Monreve tour operator компаний захирал Ариунболд: Аялал жуулчлалын салбарт орхиж болохгүй том хэсэг бол дотоодын аялал жуулчлал. Гадаадын хүн харахаар л сүнсээ өгөхөөс буцахгүй үйлчилдэг, тэдгээрээр л аялал жуулчлалын салбарыг төсөөлдөг үе одоо өнгөрч. Энд миний бие дотоодын аялал жуулчлалын тухай ойлголтыг өгөх бус харин одоогийн нөхцөл байдалд уялдан хэрхэн энэ урсгалыг хурдастай хөгжүүлэх боломж бийг эрэлхийллээ.
Гадагш чиглэсэн аялал /outbound/ зохион байгуулдаг тур оператор байгууллагууд олширч байгаа нь гадагш чиглэсэн аяллаар явахыг сонирхсон Монголчуудын тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Бараг л телевиз бүхнээр гадаад, дотоодын аяллуудын гоё сайхан бичлэгүүд ар араасаа гараад байгаа болохоор арга ч үгүй биз.
За мэдээж энэ асуудал байж болох асуудал хэдий боловч бид дотоодын аялал жуулчлалаа гадагшаа чиглэсэн аялалтайгаа энэ тэнцүү ядаж авч явахгүй бол Эрээний зах руу мөнгөө гаргаж байгаа наймаачидтай адил болон хувирч улмаар өөрсөддөө ашигтай байх эдийн засгийн таатай нөхцөл нь сөрөг асуудал болон хувирч болзошгүй.
Иймд бидэнд дотоодын аялалдаа хэрхэн анхаарч эхлэх вэ? яаж хийх вэ? хаашаа аялуулах вэ? хэзээ аялуулах вэ? хэд хоног аялуулах вэ? хэн үйлчлэх вэ? юу үзүүлэх вэ? ямар үнэ хөлс тогтоох вэ? ямар аяллын бүтээгдэхүүн байж болох вэ? сурталчилгааг хэрхэн хийх вэ? гэх мэт тоймгүй олон асуултуудад хариулах зайлшгүй шаардлага тулгарна. Дээрх асуултуудад хариулж чадах аваас сая нэг дотоодын аялал жуулчлал эрхлэх суурь тавигдана.
Бид дотоодын аялал гэхээр хамгийн эхэнд Богд уул руу явган аялал, Тэрэлж руу аялах найз нөхөд, гэр бүлийн аялал, Дорноговийн Хамарын хийд орчмыг үзэх аялал, Хархорин, Улаанцутгалан, Өгий нуур үзэх аялал, Хөвсгөл орох аяллууд төсөөлөгдөх бөгөөд одоогоор дотоодын аялал хийдэг түгээмэл замнал болоод байгаа. Эдгээр газруудад яригддаг нэг сэдэв нөгөө л байгальд хаясан хог хаягдал, үйлчилгээний байгууллагуудын шавааралдсан байрлал байсаар байна.
Тэгвэл шинээр гарч ирж буй байгууллагуудын хувьд дотоодын аялал жуулчлалын зах зээлд ороход асар өргөн боломж ойрмогхон хугацаанд байсаар байна. (Өрсөлдөгч байгууллага цөөн)
Эхний ээлжинд бид байгууллагаа биш жуулчдаа бэлдэх нь зүйтэй гэж миний бие үзэж байна. Гараг студийн Г.Бадамсамбуу сэтгүүлчийн нэвтрүүлэг хэдийнээ олны танил болсон төдийгүй нэвтрүүлгээр үзсэн газраараа аялсан, аялахыг хүсэмжлэгсдийн тоо олширсоор байгааг уулзсан, ярилцсан хүмүүсийн амнаас бишгүй сонсож байлаа. Иймд бид эхлээд өөрсдөө аялж (allocentric хэв маягийн жуулчин-үүргэвчтэй аялагч: олны танил болоогүй, аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтэц төдий л хөгжөөгүй газраар аялж үзэх) бусаддаа тэр газрынхаа сонин сайхан, аялсан сэтгэл хөдөлгөм тэмдэглэлээ хуваалцсанаар дотоодын аялагчдаа сая бэлтгэж эхэлнэ гэсэн үг. Зардлын хямдыг бодож өөрсдөө хувиараа аялах нь түгээмэл ч үзсэн газрын түүх, соёлын, байгалийн тогтоцыг бүрэн тайлбарлах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах мэргэшсэн байгууллага дутагддаг. Энэ асуудлаасаа болж аяллаа өөрчлөх, хойш тавих нь олонтаа.
Дараагийн алхам бол мэргэшсэн дотоодын аяллын байгууллагуудаар харилцан тохиролцож үйлчлүүлэх явдал. Хэдийгээр зардал мөнгө бодсоноос ахиу гарах нь ойлгомжтой ч олон асуудлыг өөрөөсөө холдуулж байгууллагад даатгаснаар зөвхөн хувийн, багийн бэлтгэлдээ л анхаарах сайхан боломж бий болно. Өнөө хэр нь очиж амжихгүй байгаа тэр алс холын аймгуудад аялахад хувиараа аялснаас байгууллагаараа аялсан нь бараг зардлын хувьд ялгаагүй харагдаж байгаа нь бидний хэсэг нөхдийн хийж ирсэн хэдэн аяллаас тод харагдлаа. Тухайлбал Хагийн хар нуур чиглэлийн явган аялал, Алтай таван богд уулсын ойр орчмоор аялах уулын болон явган аялал зэрэг нь баталж байна. Бид Ганхүү, Алтайгийн “Үүргэвчтэй аялал”, Амайгийн “Монгол бадарчин аялал”, UBS-ийн Америк орноор гэх мэт олон сайхан аяллын нэвтрүүлэг, мэдээллүүдээс харь улсын сайхныг биширч суусаар.
Залуучууд нь өөрсөддөө, эцэг эхчүүд нь үр хүүхэддээ ААВЫН БУЙД ГАЗАР ҮЗ гэгчээр сайхан муухай тэр зүйлийг, өөрийн биеэр явж үзэж, ойлгох боломжийг олгооч хэмээн уриалах байна. Эцэст нь хэлэхэд ХЭРВЭЭ гадаадын жуулчдын тоо багасах аваас тэр зочид буудал, жуулчны бааз, ресторан, музей, тур операторууд, тээврийн үйлчилгээний байгууллагууд яах вэ гэсэн асуулт өөрсдөөсөө эрж л таараа. Тэр цагт өөр нэг сонголт нь ДОТООДЫН ЖУУЛЧИД эргэлзээгүй байх болно.