ХХ зуунд бидний мэдэх, мэдэхгүй олон амьтан устаж үгүй болжээ. Энэ удаагийнхаа буландаа бид адууны өвөг буюу тарпаны талаарх зургийг онцоллоо.
-МАХЧИН АМЬТДААС ЗУГТААХ, ХУРДЛАХ ЗЭРЭГ ОЛОН ШААРДЛАГЫН УЛМААС АДУУНЫ ӨВӨГ ХУВЬСАЖ ЭХЭЛЖЭЭ-
Хүмүүс 15 мянган жилийн өмнөөс зарим амьтныг гэршүүлсэн мэдээлэл бий. Адууны эртний өвөг нь туулайрхуу биетэй, урд хоёр сарвуу нь дөрвөн салаа, хойт хоёр сарвуу нь гурван салаатай, хиракотериум хэмээх нэртэй шүүслэг ургамлаар хооллодог, 28-56 см өндөртэй жижиг амьтан гэж үздэг. Хэтэрхий жижиг биетэйгээсээ болоод махчин амьтдын хялбар олж иддэг хоол нь болдог байжээ. Энэ нь адууны хамгийн том байгалийн шалгуур байсан учраас махчин амьтдаас зугтаах, хурдлах, сонор сэргэг байх зэрэг олон шаардлагын улмаас адууны өвөг хувьсаж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн цаг уурын өөрчлөлт буюу дөрвөн удаагийн том мөстлөгийн үеэр адуу биеийн хэмжээгээрээ нэг томрон нэг жижгэрэх замаар өнөөгийн адууны төрхийг олсон байна. Энэ хувьслын дүнд адуу сарвуугаа өөрчлөн ганц хуруутай буюу битүү туурайтай болсон нь адууны хурдан давхиж араатнаас зугтах давуу талыг бүрдүүлсэн байна. Сарвуутай байсны ул мөр болох эвэрлэг зүйл адууны хөлний дотор талд хадгалагдан үлдсэн гэдэг.
XIX ЗУУН ХҮРТЭЛ ТАРПАНЫ СҮРЭГ БАЙГАЛД ТААРАЛДАЖ БАЙЖЭЭ-
Тарпан нь турк хэлээр “бүхий л чадлаараа давхих” гэсэн утгатай юм байна. Адууны өвөг гэгдэх жижигхэн тэр амьтан Баруун Европ, тэр дундаа Оросын Европ талын хэсэгт нутагладаг байсан бөгөөд Төв Европ, Баруун Сибир, Баруун Казахстаны тал, ой хээрээр идээшилдэг байжээ. Эдгээр адуунууд маш хурдан давхидаг байсан аж.
Өвөл өлссөн адуунууд хоттой хонинд зориулан бэлдсэн өвсийг идэж, зуны улиралд айлын адуунуудыг хөөж явдаг байжээ. Өвсний “хулгайч”-ийг барих нь олон хүний хувьд зугаа, нэр төрийн хэрэг байж. Тарпаны мах их амттай байсны улмаас ихээр агнах болжээ.
Төв Европт атар газар эзэмшиж эхэлснээс хойш ойн тарпанууд Дунд зууны үед л алга болж, 16-18 дугаар зууны үед энэ тивийн дорнод хэсгээр устан үгүй болсон байна. Хамгийн сүүлчийн ойн адууг 1814 онд өнөөгийн Калининград муж орчимд бууджээ. Тал хээрээр амьдардаг зэрлэг адуунууд арай удаан амьдарчээ. 19 дүгээр зуун хүртэл тарпаны сүрэг байгалд тааралдаж байсан гэдэг. Гэвч энэ төрлийн адууны хамгийн сүүлийнх нь 1918 онд үхсэнээр бүрэн устжээ.
Хорьдугаар зууны эхээр тал нутгийнхан гаршуулсан тарпануудын үр төлийг ашиглан шинэ үүлдэр гаргаж авчээ. Энэ үүлдэр нь гадна байдлаараа тарпантай адилхан ч генетикийн хувьд адилгүй аж. Харамсалтай нь тарпан нь арван есдүгээр зуунд бүрэн устсан тул тарпаны хромсомын тоог тодорхойлж чадаагүй юм байна.
-МОРЬ ЭЗЭМШИХ НЬ ЭРХ МЭДЭЛ ХҮЧ ЧАДАЛТАЙН ИЛЭРХИЙЛЭЛ-
Адуу нь (Equus caballus буюу Equus ferus caballus) битүү туурайт хөхтөн бөгөөд уналга, ачилга, хүнс зэрэгт ашиглагддаг эдийн засгийн ач холбогдол бүхий гэршүүлсэн амьтан. Монголын нүүдлийн соёл, амьдралын хэв маяг, уламжлалт цэргийн урлаг нь адуун дээр үндэслэсэн гэхэд хилсдэхгүй. Адууг монголчууд нас хүйсээр нь ялган нэрлэдэг.
Япон улсад бол морь унах буюу эзэмших нь нэр төрийн хэрэг байжээ. Нэг ёсондоо эрх мэдэл, хүч чадалтайг нь илтгэж байсан аж. Харин эдийн засгийн байдал өөрчлөгдөж нүүдэлчин соёлынхтой харьцуулахад одоо морины үнэ буурсан гэж судлаачид үздэг.
Саяхан хүртэл тахийг адууны шууд өвөг гэж үзэж байсан боловч[1], бусад эрдэмтэн нарын судалгаагаар тахь нь 66 хромсомтой, гэрийн адуу нь 64 хромсомтой болохыг сүүлийн үеийн цитогенетикийн судалгаагаар нотолж тахийг тусгай биеэ даасан салбар гэж үзэх болжээ.
Амьтан судлалын ангиллаар гэрийн адуу болон түүний өвөг болох одоогийн зэрлэг адуу нь битүү туурайтны отряд, адуу төстний язгуур, адууны төрөлд хамаарагддаг байна. Адууны төрөл дотроо жинхэнэ адуу, илжиг, илжгэнцэр буюу хулан, зебр буюу эрээн тахь гэсэн дөрвөн дэд төрөлд хуваагддаг.
Recourse: Medee.mn