Баянхонгор аймгийн Заг сумын Баянбулаг багийн малчин Чүнгэсийн Төмөрбүстийн хотноос сурвалжилгаа бэлтгэлээ. Учир нь янгирын нэгэн тэх малчны хотонд хонин сүрэгтэй нь нийлээд хоёр жил гаруй болж байгаа аж. Тэр ч бүү хэл ноднин хавар мал төллөх үеэр Төмөрбүст гуайх янгирын төл хүлээж авсан байна. Арав гаруй ямааны нэгээс нь өндөр том биетэй, соотон чихтэй, цовоо цолгиун ишгүүд гарсан байна. Өндөр уул, хадаар тав, арваараа сүрэглэн амьдардаг дархан цаазат энэ амьтан юуны учир айлын хотонд идээшиж, хонин сүрэгтэй нийлэх болов гэдэг сонирхол татаж байгаа юм.
Хэдэн жилийн өмнө хоёр тэх үзэгддэг байсан ч хоёр жилийн өмнөөс ганцаараа явах болжээ. Улмаар тэдний хонь, ямааг даган, сүрэг бараадаж явах болсон байна. Эхэндээ хонь ямаа үргээд сүйд болдог байсан аж. Ч.Төмөрбүст гуай ч өнөөх тэхийг хотноосоо явуулах гэж хэд, хэдэн удаа хөөсөн ч тусыг эс олжээ. Хэд хоног явснаа буцаад ирдэг байж. Одоо ч үр төл нь гарчихсан болохоор хөөгөөд ч явахгүй гэдэг нь бүр тодорхой болжээ.
Дэлхий дээр найман зүйлийн зэрлэг ямаа байдгийн нэг төрөл нь монгол янгир бөгөөд Алтайн өвөр говь, Хангайн нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг. Айлын хашаа, хороонд орно гэж байдаггүй аж. Хашаанд орууллаа ч харайгаад л гарчихдаг байна. Ийм нэгэн дархан цаазтай амьтан малчны хотонд идээшээд хоёр жил гаруйн нүүр үзэж байгаа ажээ.
Recourse: Medee.mn