Энэ хотгор далайн түвшнээс дунджаар 1500-1600 орчим метр өргөгдсөн, зүүн хойноос баруун урагш 150 орчим км урт, 40 км орчим өргөн гонзгой дөрвөлжин хэлбэртэй, нийт 42.7 мянган га газар хамардаг байна. Дархадын хотгорын хойд хэсгээр Тагна Соёны нурууны өндөр уулс, зүүн өмнөд талаар Хорьдол Сарьдагийн нуруу түүний салбар уулс, Жиглэг, Жарын даваа, Дэлгэрхаан, Урандөш, Шилүүст зэрэг өндөр сүрлэг, шовх оргил бүхий уулс бий.
Баруун талаар Ивэд, Хармай, Мунгараг голын усны хагалбар, Хан тайга, Хөх тайга, Лам тайгын салбар уулсаар хүрээлэгдсэн, өмнө талаар Өл, Тоомын өндөр даваанууд сүндэрлэнэ. Дархадын хотгор нь манай уулсын хамгийн олон нууртай газар бөгөөд нийтдээ 150 гаруй том жижиг нуур тойром байдаг гэж үздэг. Эдгээр нууруудыг Багтага, Хөг, Гуна, Арсай, Шарга, Хогорго, Тэнгис, Шишгэд зэрэг олон арван голын ус тэтгэдэг байна.
Алдарт дархадын хотгор нь эрт дээр үед том далай байсан хэмээн нутгийн иргэд хууч домог болгон ярьсаар өнөөг хүрчээ. Хөвсгөл далайтай хүйн холбоотой урт өргөн нь яг ижил үзэсгэлэн төгөлдөр цэлийсэн том далай байсан хэмээн ярьдаг аж.
Өнөө Ренчинлхүмбэ сумын нутагт орших “Тэнгис”-ийн голыг Монголын нууц товчоонд “Бөртө чоно Гуа марал тэнгэс далайг гаталж ирээд” хэмээн гардаг “Тэнгис далай” мөн хэмээн үздэг байна. Хожмоо Дархадын цэнхэр хотгорт Чингис хаан буудлан дайн тулааныхаа алжаалыг тайлж байхдаа морио уяж байсан чулуун багана. Мөн түүний хөшөө хэмээн шүтсээр ирсэн хад зэрэг олон сонирхолтой зүйлс энэ нутагт байдаг.