Улаанбаатар, Лондонг дамжин хоёр жил хэлэлцээрийн ширээний ард суулгасан Оюутолгойн гацаа тайлагдаагүйгээр барахгүй энэ онд ч асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэг нь эргэлзээтэй. Хэрэв дэлхийн уул уурхайн хоёр том компани болох “Рио Тинто” болон Glencore компани нэгдвэл манай зэс, алтын томоохон ордын хувь заяа тун хүнд болно.
Бухын доодохыг харж үнэг турж үхэхдээ тулаад буй Монголын эдийн засаг долларын хомсдолд орж цангасан адуу шиг болчихоод байна. Хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жил дараалан унаж, 2013 онд 2.2 тэрбум, өнгөрсөн 2014 онд 845 сая доллар болтлоо буурлаа. Ердөө гурван жилийн өмнө буюу 2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.4 тэрбумаар хэмжигдэж байв.
Гэтэл өнөөдөр дотогшлох долларын амсар бүхэн хаалттай, арга ядахдаа өрийн таазыг 70 хувь болгоод өгөөч гэсэн Засгийн газрын хүсэлтийг УИХ “нулимж” орхилоо. Одоо тэгээд энэ онд бүсээ чангалаад бүгдээрээ хямраад байх уу, яах вэ гэсэн асуултын махир тэмдэг хаа сайгүй.
Макро төвшинд савалгаалсан хямрал микро салбарыг бүхэлд нь хэрчиж, албан газар, айл өрх бүхний халаасыг тэмтэрч байгаа өнөөдрийн хувьд эдийн засаг энэ онд сайжрах болов уу гэсэн гэнэн горьдлогыг хүн бүхэн тавьж байна. Үүнтэй зэрэгцээд таналт, хэмнэлт, татварын нэмэгдэл, үнийн өсөлт, долларын ханшийн савалгаанд “алуулж” буй иргэдийн бухимдлыг төрүүлж, энэ засгийн газрын бодлого гомдол, шүүмжлэлийн бай болов.
Хямралыг хэн нэгэн дангаараа үйлдвэрлэж, эсвэл хаа нэгтээс чирээд аваад ирээгүй юм. Манай эдийн засагт аль дээрээс л хуримтлагдаж ирсэн асуудал томорсоор, эцэстээ биднийг “барьж” идэхэд тулчихаад байгаа хэрэг. Хэрэв бид олсон мөнгөө арай ухаалгаар, илүү эрүүлээр сэтгэж тараасан бол эдийн засаг нь бүх л нүх сүвээрээ шингэн алдахад хүрэхгүй байсан билээ. Гэхдээ энэ бүхнийг хүн болгон хангалттай, бүр залхтал ярьж байгаа болохоор энд оныг хохирол багатайгаар яаж давах вэ гэдэг асуудлаа хөндсөн нь дээр биз.
Арван таван онд гарах бодлого шийдвэрээс Монголын эдийн засаг цаашдаа яах вэ гэдэг нь шийдэгдэх болохоор энэ оныг гарц хайсан шийдлийн гол жил гэж хэлж болох юм. Учир нь, 2015 онд бид бодлого, хандлага, ойлголтоо өөрчилж, шинэчилж чадвал дөрвөн жилийн өмнөх 17 хувийн өсөлтөөс зургаан хувь болтлоо доголдсон эдийн засгаа бодитоор нь хөгжүүлж чадна.
Монгол Улсын Засгийн газар 2015 оныг хэмнэлтийн жил болгосноо зарласан. Төсвөө 905 их наядаар танахын тулд төрийн албан хаагчдын орон тоог 10 мянгаар цөөрүүлэхээр болсон. Үүний дараа ээжүүд, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, оюутнуудын мөнгө хамгийн түрүүнд танагдахаар яригдав.
Зорилтот бүлгийнхэнд чиглэсэн халамжаа танахаар болсныг нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байна. Ялангуяа бизнесийнхэн зорилтот бүлгийнхэнд чиглэсэн халамжууд танагдвал жижиг, дунд бизнесийн орлого муудаж болзошгүйг сануулж байна.
Эдийн засаг бол гинжин урвалаар явагддаг амьд организм. Хэн нэгэнд тараасан мөнгө, хэн нэгний бизнесийг тэтгэж, бас хэн нэгний амьдралын орлогын эх үүсвэр болдог талтай. Тэгэхээр хэрэвзээ сэтгэлийн хөөрлөөр шийдвэрлэсэн, хавтгайрсан халамжуудыг хязгаарлах нэрээр хавтгайрсан таналт үргэлжилбэл энэ онд ард түмний амьдрал улам муудна гэдгийг ч эдийн засагчид хэлэх болов.
Нөгөө талаар зарим нэг татварыг сэргээж, хувийг нэмэх болсныг харин баяртайгаар хүлээн авах хэсэг байна. Ялангуяа малын хөлийг татварыг сэргээж, хоттой хонио алж идэхээ байсан малчдад эдийн засгийн мэдлэг олгох ёстой, иргэн хүнийх нь үүргийг нэхэх цаг болсон. Сүүлийн таван жил Монголын Засгийн газар малчид, тариаланчид руу чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн бөгөөд үүний хүчинд 51 сая толгой малынхаа тоогоор дэлхийд дээгүүрт орох хэмжээнд очлоо. Гэвч, энэхүү зорилтот бүлгийн халамж ихэссэнээс болж мал аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл хумигдав. Тиймээс Засгийн газраас барьж байгаа малын хөлийн тоогоор татвар авах нь нэг талаараа малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, чанаржуулах, цаашдаа хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон фермерүүд бэлтгэгдэн гарах эхлэл байхыг үгүйсгэмгүй. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн татварыг авснаар энэ зах зээлд аль эртнээс бий болсон, жил ирэх тусам томорч, хөөсөрсөөр байгаа үнийн хөөсийг хагалж, бодит үнэд ойртуулах хөшүүрэг байж чадах юм.
Өнөөдөр 10-100 байртай, түүнийгээ түрээсэлж, татварт нэг төгрөг төлдөггүй ченжүүд үл хөдлөх хөрөнгийн салбарт олширсон. Орцоор, давхраар байр худалдаж аваад буцаагаад өсгөж зардаг ченжүүдийг хянах, тэднээс татвар авах, энэ салбарт байгаа сүүдрийн эдийн засгийн ил гаргах нэг арга бол үл хөдлөх хөрөнгийн татвар. Энэ тохиолдолд тэнгэрт хөөрчихөөд байгаа орон сууцны үнэ газарт буух боломж бүрдэнэ.
Хямралтай, бухимдалтай байгаа энэ оны эдийн засагт хонгилын үзүүр дэх гэрэл болгон харагдаж байгаа ганц, хоёр сайн мэдээ бий. Хэрэв өнгөрсөн оны сүүлээр гацаанаас гарсан Тавантолгой энэ онд “амилж” чадвал “Рио Тинто”-г царайчлах шаардлага нь багасна. Тавантолгойн нүүрсний ордын өрсөлдөх чадвар нэмэгдэж, дэлхийн зах зээлд гарч чадвал Монголын эдийн засгийг сайжруулах гол эмчилгээ, гадаад зах зээлд гоё сурталчилгаа болох юм.
Шийдлийн Засгийн газар намрын чуулган завсарлахаас өмнө Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг өргөн барихаа мэдэгдсэн. Хэрэв энэ хууль парламентын босго давбал айлаас гуйхаар авдраа уудал гэдэг эртний үг биеллээ олно. Гудсан дор нуусан найман их наядыг олж чадвал Шийдлийн Засгийн газрын, парламентад суудалтай намууд тохирч, хамтарсны хамгийн гол гавъяа нь энэ байх болно.
Гэвч, өнөөдрийн хувьд Монголын дансанд сохор зоос ч үгүй байгааг сана. Хэрэв 2015 онд бүгдээрээ асуудлаа ярилцаж, шийдвэрлэж, хямралыг давахад хамтдаа тэвчээртэй хандахгүй аваас бараан үүл нөмөрсөн эдийн засагт мөддөө нар гарахгүй гэдгийг битгий мартаарай.
2015 онд эдийн засаг сэргэх үү?
Энэ асуултын хариуг эдийн засагчдаас авлаа.
Эх орончид бага саад болоосой
СЭЗДС-ийн захирал, Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Батжаргал:
-Он эхлээд удаагүй эдийн засгийн төлөв таатай биш байгаа ч би жилийн турш ийм байна гэж бодохгүй байна. Ажиллаж хөдөлмөрлөе, юм хийж бүтээе гэсэн хэн ч болов сайхан амьдрах боломжтой. Бэлэн мөнгө, халамж хүссэн хүмүүст бол хүндхэн тусч мэднэ. Улс орны хэмжээнд өгөөжөө өгөх томоохон төслүүд, тэр дундаа Оюутолгой, Тавантолгойн төслүүд урагшилна. Харин эх орончид бага саад болоосой гэж хүсэх байна. Эх оронч, ардын баатар дүртэй хүмүүс эдийн савлагаанд багагүй нөлөөлсөн. Өдгөө УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэхдээ алсын үр өгөөжийг нь огт бодохгүй хасах, танах талаар яригдаад байх юм. Одонтой эхчүүдэд олгодог мөнгөөр оролдох хэрэг байна уу. Тэднийг 10 хүүхэд төрүүлж өсгөснийх нь төлөө урамшуулж байгаа болохоос хүүхдүүдэд нь мөнгө өгч буй хэрэг биш. Энэ мэт хасалт, таналт хийдээ нийгэмд үзүүлэх нөлөө, цаашид авчрах үр дүнг тооцох учиртай юм.
Эдийн засгийн бүтцээ судлах цаг болсон
МУИС. Бизгесийн сургуулийн санхүүгийн профессор Ч.Энхбаяр:
-Даяарчлагдсан өнөөгийн нөхцөлд Монголын эдийн засгийг дангаар нь үнэлж дүгнэх боломжгүй. Тиймээс дэлхийн эдийн засгийг хамтад нь тандах учиртай. Олон улсын судалгаа шинжилгээний байгууллагуудын таамаглалаар дэлхий нийтийн хэмжээнд эдийн засгийн удаашрал хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа. АНУ-ын эдийн засаг харьцангуй тогтюоржих бол хөрш хоёр орон ОХУ, БНХАУ-ын хувьд асуудалтай байгаа. Хятадын эдийн засаг энэ онд удаашрах төлөвтэй бол Оросын хувьд хямралын байдалд шилжээд байгаа. Дэлхийн эдийн засаг бүхэлдээ 1990-ээд оны байдал руу шилжих таамаглалыг дэвшүүлсэн шинжээч ч бий. Тэгэхээр нэ бүгдийг тооцож байж Монголын эдийн засгаа дүгнэхээс аргагүй.
Тавантолгойн гэрээ хэлэлцээр амжилттай болж, ажил урагшилбал нааштай үр дүн авчирна. Төр засгийн төвшинд татварын бодлогыг хөндөн тавьж байгаа нь оновчтой биш гэж үзэж байгаа. Эдийн засгийн хямралтай үед татварыг нэмэх, шинэ татвар бий болгох сайн гарц биш. Учир нь, улс орны эдийн засгийн тулгуур нь бтизнесийнхэн байдаг. Татварт реформ хийх шаардлагатай зүйлс бий. Гэхдээ одоо хийх нь оновчтой юү гэдгийг бодолцох ёстой. Нөгөөтэйгүүр манай улсад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ үгүйлэгдэж байна. Дэлхий нийтийн хэмжээнд эдийн засгийг бүтцийг чухалчилдаг болсон. Нарийвчлан судлаад ирэхээр анзаарагдахгүй ард үлддэг хэр нь эдийн засагтаа үр өгөөжтэй салбар зөндөө байдаг. Үүнийг тодруулж, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд мэргэжлийн судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байна. Томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг ч суурь судалгаагүй хийснээс үр өгөөжөө өгөхгүй байгаа санагддаг. Чингис, Самурай гэхчилэн бонд гаргаж, хөрөнгө мөнгө татахдаа судалгаанд тулгуурлах ёстой байсан.