Монгол залуу түрүүллээ

 

Японы үндэсний Ябусамэ хэмээх давхиж яваа морин дээрээс нум сумаар харваж цэц мэргэн, хурд хүчээ сорьдог тэмцээнд анх удаа монгол залуу хувийн төрөлд түрүүлжээ. 2007 оноос уламжлал болон зохион байгуулж буй тус тэмцээн өнгөрсөн даваа гаригт Аомори хотод болсон бөгөөд Япон, Америк, Австрали, Герман, Монгол, Өмнөд Солонгосын нийт 28 тамирчин өрсөлдсөн байна. Тэднээс Батжаргалын Болдбаатар хэмээх залуу Кагуяа нэртэй япон морь унан 160 оноотойгоор тэргүүлсэн нь монгол хүн түрүүлсэн анхны тохиолдол  болжээ. Сонирхуулахад, өрсөлдөгчид үндэсний уран хээ, хатгамалтай өнгөлөг хувцасаар гоёцгоосон байжээ. Хүмүүсийн сонирхлыг хамгийн их татсан нь дундад зууны морьтон баатрын өмсгөлөөр гоёсон Германы тамирчин, мөн морь унасан баатрыг дүрсэлсэн нөмрөг зүүсэн Монголын тамирчин байсан гэнэ.