Монгол Улсын Төв аймгийн нутаг дахь Ноён уулын булшнаас эртний домгийн нэг эвэрт гөрөөс, Грек Римийн домогт бурхадын дүрс бүхий чимэглэл олдсон нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байна.
Хүннүгийн язгууртны эл булшийг одоогоос 2000 жилийн өмнөх үед холбогдоно хэмээн археологичид урьдчилсан байдлаар тооцоолоод байгаа юм. Булшнаас гарсан 200 гаруй олдвор нь Евроазийн тал нутгийн эртний нүүдэлчдийн соёл, түүхийг тодруулахаас гадна тухайн үеийн олон улсын харилцаа холбоо, он тоолол, төрийн бодлого зэрэг түүхийн олон зангилаа асуудлыг сэргээн судлахад чухал ач холбогдолтой ажээ.
Далайн түвшнээс дээш 1373 метрийн өндөрт байрлах 18 x 19 ам дөрвөлжин чулуун хашлага бүхий энэ булш нь хагас цэвдэгт хөрсөнд байсан учир харьцангуй сайн хадгалагджээ. Бунхны дээд талд тухайн язгуртны эдэлж байсан дээрээ шүхэр бүхий сүйх тэргийг 30 орчим адууны толгойн хамт хойлоглон тавьж , бунхныг таван үе дараалсан хаалт чулуугаар хашсан нь сонирхолтой.
Ихэнх олдвор нь бунханы дотор талд, баруун зүүн хана, мөн шалан дээрээс илэрсэн бөгөөд малтлагын үр дүнд мөнгөөр хөөлгөн урласан аргаль , янгир, домгийн нэг эвэрт бодь гөрөөс, алтаар шарсан луу, мөн эртний Грек , Римийн хийц маягаар үйлдсэн эрэгтэй , эмэгтэй нүцгэн хүний дурс бүхий чимэглэл зэрэг нийт 30 гаруй мөнгөн эдлэл, хүрэл чимэглэл, домгийн шувууны дүрс бүхий эсгий, хивсний тасархай, торго, давуу эдлэлийн хэсгүүд , мөн гадна ёролдоо хятад бичээс бүхий хээтэй аяга, төмөр толь ,дэнгийн суурь, алтан ялтасны хэсэг, хаш эдлэлийн үлдэгдэл, товруутай хазаарын чимэглэл , бүсний товруу, төмөр ялтаст арал, боолттой гэзэг, төмөр, модон эдлэл гэх мэт эртний Хүннүчүүдийн урлаг, оюун санаа, тухайн үеийн гадаад харилцаа холбоог нэхэн судлахад чухал түлхэц болохуйц, гайхамшигт ховор 200 гаруй олдвор илэрсэн байна.