Манай улс ирээдүйн хөгжлийнхөө үндсэн суурийг тавих гэж энэ үед дэлхийн мэдлэгтэй, монгол инженерийн ур ухаан эх оронд минь үгүйлэгдэж буйг хэн хүнгүй дор бүрнээ ярьцгаадаг. Тиймээс ч УИХ-ын дарга З.Энхболд шинжлэх ухаанч залуучуудад зориулан “Залуу техникчдийн ордон”-г дахин сэргээх ажлыг 2012 онд санаачилж байсан гэдэг. Мөн тэрээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Улс орныг инженерүүд нь авч явдаг гэдэгт би хатуу итгэлтэй байдаг. Яагаад гэвэл инженерийн боловсролдоо анхаарлаа хандуулсан улс хөгжиж байна. Өнөөдөр нийгэмд хэн үнэлэгдээд байна зохиолчид, бөхчүүд, дуучид их үнэлэгддэг, нөгөө инженерүүд хаана байна. Бид инженерүүдээ дээш нь гаргаж ирэхгүй бол улсын хөгжил явахгүй” хэмээн ярьсан байдаг. Бид “Герман” гэсэн үгийг сонсохоороо хамгийн түрүүнд хурд хүч, чанараараа дэлхийд гайхагддаг “Мерседес”, “BMW” загварын авто машинууд санаанд ордог. Инженерүүдээ хамгийн сайн бэлтгэдэг өндөр хөгжилтэй орнуудын нэгдүгээрт яах аргагүй багтдаг улс бол Герман. Тийм ч учраас тус улсын инженерүүдийн мэдлэг, ур чадвар дэлхийд гайхагддаг юм. Гэтэл манай улс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдадаа инженерийн боловсрол олгоогүйн улмаас өнөөдөр онгоц яаж нисдэг, гар утас ямар системээр ажилдагийг мэдэхгүй байна. МҮОНТ-ийн зохион байгуулдаг “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт оролцож буй хүүхдүүийн ихэнх нь айраг бүлэх, хог хамдаг хамуур гэх мэт энгийн зүйлсийг сэтгэж орж ирдэг хэмээн хүмүүс багагүй шүүмжилдэг.
Дэлхий дахинд техник технологи асар хурдацтай хөгжиж буй мэдээлэл технологийн XXI зуунд өсвөр залуу үеийнхээ хүүхдүүдэд багаас нь техникийн боловсрол, мэдлэг олгох үүднээс Ерөнхий боловсролын сургуулиудад техникийн лаборатори байгуулах. Мөн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хэсэг залуус “Залуу зохион бүтээгч” клуб байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна. Тус клуб “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-тай хамтран тус “Эмбэдэд” системийн лабораторт туршилтын журмаар өсвөр насны хүүхдүүдэд инженерийн боловсрол олгож эхлээд байгаа аж.
Дугуйлангаар электроникийн болон компьютер програмчлалын үндэс, Raspberry Pi төхөөрөмж дээр суурьласан жижиг төслүүд хийх тухай зааж байсан юм. Дугуйланд хамрагдаж байгаа сурагчид ямар их авхаалжтай, сэтгэн бодож бүтээх эрмэлзэл, авъяас чадвар дүүрэн байгааг дугуйланг зохион байгуулагчид бахархан ярьж байлаа. Мөн эцэг эхчүүд, сургуулиуд, багш нар хүүхдүүдээс ч дутахгүй ихэд сонирхон тус дугуйланг дэлгэрүүлэх, өөрсдийн сургууль, гэрийн ойролцоо “Залуу зохион бүтээгч” лаборатортой болох боломжийг асууж, сурч байгаа аж. Иймд тус клуб сургуулиуд дээр, аймаг, сумын төв, дүүрэг бүрт “Залуу зохион бүтээгч” төв байгуулах санаачлагыг бизнесийн болон төр, захиргааны байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байсныг энд дурьдах нь зүйтэй болов уу.
Дашрамд сонирхуулахад “Залуу зохион бүтээгч дугуйлангийн ээлжит хичээл энэ сарын 14-ний өдрөөс эхлэх бол дараагийн шатны сургалтуудыг 3, 4 дүгээр сард үргэлжлүүлэхээр төлөвлөгөөтэй байна. Нэг ээлжийн сургалт дунджаар 40.000 – 50.000 төгрөгийн төлбөртэй байх ба энэ нь сурагчдын зохион бүтээх төсөлд ашиглагдах материал, төхөөрөмж худалдан авахад зориулагдах аж. Харилцах хаяг: 33BClub@gmail.com,www.facebook.com/zzbkids, утас 9931-0123