Бат хааны үеийн үнэт эдлэлүүд ОЛДЖЭЭ

Шинэ оны өмнөхөн ОХУ-ын археологичид археологийн судалгааныхаа талаар танилцуулжээ. Тэд Тверийн музейн захирлын өрөөний шалан дороос Бат хааны үеийн үнэт эдлэлүүд олж илрүүлсэн байна. Энэ талаар Оросын хэвлэлүүд шинэ оны босгон дээр мэдээлжээ. Дээрх олдвор нь Татар-Монголын довтолгооны эрин үед хамрагдах бөгөөд эмэгтэй хүний гоёл чимэглэлийн хэдэн арван, мөнгөн үнэт эдлэл аж. Тодруулбал, XIII үед хамаарах, сийлбэр чимэглэл бүхий, гурван унжлагатай ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг байжээ.

Археологичдын багийнхны хэлснээр, олдвор тверийн нутагт бараг найман зууны турш хадгалагджээ. Энэхүү олдворыг орон нутгийн музейн барилгыг сэргээн засварлах явцад олж илрүүлсэн байна.

Судлаачдын багийн ахлагч Александ Хохловын хэлснээр, хотыг аюул нөмрөх үед эзэгтэй эрдэнэсээ нуух аюулгүй газар олж чадаагүй, түүнийгээ авах гэж дахин ирээгүй бололтой. Түүхчид түүнийг довтолгооны үеэр амь үрэгдсэн, эсвэл шоронд хоригдсоны улмаас үнэт эдлэлээ орхисон байх хэмээн ярилцжээ.

Барилгачид музейн шалыг ховхлохдоо газрын гүехэн хэсэгт шаазан сав байгааг олж илрүүлсэн байна. Мэргэжилтнүүд түүнийг хураан авч, тэр даруй судалж эхэлжээ. Улмаар шаазан саван дотор үнэт эдлэлүүд, ялангуяа баяраар хэрэглэдэг гоёл чимэглэлийн зүйлс буйг тогтоосон байна.

Археологийн РАН институтийн ажилтан Александр Хохлов олдворуудын талаар мэдээлснээр эрдэмтдийн нээлт дуулиан тарьж эхэлжээ. Түүхчид тверийн баян тансаг бүсгүйчүүдийн нэгний гоёл байсан болов уу хэмээн таамагласан байна.

III Иваны эринд байгуулсан твер музейн газарт эдүгээ малтлага үргэлжилж буй юм байна.

Эрдэмтэд Tверт Монголын эзлэн түрэмгийллийн үед амьдарч байсан язгууртаны үнэт эдлэл гэдэгт итгэлтэй байгаа аж. “Энэхүү олдворууд нь XIII зууны эхэн үед Тверт язгууртнууд байсан гэдгийг нотолсон баталгаа боллоо” хэмээн эрдэмтэн Макаров хэлжээ.