараа үнэтэй байгаа. Аливаа үнэтэй орнуудын хувьд бид үнэндээ тохирсон үйлчилгээ үзүүлж, жуулчны аюулгүй байдлыг сахиж, уламжлалт зочломтгой зангаараа угтаж, сэтгэл ханамжийг нь өндөр байлгах замаар алдаагаа засаж залруулж, дутуугаа нөхөж, онцлог давуу талуудаа гаргаж ирэх хэрэгтэй. Ийм хандлага байхад бидний өмнө тулгарч буй асуудлууд шийдэгдэнэ. Нөгөөтэйгүүр бодлогын түвшинд нислэгийн үнэ тариф, визаны хөнгөлөлт, аялал жуулчлалын салбарын ЖДҮ дэмжих бодлого зэрэг олон зүйл цогцоороо шийдэгдэж чадсан тохиолдолд Монгол улс үнээрээ бусад орнуудтай өрсөлдөж чадна.
Нийт хэдэн төгрөгийн зардлыг И Тэ Бэ-д төсөвлөсөн бэ? Энэхүү төсвөө зөв төлөвлөлттэй зарцуулж чадаж байна уу?
Бид 2011 онд И Тэ Бэ-д Соёлын түнш орноор үзэсгэлэнд амжилттай оролцсон Гансүх сайд тэргүүтэй удирдлагууд И Тэ Бэ-гийн хамрах хүрээ, хүчин чадлыг олж харж, зоригтойгоор манайх түнш орноор оролцоё гэж ам гарсан. Шийдвэр гаргасан тухайн үед манай улсын эдийн засаг 11.8 хувийн өсөлттэй байж, инфляци ч гайгүй байлаа. Тухайн үед 2 сая еврод энэхүү арга хэмжээг хийчихнэ гэж үзсэн ч өнөөдөр 2014 онд ханшийн зөрүүнээс үүдэн 750 сая төгрөг дутаж байгаа. Алтанхуяг ерөнхий сайд асан 18 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо амласан. Энэ нь тус төсөвт багтаан 2014 оноос эхлэн 3 жилийн туршид 55 томоохон ажлуудыг хэрэгжүүлэх төсөл байсан. Харамсалтай нь эдийн засгийн хямрал болж эхлэхэд бид аль хэдийнэ гарын үсэг зурчихсан буцах замгүй болж нийт 1.8 сая еврод багтаах гэж хичээж байна. Энэ бол зөвхөн Германы талд төлөх мөнгөнөөс гадна дотоодод бэлтгэл ажил хангах хүрээнд гарах зардлуудыг шингээсэн дүн юм. Бид хөрөнгө мөнгө дутаж байгаа учир олон ажлыг хаясан. Эдгээр хаясан ажлуудаас харамсаж байгаа нь “Road show” байгаа. Бид Европын гол зах зээлүүд дээр Монголын элчин сайдын яамуудыг түшиглэн бизнесийн форум зохион байгуулсан бол бидэнд гэрээ контракт байгуулах илүү их боломж гарах байсан. Бид төлөвлөснөө бүгдийг нь багтааж чадаагүй. Өнөөдрийн байдлаар улсаас бид цэвэр И Тэ Бэ-д төлөх мөнгөний гуравныг нэгийг л авсан ба бусад нь хүлээгдэж байна. Одоо бол үндсэндээ 41 ажлыг 7.3 тэрбум төгрөгт л багтаахаар чармайж байна. Ингэхдээ мэргэжлийн үзүүлэлт, чанарын түвшинг бууруулахгүйг хичээж байна.
И Тэ Бэ-д орох шийдвэр гарах үед хоёр сая еврод энэхүү арга хэмжээг хийчихнэ гэж үзсэн ч өнөөдрийн байдлаар 750 сая төгрөг сох дутахаар байгаа. Одоогоор улсаас бид цэвэр И Тэ Бэ-д төлөх мөнгөний гуравны нэгийг л авсан ба бусад нь хүлээгдэж байгаа. Үндсэндээ 41 ажлыг 7.3 тэрбум төгрөгт л багтаахаар чармайж байна.
Гаднынхантай ажиллахад цаг хугацаагаа барих нь нэн тэргүүнд байдаг. Тэгвэл И Тэ Бэ-гийн хүрээнд хийгдсэн гэрээнүүдэд заагдсан эхний төлбөрүүдийг хийгээгүй байгаа юу?
Улсаас И Тэ Бэ-д төсөвлөсөн мөнгө цагтаа орж ирээгүйгээс үүдэн бид төлбөр тооцооны асуудлаа шийдэх хэрэгтэй болсон. Үүнээс үүсэн асуудлуудаас нэг жишээг дурьдахад, өнгөрсөн наймдугаар сард Монгол улсын төлөөлөл очиход залуусаа байрлуулахаар гэрээ хийсэн “Star Hostel”, “Big City Hostel” зэрэг жижиг буудлууд тухайн үед хоног нь 15 евро байсан бол өнөөдөр хугацаандаа мөнгөө төлөөгүйгээс үүдэн 26 евро болоод хоёрдугаар сарын 1 гэхэд 45 евро болж үнэ нь өснө гэсэн мэдэгдэл бидэнд ирүүлээд байна. Зөвхөн инфляциас гадна цаг хугацаа явах тусам гэрээ хийсэн төлбөрүүд санхүүжилт хойшилсноос үүдэн нэмэгдээд байна.
Тиймээс, эхэлсэн ажлаа нураачихгүйн тулд хөрөнгө босгох шаардлага тулж, хандивийн арга хэмжээг 2014 оны 11 сарын 27нд зохион байгуулсан. Ингээд хувийн хэвшлээс 240 гаруй мянган ам.доллар босгосон. Гэхдээ үүний дийлэнх нь бэлэн мөнгө бус бартер буюу солилцооны журмаар байгаа. Тухайлбал, МИАТ 85 сая төгрөгтэй тэнцэхээр өртөгтэй онгоцны тийз, ачааны хөнгөлөлт, Туркиш Эйрлайнс компани 15 мянган ам.доллартай тэнцэх онгоцны тийз зэргийг бидний ажилд дэмжлэг үзүүлж өгсөн. Говь компани 34 сая төгрөгийн нийт үнийн дүнтэй тэнцэх ноолууран ороолт, Арьс ширний холбоо 1000 ширхэг арьсан нэрийн хуудасны сав, Ноос, ноолуурын холбоо 500 ширхэг ноосон хивсэнцэр зэргийг нээлтийн арга хэмжээний зочдод өгөх бэлгэнд хандив болгон өгсөн. Мөн энд “DDISH TV3” 10 сая, Юнител 20 сая төгрөгийг хандивласан гээд биднийг дэмжиж буй олон байгууллага байгаа. Ер нь Монголчууд цөөхөн ч И Тэ Бэ-д Монгол улс оролцох гэж байгаагаас үүдэн чадлаараа сайн оролцох гээд эрвийж, дэрвийхээрээ хамтарч олон талын хамтын ажиллагаа идэвхжиж байна. Мөн манай урдаа барьдаг зургаан гэрэл зурагчин есөн сая төгрөгийн үнэтэй Монголыг харуулсан зургуудыг сурталчилгаанд ашиглуулахаар болж байна. Медиа Консалтинг компанитай хамтарч ажиллах хүрээнд тэднийг ирэхэд Туушин Бест Вестерн зочид буудал бидэнд өрөөгөө хандивлаж туслалцаа үзүүлсэн. Мөн Улаанбаатар Төмөр Зам л гэхэд компани 40 тонны үзэсгэлэнгийн зориулалтын чингэлэгийн тээвэрлэлтийн бүх зардлыг хариуцаж энэ сарын 23нд Берлин хот руу явуулж өгсөн.
Жижиг дунд үйлдвэрлэлийг нэлээд дэмжиж, И Тэ Бэг зохион байгуулах үйл ажиллагаанд татан оролцуулж байгаа юм билээ. Тэдний оролцоо яг юу байв?
Нэг талаас Төрийн хишгийг олон хүнд хүртээж олон талын оролцоог дэмжье гэж бодсон. Энэ утгаар И Тэ Бэ үзэсгэлэнгийн танхим дахь Монголын сурталчилгааны талбайн ерөнхий өнгө төрх гэр загвартай байгаа. Үүнийг жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг “Уянгын Гурван Эрдэнэ” компаниар сийлүүлж хийлгүүлсэн. Мөн бид ХХХ Сургалтын үйлдвэрээр 6,400, өрх толгойлсон эмэгтэйчүүдээр 3,600 бэлэгний даавуун уутыг тус тус оёулсан. Бид орон нутагтаа идэвхтэй, нутгийнхныг дэмжиж ажилладаг тур оператор компаниудын үйл ажиллагааг сурталчилсан мэдээлэл түгээж, тэднийг гаргаж ирэхээр зорьж байна.
Аялал жуулчлалын салбарын асуудлыг хариуцах яам дахиад л өөрчлөгдчихлөө. И Тэ Бэг зохион байгуулах хүрээнд үүнээс үүдэх үр дагавар мэдрэгдэж байна уу?
Энэхүү өөрчлөлт харамсалтай нь аялал жуулчлалын салбарыг төр үйлдвэрлэлийн салбар гэж харахгүй байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Аялал жуулчлал соёлоос тусдаа өөр яамдуудад харьяалагдах болсоноор мөн оны сүүлч, улсын төсвийн тодотгол гэх мэт олон зүйлээс хамааран шийдвэр гаргах үйл явц удаан болж, ажлын хурдац яах аргагүй удааширсан.
Алдаа оноотой ч бид тодорхой хөрөнгө гаргаад ямартай ч И Тэ Бэ-д анх удаа түнш орон гэх томоохон статустай оролцох нь. Тэгвэл бид энэхүү томоохон алхмыг хийсний хамгийн том үр дүнд юу байх вэ?
Хөгжингүй орнуудад аялал жуулчлал нь тухайн орны нэрийн хуудас болж ирсэн байдаг. Энэ салбар хот хөдөөгүй олон мянган ажлын байрыг бий болгодог, ЖДҮ дэмждэг, байгаль орчин, өв соёлын үнэ цэнийг нэмэгдүүлдэг, цаашилбал гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг учир Засгийн газар аялал жуулчлалаа дэмжинэ гэдэг ард иргэдээ дэмжиж байна гэсэн үг юм. Өнөөдөр манай улсын ерөнхий дүр төрх гадаадын орнуудад ихээхэн гундуу болчихсон байгаа. Бид И Тэ Бэ үзэсгэлэнгээр дамжуулан энэхүү имиджийг өөрчилж, солих шаардлагатай байна. Монгол нээлттэй, найрсаг, байгаль орчинтойгоо шүтэлцээтэй амьдардаг хэвээрээ гэдгийг дахин ойлгуулж хэвшүүлнэ. Нөгөө талаас Монголыг олон улсад илтгэсэн нэдсэн имидж бараг байхгүй. Ихэнхийг нь Хятадууд өрсөөд авчихсан. Тухайлбал, бид анхны Чингисийн хөшөөг Дадал суманд байгуулж байхад Ордост 20 сая ам.доллар зарцуулаад том цогцолбор босгочих жишээтэй.
Нэг талаас бид Монгол улс гэдэг ийм аугаа түүх соёлтой, өөрийн дүр төрхтэй, өвөрмөц орон гэдгийг гаргаж ирэх мөн түүхэн зарим биет болон биет бус өвүүдийг Монгол улсынх шүү гэдгийг олон улсад зарлах боломж.
Б.Энхцэцэг