Сайжруулсан шахмал түлшний бүрэн автоматжсан үйлдвэр ашиглалтад орлоо

Төв аймгийн Сэргэлэн суманд нийслэлийн шахмал түлшнний хэрэгцээний тал хувийг дангаараа хангах, жилд 300 мянган тонн антрацитын утаагүй шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо. Улаанбаатар хотоос 42 км зайд орших тус үйлдвэрийг "Дэрст тохой" ХХК өөрийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нээжээ. Энэхүү шахмал түлшний үйлдвэрийн нээлтэд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, Уул уурхайн Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, “Дэрст тохой” ХХК-ийн захирал Г.Анар нар оролцов.

Нийслэлийн гэр хороололд жилд 600-700 мянган тонн сайжруулсан утаагүй шахмал түлшний хэрэгцээ бий. Энэ хэрэгцээний тал хувийг бүрэн автоматжсан энэ үйлдвэр дангаар нийлүүлэх боломжтой аж.

Засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос шахмал түлшний үйлдвэр эрхлэгчдэд газар болон дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч, тоног төхөөрөмжүүдийг нь гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлж, борлуулалтад бодлогын дэмжлэг үзүүлж байгаа билээ.

Өмнө нь шахмал түлшний хоёр үйлдвэр барихаар төрөөс хөрөнгө оруулсан ч өнөөг хүртэл ашиглалтад орж чадаагүй байна. Иймд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын дэргэд харъяалагдан ажилласан хугацаанд төрөөс хөрөнгө зарцуулж үйлдвэр барих биш оновчтой тогтолцоо, зах зээлийн зөв механизм бүрдүүлэх замаар хувийн хэвшлээ дэмжихийг  чухалчилжээ.

Энэ зарчмаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн үйлдвэр бариулж байгаагийн эхнийх нь ийнхүү ашиглалтад орсон байна. Ирэх онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт шахмал түлшний хоёр үйлдвэр нэмж үүдээ нээх аж. Эдгээр үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор нийслэлийн гэр хорооллыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангах боломж бүрдэх юм байна. 2015-2016 оны халаалтын улиралд түүхий нүүрсний хэрэглээг хориглох чиглэл барьж байна гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт онцлов.

“Бүрэн шаталттай, илчлэг өндөртэй энэ түлшний 2.5 тонн нь Багануурын 4 тонн нүүрстэй дүйцэх болно. Нэг тонн түүхий нүүрсний дундаж ханш нийслэлд 130.000 төгрөг байгаа бол манай сайжруулсан түлш 125.000 төгрөг. Иймд өрхийн зардалд ч хэмнэлттэй” гэж үйлдвэрийн захирал Г.Анар хэлэв.

Нийслэлчүүдийн хэрэглэж хэвшсэн Алагтолгой, Налайхын нүүрстэй тус үйлдвэрийн шахмал түлшийг харьцуулахад дулаан ялгаруулалт ижил түвшинд, утааны гарц хоёр дахин бага болох нь олон удаагийн туршилтаар батлагдсан байна.

Ямар ч төрлийн зууханд шатаахад амархан асдаг, дулаанаа удаан барьдаг, бутарч хогшихгүй гээд олон давуу талтай сайжруулсан шахмал түлшийг энгийн нүүрсний адилаар 25-30 кг-аар шуудайлан нийслэлийн гэр хороололд жижиглэнгээр борлуулах ажээ.