Германы хэвлэлүүд Монголыг ОНЦОЛЖ ЭХЭЛЖЭЭ

Он гарснаас хойш ХБНГУ-ын хэвлэлүүдэд Монголын тухай мэдээ мэдээлэл цөөнгүй нийтлэгдэх болжээ. Тус улсын “Die Welt” сонин нэгдүгээр сарын 5-ны дугаартаа “Говьд болсон хуриманд оролцсон нь” нэртэй говийн аймгуудаар явсан сурвалжлагаа нийтэлсэн байна. Түүнийг сийрүүлэн хүргэе.

“Говийн эцэс төгсгөлгүй үргэлжлэх элсэн цөлийн монголчуудын амьдрал үнэхээр хэцүү. Гэвч тэд их зочломтгой, ирсэн зочдоо танихгүй ч найрсгаар угтан авна.

Замд бидний суусан ОХУ-ын “Фургон” машины цонхны толинд говийн тоос шороо хуйлран ард хоцорно. Тэрхүү тоос шороотой замаар цагийн турш давхихад машин, замын тэмдэглэгээ тэмдэг ч харагдахгүй болов.

Аялагч Марко Поло (1324 1254) Монголын элсэн говийг туулахад бүтэн жил зарцуулна хэмээн тэмдэглэсэн байдаг.

Говиос хоол олдохгүй. 2000 км үргэлжлэх элсэн цөлд аялагчид олон адал явдалтай учирна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатараас говьд очиход дор хаяж долоо хоног зарцуулна. Фургоны жолоочийн өдрийн хөлс 1000 км туулахад 70 евро.

Монгол маягаар майхан (түр зуурын гэр)-д унтах шаардлага тулгардаг.

Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай Монгол орны нүүдэлчин ард түмэн ногоон талынхаа хаа нэгтээ гэрээ бариад, малаа хариулан амьдарна.  

Монгол Улс Германаас тав дахин их газар нутагтай ч оршин суугчид нь Берлинийхээс ч бага юм.

Манай жолооч Баагий англиар ярихгүй, бид монгол хэл мэдэхгүй. Бид бүх зүйлийг тоо үсгээр илэрхийлж ойлголцож байв. Тэр 50 орчим настай. 20, 24 насны хоёр охины эцэг. Сүүлийн хоёр жил элсэн цөлөөр аялж буй жуулчдад үйлчлэх болжээ.

Бид Бага газрын чулууг зорьсон. Мянга мянган жилийн туршид борооны ус, ширүүн салхинд нүдүүлсэн боржин чулуун давхарган уулс. Говь цөлийн дунд далайн түвшнээс дээш 1.706 м өргөгдсөн, 20 км өргөн хавтгай чулууд байх. Өндөр нь 30-аад метр, өргөн нь нийтдээ 100-гаад метр Цагаан суваргыг сонирхов. Эгц цавчим мөргөцөг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн хэмээн монголчууд үздэг.

ТАНИХГҮЙ НЭГНИЙГ Ч ХУРИМДАА УРЬДАГ-

Нүүдэлчин монголчууд гайхалтай хүмүүс юм. Биднийг олон хүн цугласан гэрт орохыг шаардана. Бид хуримын хүлээн авалтад оролцов. Ямар ч бэлэггүй ирсэн хүндэт зочид болсон. Гэрлэж буй хархүү, сүйт бүсгүй хоёр сандал дээр, харин үндэсний хувцсаараа гоёсон зочид өвдөг дээрээ цомцойн сууна. Хосын өмнөх ширээн дээр хонины чанасан мах тавьжээ. Түүнээс гадна хатаасан бяслаган бялуу байв.

 -БИД УУХ ЁСТОЙ, БҮГДИЙГ-

Маш том аягатай гүүний сүү буюу Айраг барина. Венецийн жуулчин Марко Поло 750 жилийн тэртээ Монголд аялахдаа Монголын согтууруулах ундаа айраг ууж байсан гэж бичсэнийг уншиж байсан билээ. Исгэлэн амттай, эхүүн үнэртэй. Бүх нүүдэлчдийн гэр бүл өөрийн гэсэн архи нэрнэ. Гурван хувь нь архи. Шаазан аягатай халуун архи өгч, гэр доторхи бүх хүний нүд бидэн дээр тусч байв. Ар араасаа аягатай архи барих. Гэр доторхи зочид бүгд “Ууцгаа, ууцгаа” хэмээн биднийг шахав. Бид уух ёстой, бүгдийг. Ямар ч инээмсэглэл, сэтгэл хөдлөлгүй. 50 хос нүд биднийг ажиглана. Аягаа хоосон буцааж авна. Хуримын зочид сүйт бүсгүй, хархүүд амьд хонь, угаалгын машин, хөргөгч, мөнгөн бэлэг зэргийг бэлэглэхээр бэлдэж иржээ. Гудамжинд байх машинд, мөн морин дээр авчирсан бэлгүүд нь тохоостой.

Зочдын дунд англи хэлтэй нэгэн байсан бөгөөд тэрээр биднийг шинэ гэрийн хажуугийн гэрт урив. Тэрээр монголчууд их зочломтгой. Орон гэргүй хүнийг ч ялгалгүй хонь төхөөрч, шөл хийж өгдөг гэж хэлсэн.

Замд гаднаа айраг цагаан идээгээ дэлгэсэн гэрүүд таарч, монголчууд зочдоо их хүндэтгэлтэй угтдаг нь илт байв. Биднийг явахад бяслаг, хатуу ааруул өгсөн юм.

Орой нь бид задгай тэнгэр дор, анх удаа том хад чулууд хооронд шөнийг өнгөрөөж үзэв. Өдөр нь жолооч Баагий хоёр гараараа багана тулж өгч, бид гэр барилцан, бүр давстай сүүтэй цай чанаж уув.

 

ДУУТ МАНХАН” – ГАЙХАЛТАЙ КОНЦЕРТ

Бид гурван өдрийн дараа Даланзадгадаас уух ус, хүнсээ хангалттай базааж авав. Говь гурван сайхан байгалийн үзэсгэлэнтэй газар, Ёлын амыг сонирхов. Энэ нутагт жуулчид олноор ирдэг. Алхам бүрт байгалийн үзэсгэлэнг мэдэрч явлаа.

Шөнө майхны хаяагаар салхи зогсолтгүй шуурна. Майхны цонхоор тэнгэрт түгэх одод гялалзан харагдана. Говь цөлийн зөвхөн гурван хувь нь элс гэнэ. Монголын хамгийн том элсэн манхан, Хонгорын элс 130 гаруй км үргэлжилдэг. Нутгийн иргэд түүнийг Дуут манхан гэдэг. Энэ бидний хувьд гайхалтай концерт байлаа. Элсэн манхнууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарна.

Баянзаг. 1920-иод онуудад Америкийн Байгалийн түүхийн музейн зохион байгуулсан Төв Азийн экспедицийг ахлан тус нутагт ирсэн палеонтологич Рой Чэпмен Эндрюс хадан хясааны тод улбар өнгөөр “Улаан эрэг” хэмээн нэрлэжээ. Эндээс 100 гаруй үлэг гүрвэлийн араг яс, өндөг олдсон байдаг. Мөн тэндээс олдсон амьтдын чулуужсан араг яс Улаанбаатар хотын музей болон дэлхийд тарсан. Гэвч говийн элсэн доор нуусан асар их эртний эрдэнэс шавхагдахгүй, тэртээ 2006 онд АНУ-Монголын эрдэмтдийн баг зөвхөн нэг долоо хоногт ойролцоогоор 67 араг яс илрүүлэн гаргаж авчээ.

Улаанбаатар луу буцах замдаа бид Хархорум хотын туурь Хархорин сумыг үзэж сонирхов. Чингис хаант Монголын эзэнт гүрний нийслэл дэх анхны буддын шашны хийд юм. Эрдэнэзуу хийдийн хана өндөр цайз мэт сүрлэг харагдаж байлаа. Монголчууд Сталины үед сүм хийдээ хамгаалж чадаагүй. 1937 онд 62 ариун сүмээс зөвхөн дөрвийг үлдээж, бусдыг нь “цэвэрлэсэн”. Ер бусын үзэсгэлэнт Монгол орноор аялсан бидний аялал өндөрлөв” хэмээн бичжээ.

Монгол орны сайхныг магтан дуулсан энэ мэт олон мэдээлэл тус орны хэвлэлээр гарах болсон нь Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд ирэх гуравдугаар сард ХБНГУ-д айлчлах болсонтой холбоотой бололтой.

Германы Канцлер Ангела Меркель манай улсад албан ёсны айлчлал хийхдээ, Бидний хамтын ажиллагааны нэг чухал салбар бол яахын аргагүй боловсролын салбар бөгөөд энэ салбарт эртний уламжлалт түүхтэй. Энэ харилцааг бид хадгалах хэрэгтэй. Ашигт малтмалын салбарт мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн сургалт явуулах чиглэлээр  туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын хөгжилд бидний зүгээс хувь нэмрээ оруулж чадах зүйл бол сайн технологи, сайн боловсон хүчин юм” хэмээн хэлсэн билээ. Ямартай ч Герман орон манай уул уурхай, нүүдэлчдийн соёл ахуйд анхаарлаа хандуулаад эхэлжээ.