Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 9266.6 тэрбум буюу 21.5 хувиар өсчээ. Дотоодын үйлдвэрүүд нэмэгдэж байгаа нь импортын бараа бүтээгдэхүүний орлого төдий чинээ буурч, бэлэн мөнгө дотооддоо эргэлдэнэ гэсэн үг. Мөн өөр нэг өөдрөг үзүүлэлт гэвэл малчин өрхийн тоо 149700 буюу өмнөх оноос 12,5 хувиар өссөн.
Хөдөө орон нутаг эзгүйрч, мал маллах хүнгүй боллоо гэх яриа саяхан л газар авч байсан. Бодит байдал дээр харин ч малчин өрх нэмэгдэж, насжилт нь улам залуужиж байгаа сайхан мэдээ бий. Өнөөдрийн байдлаар малын тоо толгой 51.9 сая буюу 15.1 хувиар өссөн аж.
Өдрөөс өдөрт хотжилт хүрээгээ тэлж, өндөр барилгууд сүндэрлэсээр байгаа билээ. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ өмнөх оныхоос 300.9 тэрбум төг буюу 16.3 хувиар нэмэгдэхэд дотоодын байгууллагынх 293,9 тэрбум төг буюу 17.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Төмөр замаар экспортлосон ачаа 116,1 мянган тонн буюу 1.9 хувиар өссөн байна. Удахгүй манай улс гурван сая дахь иргэнээ хүлээж авна. Төрөлт 81715 мянга буюу 2.3хувиар өссөн өөдрөг үзүүлэлттэйгээр бид 2014 оныг үджээ.