Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд Антарктидын Ливингстон аралд хүрэлцэн очиж, Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамт олонтой судалгаа хийгээд өчигдөр эх орондоо ирлээ. Болгарын Антарктидын хүрээлэн энэ удаагийн экспедицид Монголын талаас цас, мөс, ус, уур амьсгалын судалгаа хийх нэг мэргэжилтнийг оролцуулах боломж олгосон юм.
Судалгааны ажлын хүрээнд Антарктид судлалын олон улсын хамтын ажиллагаанд Монгол улсын оролцоог хангах, Антарктид судлалд Монгол улсын хувь нэмрийг оруулах, Антарктид тивийг Ливингстоны арлаар төлөөлүүлж цас, мөс, усны горим, уур амьсгалын судалгаа хийх зэрэг хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн байна. Судалгааг Болгар улсын бааз байрлаж буй Ливингстоны арлын Өмнөд булангийн “Kliment Ohridski”-ийн “Balkan Snowfield”-д хийжээ. Судалгааны хэсгийн цасаар бүрхэгдсэн талбай нь Өмнөд булангийн эргээс хойш 1 км-ээс эхэлж, “Burdikc Peak” хүртэл найм орчим км үргэлжилдэг аж.
1927 онд манай улсаас хамгийн ахны хүн Антарктидад судалгаа хийхээр хөл тавьж байсан бол долоо дахь нь Х.Пүрэвдавга боллоо. Энэ удаагийн судалгааны эцсийн үр дүнд Антарктидын Ливингстоны арлын өмнөд булан орчмын цас, мөсний нөөц, хайлалт, хуримтлал, түүнд нөлөөлөх цаг уурын амьсгал, усны горимыг тогтоох зорилготой байсан юм. Х.Пүрэвдавга Антарктидад судалгаа хийхэд 40 мянган ам.доллар шаардлагатай байсан бөгөөд ирж, очих зардал болох 14 сая төгрөгийг БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангаас даасан бол үлдсэн зардлыг Ус цаг уур, орчны шинжилгээний газар, орон нутгийн цаг уурчдын дэмжлэгтэйгээр бүрдүүлжээ.
Х.Пүрэвдагва Алтай нурууны Таванбогд, Цамбагарав, Мөнххайрхан, Түргэн, Баатар уулсын мөстөл, мөсөн голуудад олон жил ажилласан туршлагатай судалаач юм. Түүний энэ туршлага Антарктидад судалгаа хийхэд томоохон тус дөхөм үзүүлсэн талаар тэрбээр сэтгүүлчдээ уулзах үеэр ярьсан.