Энэхүү ёслолын ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрээр "Бидний өвөг дээдэс ХХ зууны эхэнд язгуурын ёсоо эрхэмлэн, туурга тусгаар Монгол Улсаа сэргээн мандуулж, төр улсаа зохион байгуулж, улс гэрээ өөрсдөө захиран удирдах түүхэн үе эхэлж, 1912 оны 8 сараас Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн Ерөнхий сайдын албанд тохоон томилсон билээ. Тэрээр 1913-1914 оны заагт Оросын эзэнт улсад айлчилж, төрийн тогтолцоо, зохион байгуулалттай танилцаж, дэвшилтэт олон зүйлийг улс орондоо хэрэгжүүлэхийг зорьсон байдаг.
Түүний нэг нь Монгол улсад анх удаагаа Улсын Дээд, Доод хурлыг байгуулах санал гаргаж, Богд хаан зөвшөөрснөөр 1914 онд Улсын Дээд хурал байгуулагдаж, Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн Улсын Дээд хурлын даргаар ажилласан байна. Энэхүү Улсын Дээд, Доод хурал нь Монгол Улсын парламентат ёсны эхлэл байсан бөгөөд улсын хэргийг хоёр шаттайгаар хэлэлцэж, санал оруулж, эзэн хаанаараа баталгаажуулж, төрийн хэргийг хөтлөн явуулж байжээ. Өнөөдөр та бид Улсын Дээд хурлын дарга, Сайн ноён хан Намнансүрэнгийн Монголын парламентат ёсыг хөгжүүлэх, ардчиллын зарчмыг төрийн үйл ажиллагаанд оруулж байсан түүхэн гавьяаг нь хүндэтгэн түүний хөргийг Монгол Улсын Төрийн ордонд залж байна” гэлээ.
Уг хөргийг доктор С.Чулууны ОХУ-ын Санкт-Петербург хотын гэрэл зураг, кино, дуу дүрсний архиваас шинээр хуулбарлан авч ирсэн, Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн Оросын эзэнт улсад айлчилж, эзэн хаантай уулзах үедээ авахуулсан төрийн ёслолын хувцас бүхий ховор нандин зураг зураг юм. Мөн энэ зураг анх удаагаа хэвлэн нийтлэгдэж байгаа нь энэ аж.